Цаг үеийн мэдээ

1
Олхонудын их дархан Балжирийн гайхшийг барсан учир явдал ийн ажээ. 1950-иад он, хаврын адаг сар гарч, Хүрэн голын адаг хар саараг, бор садаргаар таана, хөмүүл хөхөртөөд, хөх униараас хүртэл үнэр нь сэнгэнэх цагаар Баян сумын1 “Говийн гэрэл” нэгдлийн сангийн да нярав Пүг хэмээх Санжив түлхүүрийг нь гээчихсэн цоож дарханд авчирчээ.
- Хэр баргийн цоожийг уул нь нэг муу юм түлхчихээд л байдаг юм. Монхооног гайхлын энэ цоожыг л бүр ядчихлаа. Дархан хүн бурхан ухаантай гэж... Ай бас, хэцүү еэ. Эрхбиш эгэлгүй дархан Та л нэг учрыг нь олж дөнгөх буй за гэжээ.
Энэ мэт муу цоож цуурга төдийхөнтэй зууралдахыг бүүр тэвчиж чаддаггүй Балжир дархан энэ удаад Урианханы дархан Монхооногийн2 нэрийг сонсоод сонь нь босож, цоожыг авч тоомжиргүйхэн эргүүлж тойруулж үзэв. Байдаг л нэг цоож, гагцхүү хүхээгний ам, хуг хоёр нь гүн, төмөр нь гөлийсэн хөхөлбий өнгөтэй аж.
- Тэр гайхал юу л хийгээ бол доо. Хүний сэдээгүйг сэддэг айхтар хэцүү хүн шүү. Одоо даанчиг тэднийд хүрэхэд хол, Алтай давах болно хэмээн Пүг Санжив үглээд, гаансны толгойгоо тамхины түнхэгтээ шургуулаад нухаж сууна.
Балжир дархан хясааны шилд байсан нарийн үзүүртэй цоолтуур авч, хугынх нь нүхрүү шургуулж, өргөснийх нь үзүүрт хүргээд, гөжсөнөө огцом сугалж, чихэндээ ойртуулсанд, яг энэ Пүг Санживт таарсан мэт пүг хийсэн бүгдхээн чимээ сонсогдов. Өргөс нь түгжээтэй аж. Тиймгүй бол харимхай гантай нимгэн төмөр өргөсний доргион жингэнэж сонсогдох учиртай. Цоожныхоо өргөсийг түгжиж хийх сөгөөтэй дархан энэ Шаргын говь, түүнийг тойрсон дөрвөн их уулсад л байхгүй юмдаг. Энэ Пүг нохой ч өргөс түгждэгийг хэрхэн мэдэх билээ гэх мэтийг эргэцүүлэв. Пүг Санжив,
- За, яаж байна. Тэр ч хүнээс этгээд л юм хийнэ дээ гээд хэрэгт дурлан, суудал дээрээ займчин дөхөв. Уруул дээрх хэдэн урт үс нь сөрвөгнөөд эвгүй харагдсанд Балжир дархан эгдүүцэж, жаахан ярвайсхийснээ,
- Түлхүүр нь ямаршуу хэв, хэлбэртэй байсан бол?
- Өө, байдаг л нэг түлхүүр, хоёр хашаатай. Үзүүр дээрээ харин нэг сэртэнтэй.
- Тэр сэртэнд чинь л учир бий дээ. Өргөс нь түгжээтэй юм. Тэр түгжээг гаргахгүйгээр цоож онгойхгүй.
- Хээ, тэгнэ вий. Яаа...аг мөн. Хараач тэр. Даанчиг болохгүй байсан юм. Би ч бас нэг муу цоож онгойлгохтойгоо л хүнсэн. Хмм. Күй тэгээд өргөсийг яаж түгждэг байна аа. Онгойсон үед салбарыг нь үзэхнээ, зүгээр л байдаг юм.
- Салбар дээрээ юу гэж түгжээ нь байхав. Хүхээг дотроо байгаа.
- Айхтар улаан лүд шүү...
- За юутай ч та үлдээчихээд яв. Би хоёр гурав хоногоос оролдоё. Өнөөдөө завдалгүй сууна.
Пүг хормой хотоороо нэг хөглөрүүлсэн тамхины хог, үнсээ хясааных нь адаг руу сэгсэрсээр босож, гарч одов. Балжир дархан хуучин Урианхай Дайчин бээсийн хошуу3, эдгээх цагийнхаар бол Биж-Алтайн4 Монхооног дархан гэгчийн тухай нэг бус сонсож байсан билээ.
Хоёр жилийн өмнө Өгөөмөрийн Суман панз их л ууртай буужээ. Цагийн аясыг дагуулж, төрийн сүлдэнд байдаг таван хошуу малыг давхихыг нь давхиулж, алхахыг нь алхуулан байж, уултай, устай, үүлтэй, нартай нь хамт хуй тойруулан товойлгон цохисон сайн тохой хэт хутга дархлуулж авсан юм. Зөвхөн хуйнд нь л долоон лан5 мөнгө орсон, хэт бэл, наймаар дарсан усан гинжтэйгээ бол талийна. Гэтэл тэр хутгийг нь авчраад хормой дээр нь чулуудчихав.
- Хар чи, энийгээ. Миний хоёр сайхан шар, бас хоёр сайхан шар халзан зуутыг минь чи ийм юм болгочихсон байж гэж агсамнах аястай ханхалзжээ.
Хутгыг хуйнаас нь сугалж үзвэл ирийг нь халз дараад гуранзадчихсан мэт мөлийтөл тэгшлээд хаячихсан байх юм. Хурууныхаа өндгөөр хүрч үзвэл гуранзны ор биш харин айхавтар хурц иртэй зүйлээр зорж орхисон мэт гэлтийнэ. Юу болсныг Суман Панзаар яриулаад цочих шиг болжээ.
Өгөөмөрийн адагт Далхаа баяныд хэдэн улс цуглачихсан, Панзын хэт хутгийг гар дамнуулан үзэж, наймаа хэлцээд сууж байх үед явуулын бололтой зүс үл мэдэх хижээл эр орж иржээ. Панзууд голдуу цугласан тул царай дорой, хувцас гандуу явуул эрийг төдийлөн анзаарсангүй, мэнд төдийд өнгөрөөгөөд, өнөөх хутгаа гайхан шогширцгоож, үнэ оноож, хийц урыг нь бахдан байжээ. Шаргын голын Үйзэн Шагдар овоо үнэ хэлж, ер наймаа тохирох дээрээ тулаад сууж байтал өнөөх явуул эр тулганы адгаас өндийж,
- Аль, би нэг үзээд орхие гэхүй, - Суман Панз яахав хөөрхий, алс газрын юм, сайхан эд харж, бас барьж ч нэг үзэг гээд гар дамжуулан тулганы адаг руу явуулжээ. Тэгэхдээ – Манай Олхонудын их дархан Балжирийн хийц дээ хэмээн бахдангуй өгүүлээд, - Энүүхэн урд Хүрэн голын хүн дээ гэж нэмсэн байна.
Явуул эр хэт хутгийг авсан авч, гөлийсөн хар булигааран бүрээсэн дээр тодоос тод ялгарах мал амьтад, уул, үүлийн уран сайхан хийц дээр харц нь ер тогтож ажирсан шинжгүй эргүүлж тойруулж суув гэнэ. Хэн нэг нь,
- Хийц ч гэж хийц шүү. Манай Балжир дарханы хийц ч онцгой, онцгой гэхэд тулганаас дээгүүр суусан бусад нь ам амандаа гүвтнэлдэн, хүч нэмжээ.
Өнөөх үдээр шиг хөх эр тэдний сайрхуу занг үл мэдсэн аятай, хутгыг хуйнаас нь сугалан, ирэнд нь хурууны өндгөө хүргэж нэг үзсэнээ баруун хөлөө үл ялиг урагш нь жийж, бор эсгий гутлын түрийнээсээ жижигхээн эвхдэг цагаан тонгорог гаргаж иржээ. Тэгээд түүнээ дэлгэж, ир рүү нь нэг үлээснээ өнөөх хэт хутгынх нь торгон ирийг дагуулан яг л мод зорж буй мэт ганцхан шувтарч орхив. Панз тэргүүтэй хэд хэдэн хүн дуу алдан өндөсхийж, хайя, хүүе болох зуур тулганы зах руу эвхэрсэн цагаан зоргодос өнхрөн унаж байлаа.
- Хээ цэс, ямар юмных нь хутга байхав гэж өнөөх үдээрэн царайт бувтнаад, хутгыг нь буцаан барив.
Аваад үзэхүл мөчийн өмнө шагширцгааж байсан хутганых нь торгон ир яг л илүүрийн шил шиг мөлийгөөд, өргөн мөр гарчихсан байсанд бүгдээр хэсэгтээ дуу ч гаргаж чадсангүй, явуул эрийг гараад явчихсаныг ч мэдэлгүй алмайрцгаасан байна.
Балжир дархан үүнийг сонсоод, миний хатаалтыг нугалж давсан хатаалттай хүн хэн байх билээ хэмээн эргэцүүлж, тэр явуул хэн болохыг мэдэхээр үүгээр түүгээр сураг тавьтал Биж-Алтайн Монхооног дархан тэмээ хайж, Өгөөмөр, Толь, Тунгалагаар6 шогшиж явсан байж таарав. Аанхн, тийм бий хэмээн тэр зуурт Балжир дархан дотроо нэгийг санаад, харин Суман Панзтай нэгэнт цохиод хүртэж орхисон нэг шарнаас нь болж, наймаа буцаах гэж хөөрхөн хэл ам зөрөөд авсан байна.
Түүнээс өмнө Алтайн өврийн Монхооног гэгчийн хийсэн дээс томдог туйван, нэг дор дөрвөн өлөн зэрэг шувтарч цэвэрлээд, мээтрлээд, эвхээд гаргадаг хэгээс, цай уух зуурт арцны хожуулаар тосолчихсон юм шиг гөлийсөн сампингийн эрх зорчихдог машаан гэх мэт зүйлсийг сонсож байсан ч хүний урманд тоож байсангүй. Хүсэх аваас тэр мэтхэнийг өлхөөн хийчихнэ л гэж боджээ. Ер нь ч хийчихнэ. Гэхдээ ийм ажил нь тогоо шанага цоолдохтой адил энгийн мэт сэтгэгдэж, жижиг дархчуулын л хийх ажилд тооцох бөлгөө. Тийм зүйлтэй зууралдана гэдэг цаг хайран, хайран, тэгснээс зүгээр дээлийн товч хээлж хэвтсэн нь өлзийтэй.
Пүг Санживыг гэрийнх нь гаднаас мордон гэмц Балжир дархан өнөөх хөхөлбий гөлгөр төмөр цоожыг тэсэлгүй бариад авчээ. Гэвч гурван хоног өнгөрсөн ч цоожыг онгойлгож эс чадав. Нойргүй, хоолгүй улайран ноцолдсоноос, нүд нь улайж, хамар нь шуухитнаж, хүзүү, нуруу нь хөшиж, гар хуруу нь салгалав. Эхнэр нь халаглав. Дөрөв дэх хоног дээрээ онгойлгож эс чадаад, цоожыг гагнаасаар нь задалж үзэхээр халуун зун эхэлж байхад хясаагаа7 галлав. Ганцаараа дийлэхээ байгаад, тав дахь хоног дээрээ ичиж нэрэлхэхээ ч мартан, саахалтын хархүүгээрээ хамжуулж, хоёр сэрхэн хөөргөөр8 ээлж сөгөөгүй хөөрөгдөн, хясаагаа хайлуулчих шахсаны эцэст, тав дахь хоногтоо гагнуурыг нь чүү салгажээ. Ийм айхтар бэрх гагнууртай Балжир дархан урьд өмнө таарч байсангүй. Гагнуурын гадарга мэлтэгнэж, тунарсан атлаа л салж өгөхгүй байлаа. Хаа байгаа Хангайгаас хэрэг зардал болгон авчирсан хамаг хусных нь нүүрс шавхарч, Мааньтын битүү ууранд дутуу жигнэж гаргасан нүүрсний үлдэл дуусах шахжээ.
Суганых нь булчирхай цочроод гараа хөдөлгөж чадахаа байсан саахалт залуу бушуухан зугтаах түйс болов. Тэгээд цоожыг гагнаасаар нь салгаж, өргөсний түгжээний учрыг нь тайлж чадсан ч эргүүлээд эвлүүлээд гагнаж чадсангүй, өнөөх хөхөлбий гөлгөр төмөр дээр Балжир дархны мэдэх ямар ч гагнуур эс гүйв. Ямар ч байван эс халдав. Тийн ухнатаж байтал арав дахь хоногтоо Пүг Санжив шогшоод иржээ.
Үнэнд гүйцэгдэн, хулхи нь буусан Балжир дархан үнэнээ өчиж, гурван түлхүүрээр онгойдог шинэ цоож үнэ хөлс гэхгүйгээр хийж өгөе гэв.
- Дээд дархан таныг л мухардуулж байхыг бодоход тэр Монхооног гэгч их нохой болтойдог оо. Мэдэх хүмсийг хэлцэх нь Хөвчийн савдагтай хүйс наймаалж, Алаг нуурын эзэнтэй амь насаа барьцаалж байж дарх заалгасан юм гэдэг. Магад ч үгүй. Ер аюулын чөтгөр шиг байгаа юм гэж Пүгийг толгой сэгсрэхэд
- За, амаргүй цаг даа, Пүг минь. Ийм илбэ, жатга, лус савдаг ярьж яваад дээлээ нөмөрчихөв. Чи ч амаа бөхөлж яв, би ч санаж явьяа гэж сануулах, занахын завсарт хэлжээ.
Үнэхээр л тэр үед чөтгөр шулам, савдаг тийрэн байтугай бурхан шүтээн ярьсан хүнийг шар пийдаалийн мухар сүсэг түгээж, нам засгийн бодлого эсэргүүцэж, ард түмнийг мунхруулав хэмээн заан чичилж, даварвал аймгийн шоронд аваачаад хатсан гүзээ зулгаалгуулж, хар мод хөрөөдүүлж, хар үсийг нь үгтээлгэж, хамаг үйлийг нь гүйцээх энүүхэнд байв.
Дархныг далдуураа чухам юуг хүсээд, өгүүлээд буйг гадарласан Пүг Санжив олон үг хэлсэнгүй, намраас ирж гурван түлхүүртэй шинэ цоожоо авахаар болоод сэтгэл тэнэгэр буцжээ. Балжир дархан хэд хоног амарч сэнхрээд, нэг өглөө түнтгэр богц ганзагалан хөтөлгөө морьтой мордов.
Хориод жилийн тэртээ Их дархан Өрөлбө Цомбо9 багш нь
- За, Балжир минь. Чамд би хамаг чадах мэдэхээ зааж шавхав. Миний чамд заасан бүхэн бол дархан хүн дархан хүндээ зааж, өвлүүлж болдог дархны бүхий л эрдэм юм. Үүнээс цаашхийг чадашгүй нь гэхэд, цаана нь бас юм үлдчихжээ гэж сэжиглэсэн Балжир,
- Багш минь, Таны үзүүлж зааснаас чинад бас ямар эрдэм байх билээ. Үүнээс цааш зааж сургаж болдоггүй, өвлүүлж болдоггүй ямар эрдэм байдаг вэ? гэж асуужээ. Ийн асууж суухдаа залуу Балжирт ер сурахгүй хийгээд чадахгүй зүйл үгүй мэт санагдаж, хорхой нь гозолзоод, хөх инээд нь хүрч байв.
- Байна аа, байлгүй яахав - гэж Өрөлбө дархан шивнэх мэт өгүүлээд, - Дархан хүнд ил гурав, далд нэг ур эрдэм гэж буй. Ил гурав нь Нүдний ур, Гарын ур, Ухааны ур буюу. Чамд энэ гурван ур эрдэм аль аль нь буй. Чамлахааргүй шүү. Харин далд нэг эрдэм гэж байдаг. Түүнийг Бурхан эрдэм гэлээ гээд Өрөлбө дархан мойног хар гараа салгануулан байж хавсран залбирав. Тэгээд - Чухам жинхэнэ дархан хүний эцсийн эрдэм л тэр нь юм гэнэ билээ. Би түүнийг чамд зааж яагаад ч чадашгүй гэв.
- Та намайг сурч дийлэшгүй хэмээн бодов уу? Эсвэл... та...?
- Хмм... Аль алинд нь буй за. Би тэр эрдмийг бүтэн дүүрэн гартааж эс чадах билээ. Дутуу ухсанаа хэрхэн заах. Чи ч бас заяагаар эс олдсонд бүү шуна. Чамд энэ миний зааж, үзүүлсэн хангалттай. Ойр хавь хэдэн хошуу хотол, сум аймагтаа, бас хэдэн үедээ чиний урд гишгэх уртан үгүй. Одоо болно, болно. Хэрэв заяа чинь байваас чи тэрхүү Буян заяа байваас Дархан хүний Бурхан эрдмийг үзэх цаг ирэх биз.
Багшийнх нь битүүлэг үгс Балжирийн аагархуу занг хатгаад ер болсонгүй.
- Багш минь, таны бүтэн дүүрэн гартааж чадаагүй гэх тэр эрдмийг хадгалсан дархан бий юу? Бий бол хаана вэ?
- Миний мэдэхээр хуучин Засагт ханы Тожоон дархан10 л байв даа. Түүнээс хойшхийг би дуулж сонссонгүй. Халхын хавтгайн хаа нэгтээд байдаг л биз. Өнөө эс гэхэд нэгэн цагт тодрох л биз ээ.
Үүнийг сонсоод Балжирийн урам хугарах шиг болжээ. Өдий хүртэл Тожоон дархан гэгчээс үлдсэн олигтой хийцтэй нэг ч аяга үгүй. Олны дунд түүний тухай хоржоонтой, элэгтэй цуу яриа л үлдсэн төдий.
- Аан, нөгөө Ардын засаг гардаг жил Арын хүрээнд11 ирсэн чийчаан тэргийг анх харчихаад, тойрч тойрч, үзэж үзэж, дөрвөн дугуйг нэг нэг өшиглөснөө, “Ахиухан төмөртэй бол энэ өнхөрдөг дөрвөн хар юмнаас бусдыг нь хийчих л юм байна” гэж шогширсон гэлцдэг өвгөн мөн үү? гэж асуув. Хоолойнх нь өнгөнд басангуй аяс байгааг өөрөө ч анзаарчээ.
- Мөн мөн.
- Бас Баруун ламд12 баахан орос ланжууны13 замаг хийж өгсөн гэдэг. Хормойлж ирээд өмнө нь шархийтэл асгасан гэлцдэг. Үнэн юм уу?
- Аль аль нь үнэн дээ. Гэхдээ Баруун ламд бол гурван хүний амин үнээр аргагүй шахаагаар хийж өгсөн юм даг.
- Харимхай ороомог төмрийг нь л хатааж, мушгиж чадвал винтовны замгийг ч хийчихэж болох л байх. Харин чийчаан тэрэг хийнэ гэдэг юу л бол...
- Тожоон дархан бол хийчихнэ ээ. Бэнзээн, тосных нь учрыг олж чадвал бусдыг нь өлхөөн чадна. Харин тэр өнхөрдөг дугуйных нь рэзээн л амаргүй гэдэг нь үнэн.
- Шил толь, жийрэг хавчаар, гуурс гээд...
- За шиль толь ч гайгүй шүү, хаа ч гэж. Тожоон дархан Ховдын амбаны зарлигаар Хонгор толгойн14 элсээр нүднээс нь гал бадардаг, хөдлөхөд хайрс нь шажигнаж дуугараад гэрэл ойлгодог шил толин луу хийж өгсөн л юмдаг. Бороотойд хайрс бүхэн нь чийгтэж, ус дусагнаад, цээж нь хүрхэрдэг байсансан.
- Тэр дарханаас үлдэж хоцорсон гайгүй шиг хийцтэй ганц аяга, ядахад эмээлийн мөнгөн баавар ч сонсогдохгүй юм.
- Тийм ганган завхай юмыг тоож хийдэггүй хүн байсан юм аа...
- Ганган нандин юм хийж чаддаггүй байсан юм биш үү?
- Хммм. Чиний чадах ганган чамин хийц бол төгс дээд нь биш юм шүү дээ.
- Тэгвээс, багш аа, төгс дээд чамин хийц гэж юу билээ?
- Алив эрдэм төгсөрхөөрөө эргээд энгүүн болдог нь жам юм гэнэ билээ. Чухам тиймээс эглээс илүү ганган чамин гэж үгүй. Энэ эрдмийг газар тэнгэрт жишиж заадаг юм гэнэ билээ гэж сонссон төдий, би. Миний чамд зааж эс чадах учиг энд л бий.
Балжирийн чихэнд энэ үг огтоос торсонгүй, хоосон хуурай, хөгийн инээдтэй мэт санагджээ. Тэгээд өнөөх Тожоон дархны тухай сонсож байсан элдэв хөгтэй яриаг эргэн санаад,
- Олны ярих нь Тожоон дархан гуай баахан худал хөөрдөг хүн байсан шиг ээ..
- Олон яах вэ, ухаж чадахгүй зүйлдээ нэг аваас сүслэн мунхардаг, эс бол худлаа худлаа гэж цуурдаг л юм. Тожоон дархан эгэл олны дунд эгэл явсан тул өөрсөд шигээ л сэтгэж, өөрсдийнхөө чадах чадал, сэтгэх царааны хэрээр л тооцож, цэгнэж, тийгээд тийн ярьж буй хэрэг.
- Та бол итгэж байсан уу?
Балжир энэ хүртэл Өрөлбө багшдаа гүн бат итгэсээр ирсэн ажээ. Харин энэ удаад өвгөний яриа нэг л итгэмгүй, өөрийг нь хуурч, тохуурхаад байх шиг санагдсан байна. Багш нь ч залхсан янзтай гараараа гар гар гэж дохиод, нүдээ анин арагшаа налжээ. Тэр цагаас хойш Өрөлбө дархантай Балжир уулзсангүй, тэгээд ч өвгөн удаагүй юмдаг.
Харин энэ удаад тэр нэг муу зөрүүдээс зөрүүд хуруун чинээхэн цоож Өрөлбө Цомбо багшийнх нь “Төгсөрсөн эрдэм” гэх үгийг ой дурсамжийнх нь мартагдаж гээгдсэн аль нэгэн жалга хунхаас ухаж гаргаад, жинхэнэ дархан хүний өнөөх зааж, сургаж болдоггүй эрдэм гэгчийн тухайд нэгийг санагдуулж, хоёрыг бодогдуулж, хорхойг нь гозолзуулаад ер унтуулсангүй ажээ.
Төгрөгийн эхээр давж, шогшсоор Шар хоолойн эхэнд зусландаа гараад байсан Монхооног дархныхыг олж очив. Тэднийх зэрвэс харсан хүнд дархных гэхээргүй, ганц ханхийсан бургасан хар гэртэй. Дархны хясаа тэргүүт алив хэрэгсэл хийгээд нүүрс, ухлуур, их бага хөөрөг алин ч харагдсангүй, гагцхүү баруун хатавчинд нь ханын нүдэнд шургуулж орхисон хоёр сэрээт өрөлбө л хөх төмөр эрхшээсэн дархан айлыг илтгэх ганц эд болно. Тавь нэлээд ахиж яваа бололтой, улаан нүдэлсэн хатингар хөх хүн сууна. Арваад насны охин, хүү хоёр гарч орон гүйлдэнэ. Мэнд усаа мэдэлцээд, хуруун чинээ цоожинд нь хэрхэн бүдэрсэнээ ярин, учир явдлаа хэлэв. Тэгээд Цагаан мөрт Лам ахаас15 дээдэлсэн хив хадган дээр хоёр ширхэг бор халзан хорин тавтын дэвсгэрт тавиад
- Ах дархан таны эрдэм чадалд бишэрлээ. Өчүүхэн би өдий хүртэл өөрийгөө дархан хүний хийдэг бүхнийг чадна хэмээн эрэмшиж явжээ. Гэвч мэдэх чадах маань хязгаартайг таны ганц цоож надад ухуулав. Тархин дундуур татаад авах шиг боллоо. Өнөө танд шавь болж, дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэе хэмээнэ. Болгооно уу? гээд барив.
Монхооног харин хөдөлсөнгүй, гаансныхаа бохийг сэтгүүрдэн суусаар байлаа. Балжир дархан өвдөглөн ойртоод, улам тонгойн хадгаа нүүрэнд нь тулгах шахам дахин өргөв.
- За байз. Хойшоо түр суучих. Тэгээд ярилцая гэхүйд Балжир дархан шантарсангүй, хадаг юугаа өргөсөн хэвээр байв.
- Алт мөнгө амилуулдаг ар говийн цуутай Дархан Балжир гэж та ажээ. Харин би бол таны дэргэд өчүүхэн эгэл нэгэн, хөх төмөр нүдэхээс цаашгүй билээ. Юутай ч хоёул хоёр үг солие гээд ер хөдөлж өгсөнгүй.
Балжир дархан түр хойш суугаад, гэхдээ эгзэг таарвал хэзээ мөдгүй хадаг, төгрөгөө өргөхөд бэлхэн өвөр дээрээ тавив. Гэвч өнжиж хоноод ч Монхооног дархнаас ам алдуулж чадсангүй. “Би бол хөх төмрийн л хүн. Яахин чамд сургах билээ. Заах ч юу байх билээ” гээд хавьтуулсангүй.
Аргаа барсан Балжир дархан намар нүүж ирээд танайтай айл өвөлжие гэсэнд,
- Өвөл хайран биш бол бололгүй дээ. Өвөлд ганц нэг тогоо цойлдох л байх. Тэр үед миний дархыг хараад та юунд ирэвдээ хэмээн харамсахгүй аваас яая гэхэв гэсэн байна.

2
- Цөөвтөр тэмээтэй ачаа хөсөг ирж явна гэсэн эхнэрийнхээ үгийг Монхооног дархан сонссон шинжгүй өмнөх том хар тагшинд нь мэлтэлзэх цайны мандалд хөвөн эргэлдэн буй шаарыг гөлрөн суусаар байлаа.
Цайны мандалд тоонон дунгилгийн дүрс нэг тодрон, нэг бүдгэрэн үелнэ. Хэрвээ анзаарч чадваас дунгилгийн салхи аягатай цайны мандлаар дураар тийн наадах агаад, нөөлөг чухам хаашаа эргэж буйгаас шалтгаалан дархны өмнө тавиатай тагштай цайны толион үл мэдэг хуйлран гүвэлзээд, дүрсээ зоргоор өөрчлөн наадах ажээ. Хорвоогийн явдал гэгч тэрхүү тоонон дунгалгаар цалхийх салхин буюу, харин хүмүүний сэтгэл гэгч аяган дахь цайн мандал төдий ажээ. Хар хүнийхээ энэ мэт хачин аашинд дасал дадал болсон эхнэр галдаа хэдэн аргал шидэж, тогоо тавиад, цай үйв. Төдөлгүй гэрийн хаяанд хэвтсэн хөгшин халтар бөв бөв хуцаж, хөсгийн өөдөөс нэг хоёр гишгэснээ, залхсан аятай сүүлээ дэвсээд хэвтээд өгөв. Ачаа хөсөг ойрмогхон зогсож, түүрлэн шогшиж ирсэн хүн гэрийн гадаа ханхийтэл дөрөө мултлах хүртэл Монхооног аягатайгаа гөлийн ширтсээр байлаа.
- Хүн хар ирлээ, хөдлөөч чи хэмээн эхнэр нь тэсэлгүй часхийв. Сая л юу болж буйг анзаарсан аятай дээш харвал үүдээр хүрэн чисчүү дээлийн хормой сэвхийж, Балжир дархан орж ирж байлаа.
Зун хэлж байснаараа Алтайн ар говиос урт холын нүүдлээр зориод иржээ. Гаханчийн голынхон өвөлжөөлөөд удаагүй, цас уулсын оройгоос энгэр бэл рүү уруудаж байх цаг билээ. Балжир дархных Монхооног дархны хаяа дарах шахам бууж, цаана нь бага дөрвөн ханат бас барив. Тэр Балжир дархны хясааны гэр ажээ.
Ар Шаргын говийн алдар цуутай их дархан ирсэн сургаар төдөлгүй хол ойрынхны хөл хэсэгтээ л даржээ. Балжир дарханыд буусан хүмсийн ихэнх Монхооног дархныхаар ороод гарах агаад, тэр бүрд эхнэр нь түүртэнэ. Монхооног хаяанд нь ямар учиртай улс хэт алсаас хэрэг зориг болгон зүтгэж ирсэнд сэтгэл зовнисон, эсвэл догдолсон бүү хэл бүр огтоос мэдэж анзаарсан шинжгүй, улаанаа баагиулан, хааяа пар пар инээж, марзан дэмий юм хэлцэн, хүүхэд хөгшидтэй тоглож наадахаас хэтрэхгүй. Хоёр дархны гэргий нар харин үг, ааль сүрхий нийцэж, ижий ахай болох нь холгүй сүжирчээ.
Монхооног аанай л хааяа нэг хонинд явахаас хэтрэхгүй, ихэнхдээ толгойгоо салаавчлан тэнгэр мэлрэн хэвтчихдэг хэвээр. Нэг тэгээд хэвтээд авсан бол орлиоо тэмээ хэвтчихсэнээс ч долоон дор, хөдөлнөө л гэж байхгүй дээ. Харин говьд жавар буучихаас өмнө гэж яаран сандран зундаа энд тэндээс цуглуулж авсан хэдэн хадаасаа Гаханчийн голын хэвийн дэрсний захаар байх Алагнуурын хужир нунтаглаж цацсан бага зэрэг чийгтэй цагаан шороотой хонхорт аваачин улайтгаж, цатгалдуулан хөлбөрүүлсээр хориод гадас болгож авчээ. Балжир дархан төмөр шүүтүүлдэг энэ учрыг сайтар мэдэх тул төдий л сонирхсонгүй. Ингэж гаргаж авсан төмөр тугалга мэт зөөлөн болох төдгүй, хат авахдаа ч муу билээ. Ёстой л тогоо тулга цоолддог дархчуулын ажил болно.
Өвөл өнтэй орж, Алагнуур, Сухант, Хоёрт, Зөөлөн Сүүж16 хавь, бүр өвөр хаднаас хүртэл хүмүүс хөлхөх болж, тэдний хүслээр Балжир дархан алт мөнгөн ээмэг, бөгжхөн, мөнгөн хазаар, их сайндаа мөнгөн баавархан, хэт хутга төдийхэн нухсаар өвлийг үдэв. Харин хаана ч тэр эд мэдэх хүн хараад л “Балжир хийц” гэж шуудхан дуу алдах дунд гарын хоёр сайхан аяга хийжээ. Гэвч Монхооног түүний хийж буй зүйлсийг ер анхаарсан янзгүй, ядахад тэр хоёр ганган чамин хийцтэй аягыг нь хүртэл хүний урманд ирж өнгийж ч харсангүй. Иймэрхүү дэмий шахам нэгэн өвлийг салхинд тавьж тууж буйдаа Балжир дархан хааяа бухимдах авч, Монхооног дархны гарч орох, шээж баахыг нь хүртэл алдалгүй, уйгагүй тандсаар байжээ. Харин Монхооног дархан энэ өвөл ер юм хийж гавьсангүй, хоёр тогоо нөхөж, нэг гуулин шанаганы иш бөхөлж, нэг чонын хар хавхны хаа хадсан төдий. Бас нэг галын хайч, хоёр илүүр мэтхэнийг өнөөх шүүтүүлж авсан төмрөөрөө хийжээ. Тэр бүхнээс нь өнөөх хэн хүнд зааж болдоггүй дархан хүний бурхан ухаан цухуйж, бултайх юу ч байсангүй.
Орж гарах нутгийнхантай, бас ойр зуурт мордож, айл хунараар орох зууртаа Монхооног дархны тухай эв таарвал илүү юм олоод мэдчих санаатай, тойруу ч гэсэн ямар нэгнийг асуугаад амжина. Гэвч хүмүүс төдий л тоймтой зүйл хэлж чадахгүй ажээ. Ихэнхдээ үлгэр домог мэт үнэмшихэд бэрх.
Монхооногийг багад нь сураггүй алдаад удаж удаж хээрээс олж авсан юм гэнэ билээ гэж нэг нь ярив. Хээр хориод хоносон атлаа өлсөж цангасан, даарч бээрсэн, айж сандарсан зүйл огт үгүй, тоглоод сууж байсан гэнэ.
Бас багадаа нүүхэд их дургүй, нүүсэн хойно гэрийнхээ хуучин буурь руу оргож зугтаагаад болдоггүй хүүхэд байжээ. Учир нь тэр буудалдаа чулуу, модоор тун хачин сонин тоглоом хийгээд тавьчихсан, түүндээ хорогддог байсан гэнэ.
Лоом төмрийг салхин сэнс ашиглан голоор нь нэвт өрөмдөөд, түүнээ хатааж буу хийсэнд сум нь хол тусахгүй байжээ. Гэтэл намрын зайрмагтсан нуураас морио усалж яваад мөсний цоорхойгоор шахагдсан ус дээш олгойдохыг харж, духаа алгадчихаад, морио ч услалгүй гэртээ давхиж очоод, буундаа бянт татсан гэнэ. Тун сүрхий цэцтэй болсон тэр буу нь одоо Хөвчийн ард нэг хүн байдал бололтой.
Бас нэг далан нурууны кило17 хийсэн, бас л сүрхий цэцэн болсон гэлцэнэ. Давхар цэстэй, ард нь нэг туухай углачихаар 150 кило хүртэл татдаг гэх. Хоёр хүн бүдүүн шиндүү мөрөн дээрээ барьж, дундаас нь кило дүүжилж байгаад 150 кг-ийг киллэдэг гэх. Нэмэлт туухайнхаан жингийн ялгааг эхний цэснээсээ ялган нарийн тооцож чадвал хоёр цэстэй хийчихэд болохгүй ч юмгүй. Усан тээрмийн гол дээр ноос зулаад, ороогоод, чивчиртэл эргүүлээд, бараг л хүний оролцоогүй дарайсан эсгий хийгээд орхидог тээрэм шиг юм ч хийсэн гэнэ. Нэгдэл тэрийг зунаас л Баянголын адаг руу гаргаж хэрэглэдэг ажээ. За тэр ч яахав.
Харин орос каструулыг пааландсан гэдэг л... Түүнийг нь хот хүрээ газраас л хүн хийлгэж аваад явсан гэнэ. Хуучны хятад урчууд Усан Зүйлийн хүрээ, Хамбын хүрээний гол сүмийн дээвэр, хаялга, хажлагыг пааландсан луун хээтэй хавтангаар чимж хийсэн байдаг. Тэгэхээр бас огт чадамгүй ч биш ээ.
Тэр гагнуур хийх үед гэрт нь аль болох олон хүн бужигнаж, шуугилдаж байвал гагнуур нь сайн гүйдэг гэдэг үү?. Монхооног хясааны гэр гэж тусдаа гэр барьдаггүйн учир тэр байж. Харин ч эсрэгээрээ, хүн харыг бүгдийг нь хөөж гаргаж байгаад хясааныхаа гэрт ганцаар гагнуураа хийдэг Балжирт энэ их сэжигтэй санагджээ. Ердийн гагнуурыг тийн олонтой бужигнаж хийгээд, гагцхүү өнөөх салдаггүй хачин гагнуураа хүнээс нууц л хийдэг байж таарах нь. Тийн олонтой бужигнадаг нь нандин чухал гагнуураа нууцлах, төөрөгдүүлэх арга нь бололтой. Бас их нохой юм аа гэж боджээ.
Тийм атал нутгийн нэгэн их шинжээч Сиймэн Шагдар гэх хүн тийнхүү олон бужигнаж байх цагаар гагнуур нь сайн гүйдгийн учрыг “Танай гэр алсдаа хүнээр дүүрэх юм байна” гэж тайлсан юм гэнэ билээ гэв ээ. Хачирхалтай л юм. Гэвч одоодоо өргөмөл нэг, өөрийн нэг охинтой төдий, дүүрсэн ч юм алга шиг. Алс хэтдээ чухам яахыг хэн мэдлээ. Үнэн ч үү, худал ч уу. Харин Монхооногийн хүүхдүүдтэй наадаж тоглох нь бараг зөнөг залгаа юу гэлтэй. Заримдаа бүр хүүхэд аятай аяглана.
Нутгийн нэг өвгөн “Өө, чи цаадхаасаа юу ч сонсож чадахгүй дээ. Нэг юм хийхдээ түүндээ таарсан багажаа эхлээд хийчихдэг, тэгээд хэргээ бүтээсэн хойноо өнөөх багажаа эвдээд, хайлуулаад орхидог хүн чинь чамд юу л хэлж өгөх вэ дээ. Тэр ялмаа цаадах чинь баргийн юм халдаадаггүй Бар Дорлигийн сахиустай юм. Тэр сахиусаа нууна гэж жигтэйхэн. Арга ч үгүй, хоёр ч удаа аймагт очиж байцаагдсан" гэсэн байна. Ер нь нутгийнхан Монхооног дархнаа учиргүй сүжирдэггүй аж. Гагцхүү Алаг нуурын хаяа сахидаг эрхи эгэлдэргэлсэн мөнжгөр толгойтой Бүлүүн гэх чавганц л "Сэтгэлийн цөв арилаагүй хүнд нарийн учиг заах ёсон үгүй. Дээд дархан хутагтын суудалтай гэдэг юмсан уг нь" гэж нэг учир битүүлэг халаглаад авчээ.
Монхооногийн ар гэрийн амьдрал өөрийнхтэй нь харьцуулахад ядуу тарчиг талдаа. Өдөр хоногоо аргацаах төдий. Гэвч Монхооног дархны байр байдал түүндээ ер санаа сэтгэл зовниж буй янз ёстой өчүүхэн ч үгүй. Тэр байтугай ойр зуурын тэр дарх, цоолдлоготоо бусдаас хөлс шан авч буй нь ч үзэгдэж харагдсангүй.
Олхонудын их дархан Балжир ийм нэг учир битүүлэг хүнийг сахиж өвөлжчихөөд, баахан урамгүй болж, хавар ногоо цухуйж, малын хөл алсын аян даахуйц чангарах цагаар буцаж нүүхээр шийдэв. Ер энэ Монхооногийн тухай яриа бүхэн өнөөх Тожоон дархны тухай худал хоосон цуу тарсантай адил ч байж мэднэ хэмээн бодогдоход хүрэв. Тэгэхдээ эцсийн удаагаа Монхооног дархныг тоншиж үзжээ. Орой хоолоо идэж байхад нь ороод, сарын турш бодон бодон, зурж, тооцож, сэмхэн туршиж байж хийсэн төмөр дэвхрэгээ гаргаж алган дээрээ тавиад,
- Дархантаан, би нэг ийм юм хийлээ, та сонирхох уу гэв.
Монхооног цахдан гэдийж, дэвхэргийг сүрхий хараад, нэгийг бодов бололтой жуумалзаж байна гэнэ. Балжир дархан төмөр дэвхэргээ түлхүүрдэж түлхүүрдэж, хойморт нь тавив. Дэрхрэг төмөр хөлөө чихар чихар дуугарган, тонгос тонгос гэснээ гэнэтхэн ухасхийн үсэрсэнд, Монхооног дархны эхнэр уулга алдан босож гүйжээ. Тэгээд төмөр дэвхрэг сандлын хиртэй үсэрсээр тулгыг нь тойрон эргээд тавьсан газраа ирж, нэг сүрхий тогтох аядсанаа тонгорцоглон унаад өгөв. Балжир дархан ухаантай үсэрч цовхордог шидтэй төмөр дэвхрэгээ аваад,
- Нэгэн өвлийг хамтдаа гэмгүй сайхан өнгөрөөв. Танд үүнийг үлдээе дээ гээд Монхооног дарханд барьсанд, талархаж, шагширсан өчүүхэн ч шинжгүй аваад өнөөх үсэрдэг хүчирхэг хөлнөөс нь нэг чангааж үзсэнээ,
- Миний самгачууд, эхнэрүүдэд хийж өгдөг галын шилээврээс дээрдэхгүй л эд байна даа гээд буцаагаад өгчихжээ.
Тэгээд юм болсон шинжгүй аягтай шөлнөөсөө хүжигнэтэл сороод эхэлсэнд уур нь хүрсэн Балжир дархан хар цагаан дуугүй цовхрон гарав. Мунхаг, хэдэр гэхэд арай ч мунхаг хэдэр юм даа, яаж, хэрхэн нэг муу галын шилээврийг ур ухаан, нарийн нандин тооцоо бүхий энэ чамин сайхан оньсон хийцтэй адилтгаж болох билээ гэж бодохуй цухал дургүй нь оволзоно.
Орондоо ороод удаагүй байтал ажин түжин байсан Монхооног дархны гэрт алх дөшний дуу гарч эхэлсэнд Балжир дархан өөрийнх нь хатгуур байгаа зөв оножээ хэмээн дотроо жуумалзан хэвтжээ. Юутай ч шөнө дунд өнгөртөл алх дөшний дуун Монхооног дархны гэрээс тасарсангүй. Босоод ордог ч юм билүү гэж бодсон ч төвдсөнгүй, өнөөх цухал нь, бас нэрэлхүү зан нь буцаагаад хэвтүүлчихэв.
Өглөө дөнгөж босоод, цайгаа оочилж суутал Монхооног дархан ороод иржээ. Тэгээд юм ч хэлсэнгүй, хойморт нь өвдөглөн суугаад, тоонон дунгилгийн наран тусгалд алгаа дэлгэтэл хоёр эвэр нь дохилзон, нүд нь дүрлийсэн, гуяных нь хэдрэгэн ир ижийсэн төмөр царцаа байх нь тэр. Зэрвэс харсан хүнд амьд мэт. Дархан царцааны нимгэн ялтсан далавчны дундаас хугас чүдэнзний мод хэрийн төмөр сугалан автал өнөөх царцаа ялтсан далавчаа гэнэтхэн шажигнуулан дэлгээд, цар цар дуугарган хөөрөөд эхлэв ээ. Тэгээд хоёр баганых нь дунд нэг сүрхий тогтсоноо наймын тоо сүлжин гурав тойроод, буцаад Монхооног дархны хүрз шиг том хар алган дээр сэмбийтэл буучихаад, далавчаа намбатай нь аргагүй хумин цэмцэгнэв. Монхооног Балжир дархны нүүр өөд нэг сүрхий харснаа, царцаагаа шажигнуулан атгасаар гарч оджээ. Түлхүүрэн оньстой дэвхрэг хийж болох ч, ганцхан шөнийн дотор эрхийн чинээ, нисдэг, гэхдээ бүр багана сүлжин сүлжин нисээд эргээд боссон газраа оноод буучихдаг царцаа хийнэ чинээ ёстой төсөөлсөнгүй. Үгүй тэр далавчаа сэгсрээд хумьж буй хөдөлгөөн нь хүртэл цаанаа л нэг донжтой шүү. Гайхан алмайран хэсэг сууснаа гэнэтхэн нэгийг санаж, нөмгөн чигээрээ ухасхийн гарчээ.
Монхооногийнд орвол царцаагаа хэдийнээ хясаа руугаа шидчихсэн, хөөргөө дарж суулаа. Хясааны улалзах цогон дунд царцааны нимгэн далавч, цээж, гэдэс дортох оньс эрхтэн бүгд хөх улаан оч үсчүүлэн ялбайн урсаад, зөвхөн хөөрөгний амнаас хөндийвтөр салж унасан өргөст гуяных нь тасархай улаа бутруулсан ч хараахан хайлаагүй чичигнэн байжээ.
- Та..., та яаж хийв ээ. Чухам үүнийг чинь л мэдэх гэж би бүтэн өвөлжин таныг сахисан юм шүү дээ, ай халаг. Та ядахдаа хайлуулахгүй, надад доторх оньсийг нь ганцхан харуулчихаж болсонгүй юу хэмээн халагласаар Балжир дархан хясааны дэргэд сөхрөн суув.
- Энэ ч сурдаг ч, сургадаг ч юм биш ээ.
- Үгүй ядаж харуулчихгүй дээ.
- Зөвшөөгүй юм аа.
- Юу зөвшөөгүй гэж, хэн...? хэн?
Монхооног дархан юм хэлсэнгүй, урт эрүүгээ сунган голд нь гал улалзсаар буй дархны хясаа руугаа заажээ. Балжир дархан тийш гөлрөн хэсэг суув. Түүнд хөх дөл сүүмэлзүүлсээр унтарч буй гал дотроос юу ч харагдсангүй, гэвч тэнд ямар нэгэн хүчирхэг нууцын эзэн буй гэдэгт энэ удаад өчүүхэн ч эргэлзсэнгүй ээ.
Хэд хоногоос нүүв. Урьд үдэш нь цугтаа өвөлжсөн хоёр дархан аяга тагш юм хуваан элдвийг хүүрнэн хэсэг сууцгаалаа. Нэгэнт дархны хясааны эзэн нарийн нандин нууцыг өөрт нь задруулахыг хүсээгүйгээс хойш түүнийг дахин мэдэхсэн гэж асууж, шалгаах нь мунхаг явдал билээ. Харин өөрийнх нь урладаг, алдрыг нь аймаг даяараа дуурсгасан өнөөх ганган чамин, нарийн нандин ур хийц, донж маягийг нь Монхооног дархан яагаад өчүүхэн муу галын илүүрийн төдийд үнэлдгийн учрыг асуухгүй байж чадсангүй. Гэтэл,
- Угтаа сайхан муухай хийц гэж байдаггүй юм аа гээд, Монхооног дархан аягатайгаасаа тамшаалан балгав.
Балжир дархан энэ үгийнх нь учрыг бас ухаж эс чадав. Тансаг нандин ур, хийц тэгээд жирийн нэгэн тогоо жалавч цоолдогчийн болхи толхи хийцтэй эн тэнцүү үнэлэгдэх гэж үү?
- Тэгвэл, за байз байз, тэгвэл.. би ер мэдэхийг байлаа. Үгүй, ингэхэд танд, үгүй..., танд ямар хийц, маяг чамин сайхан билээ?
- Энгүүн хийгээд хүнд тустай бүхэн – гээд Монхооног хясаа, дөш, лантуугаа хийж хураасан цагаан хайрцаг зүгтээ эрүүгээ дохиод, - түүнд чамин сайхан байдаг даа гэжээ.
Маргааш өглөө нь Балжир дархан Монхооног дархныг гуйж байж, цагаан хайрцагтайг нь олгойлгон, хясаа, дөш, лантуунаас нь, бас өөрийнх нь мойнийж яваа хар гараас нь адис аваад морджээ.
Ингээд хөхөлбий өнгөт гилгэр төмөр хэрхэн гаргадгийг, тавьдаггүй гангуурын учрыг, бас өнөөх ямар ч төмрийг мод лугаа адил хялбархаан зорчихдог хачирхалтай хатаалтынх нь учрыг олж мэдсэнгүй буцав. Бас тэр нисдэг оньсны учрыг ч гадарлаж чадсангүй. Хөх төмрийг хэрхэн санаан зоргоор эрхшээдгийнх нь учрыг ч ухсангүй. Ерөөс зорьж ирсэн хэргээ өчүүхэн ч хэлтэлсэнгүй, нэгэн өвлийг хүний нутагт дэмий л үрчихжээ. Гэхдээ огтоос сэтгэлээр унаж, урам хугарсан янзгүй, харин ч нэг л ихийг олж нээчихсэн мэт, таньж ухаарчихсан мэт сэтгэл нь уужирч, амгалан болоод саруулсчихсан явлаа.
Алтайн их уулсын нахис зоогоор давах Мааньтын даваан18 дээр гарч, манхан хөх тэнгэрийн дор хоёр талд цэнхэртэх их говиуд, цаадтайх хөглөрсөн хөх уулсыг харан шүүрс алдахуй өвгөн багш Өрөлбө Цомбо дархны “Эрдэм төгсөрхөөрөө эргээд энгүүн болдог юм гэнэ билээ” гэсэн үг чихэнд нь хангинаад л явчихжээ.
Б.Номинчимэд
2019.3.9.

Тайлбар:
1. Баян сум – 1930-аад оны үед байгуулагдаад, 1959 онд Түмэн, Наран сумдын зарим багуудтай нэгдэн Халиун сум болон шинээр зохион байгуулагджээ. Баян сум нь өнөөгийн Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн төвд төвлөж байжээ.
2. Урианханы Монхооног дархан – 1900 оны үед Урианхайн Дайчин бээсийн хошуунд төрж, Бугат суманд амьдарч байгаад 1959 он орчим бурхан болсон дархан. Монхооног дархны тухай олон домог, хууч яриа үлджээ.
3. Урианхай дайчин бээсийн хошуу – Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил сумд бүхэлдээ, Алтай, Төгрөг, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви зэрэг сумдын ихэнх нутгийг хамарсан томоохон хошуу. Анх Халхын үндэс болсон Гэрсэнз жалайр хунтайжийн отгон хөвүүн Саму Бумагийн эзэмшилд зарим урианхай отгууд нэгдэн үүслээ тавьжээ.
4. Биж-Алтай сум – 1946 онд Тамч сумаас тасалж байгуулсан сум. Хожмоо Бугат сум болсон.
5. Лан - Манж Чин улсын үед Монголд нийтлэг хэрэглэж байсан хүндийн хэмжүүр юм. Ойролцоогоор 30 орчим грамм жинтэй дүйнэ.
6. Өгөөмөр, Толь, Тунгалаг - Шаргын говийн баруун хөвөөний тэгш уудам талууд.
7. Хясаа - Уран дархчуудын төмөрлөгийн зүйлсийг хайлуулах зориулалттай бяцхан зуух: хөөрөг тавьж шатаах, салхин хийгээр шатаах, хоёр зүйл байдаг.
8. Сэрхэн хөөрөг – нас гүйцсэн эр ямааны тулмаар хийсэн хөөрөг.
9. Өрөлбө Цомбо дархан – Засагт ханд ийм нэртэй алдартай дархан байсан тухай хууч бий. Өрөлбө гэдэг нь халуун төмөр болон юмыг хавчиж барихад хэрэглэдэг шовх хошуутай, иргүй, хайч мэт хавчдаг дархны нэгэн багаж юм.
10. Засагт ханы Тожоон дархан – Засагт хан аймгийн Эрдэнэбишрэлт Засагт ханы хошуунд ийм нэгэн дархан байсан тухай там тум сураг бий.
11. Арын хүрээ – Засагт хан аймгийн төв хүрээ. Туурь нь өнөөгийн Алтай хотоос 10 гаруй км орчим зайд бий.
12. Баруун лам – Дамбийжанцан буюу Жа ламыг энэ нутагт Баруун лам хэмээн нэрлэх нь бий...
13. Орос ланжуу – Орос винтов
14. Хонгор толгой – Олонбулагийн хоолойн зүүн урд үзүүрт байх элсэн толгой...
15. Цагаан мөрт лам ах – Ном, билэгт нэвтэрсэн их мэргэн хүмүүн тэр цагт Өгөөмөр хавиар амьдарч байсан гэдэг.
16. Алаг нуур, Сухант, Зөөлөн Сүүж, Гаханч – Бугат, Цээл, Алтай сумдын хаяа нийлсэн газрууд.
17. Далан нурууны кило – 70 кг хүртэл ачаа, барааны хүндийн жинг тодорхойлох боломжтой нуруу кило. Юмнаас дүүжилж байж киллэнэ.
18. Мааньтийн даваа – Алтайн нурууг давдаг даваа

Таны сурталчилгаа