Цаг үеийн мэдээ

Үнэ цэнэтэй, утга учиртай амьдарч чадсан, тэр нь ямар нэгэн одон тэмдгээр тодорхойлогдохгүй хүмүүс бас байсан шүү. Чухам энэ мэтийг л, тийм үнэ цэнийг л бидний хойч үе нь, үндэстэн нь мартаж болохгүй юм, санан дурсаж, бас бахархаж байх ёстой юм шүү гэж хэлмээр санагдаад нэг ийм юм бичив.
.
ШАГНУУЛСАН НЬ

/Өгүүллэг/

Чулуун хөгшин шагнуулсандаа баярлая гэхнээ нэг л боломгүй, юу ч болоогүй мэт байя гэхэд ч хэцүү, бүр уурлах ч аргагүй хачин эвгүй болчихов. Зовхио ихэд анивчуулан, ийш тийш хулмаганаж, дэмий л инээмэр болон толгой дохилсоор хүмүүсийн дундуур хаалга руу зүтгэлээ. Ганц нэг хүн гар сунган баяр хүргэнэ.

Тэрбээр урд эгнээнд сууж байсан юм. Сайндаа ч биш, Эрхэм гишүүнээс нэхэл хатуутай хэдэн асуулт асуумаар байжээ. Эрхэм гишүүн бээр түрүү жил сонгуулийн сурталчилгаа хийж явах үедээ "Хөдөө аж ахуйд, ялангуяа өрхийн хашаа, жижиг талбайд хүнсний ногоо, жимс жимсгэнэ ургуулах өндөр үр бүтээмжтэй, өргөнөөр ашиглаж болох, айл өрхийн амьжиргаанд нэмэртэй алив шинэ технологи, санал санаачилгыг бүх боломжоороо дэмжинэ. Тусгай Төсөл хөтөлбөр гаргана. Ялангуяа танай сумын хувьд бүр онцгой байна" гэсэн юмсанж. Бас бус олон зүйл амласан билээ.

Тэгээд эрхэм гишүүнийг үгээ төгсгөхийг нь хүлээж байтал дуусангуут шагнал гардуулж эхэлсэнд хүмүүс шуугилдаад, алга нижигнээд өвгөнд асуух боломж олгосонгүй. Гишүүн гялалзтал тосолсон халимгаа илээд, гялалзсан алтлаг шар цүнхнээсээ хоёрын зэрэг Алтангадас, бас хэд хэдэн одон медалийг шидтэн мэт ар араас нь гаргана. Сумын намын болоод Засаг дарга залуу дэргэд нь зогсоод шагнуулагсадын нэрсийг дуудаж байлаа. Гишүүний нэрэмжит шагнал бол бүр ч сүртэй, юун Алтан гадас вэ, гоёмсог алтан жаазтай эрхэмсэг гишүүний томоос том хөргийг бандгар дугтуйтай мөнгө дагалдах ажээ. Анзаарахад шагнуулагсад өнгөрсөн сонгуулиар өөрийнх нь сурталчилгааны багт ажилласан, намынх нь хүмүүс голдуу байв. Сонгуулийн сурталчилгаанд нь л морь нохой мэт улайрган гүйснийг нь эс тооцвол үнэхээрийн шагнал авах гавьяатай нь цөөвтөр, гайтай нь олон байж мэдэхээр, гэхдээ одоо юуны хамаа байхав дээ, сонгуульд өөрийнх нь төлөө гүйлдсэн тэр хүмүүсийг ямар нэгэн аргаар урамшуулдаг нь хүний ч, бас энэ цагийн ч ёс юм хойно, Чулуун өвгөн хамраа үрчилжүүлж, хөмсгөө зангидаад ч яалтай. Ингэхэд сонгуулийн сурталчилгаанд идэвх зүтгэл гаргах нь гавьяа ч юм билүү, энэ цаг үед ер ялгаж цэгцэлхэд бэрх болсон олон зүйлийн нэг нь энэ билээ. Тиймээс энэ тухай бодож тархиа зовоосонгүй, ерөөс сүүлийн хорь гаруй жил үзсэн харсан нь түүнийг энэ мэтэд гайхаж, балмагдаж, хачирхаад байхааргүй болгочихож, юу ч гэмээр юм бэ дээ, дөжрүүлж орхижээ гэвэл илүү онох байх. Гагцхүү асуулт хариулт эхлэх эгзгийг анан хүлээнэ.

Гэтэл эрхэм гишүүн шагналаа ёслол төгөлдөр гардуулж дуусангуут уулзалт дууссаныг илтгэж, хоёр алгаа хавсран толгой дээрээ өргөөд, танхимын зүг дахин дахин дохисоор, палигар нүүрэндээ дүүрэн инээд малилзуулсаар нижигнэсэн алга ташилт дундуур хөшигний цаагуур орчихов. Таазны гэрэлд гялалзах бөлзөгнийх нь шигтгээ л тодоос тод харагдаад үлджээ. Чулуун өвгөн хүмүүс дуурайн алгаа ганц нэг пад пад цохиж сууснаа, санасан нь бүтсэнгүйд жаал урам хугарч, нэг санаа алдаад босох гэтэл эрхэм гишүүн эргээд гүйх шахам гараад ирэх нь тэр. Араас нь сумын Засаг дарга ч шуугиад дагав.

***

Гишүүн хөшигний цаагуур оронгуутаа хөлсний алчуураа авахаар баруун гараа халаасандаа хийтэл хатуу юм тэмтрэгджээ. Үзвээс ногоон паалантай тэмдэг байв. Хотоос гарахын өмнөхөн Хөдөө Аж Ахуйн яамнаас туслах нь авчирч өгснийг санд мэнд аваад халаасалж байснаа мартчихаж. Тэгээд Сумын Засаг руу харвал угийн сүйхээтэй Засаг "Өө, гишүүнээ, хойш нь тавиад яах вэ. Та өөрөө гардуулсан нь дээр шүү дээ, одоо өгчих" гэж байна. "Хэнд өгөх вэ?" гэвэл, "Одоохон" гээд хөшигний захыг яраад танхим руу харсанд тэргүүн эгнээнд алга ташсан болоод сууж буй Хэнхэг Чулуун хамгийн түрүүн нүдэнд нь өртөж орхижээ. Юм л бол хэл үг гаргаж, шүүмжилж, гоочилчих гээд байдаг Чулуун гуайг хармагцаа Засаг даргатан өөрийн эрхгүй ярвайгаад, цааш ахиулан харвал ер шагнал өгчихмөөр хүн ойр тойронд үгүй байв. Тэр зуурт Засаг даргын санаанд хэнхэг өвгөн Чулууны амыг энэ нэг муу тэмдгээр түр зууртаа хааж орхиё, ямар гарлагатай юм биш гэсэн нэгэн мэргэн санаа гялсхийх нь тэр... Засаг даргын мэдэхээр Чулуун гуай бол сүүлийн арав хорин жил дандаа л газар тариалан, хүлэмж, ургац, тэжээл бордоо, өрхийн усалгааны систем энэ тэр гэж нэг бүтэх бүтэхгүй юм үглэж яваа юм. Тэр бүхэн нь хэрэгтэй эсэхийг ёстой чөтгөр бүү мэд, хүний урманд сонирхоод өнгийж ч байсангүй. Ялангуяа өөрийг нь Засаг болсноос хойш энэ өвгөн цаг ямагт шүүмжилж, эгдүүг нь хөдөлгөнө.

Таны сурталчилгаа