Шударга ёсны хэрэгжилт сул, хөл толгойгүй, шударгаар хөдөлмөрлөөд амьдрах боломж хомс нийгэмд хэн хэлмэгдэж золиос болдог вэ?
Хэнд ч гэм хор хийгээгүй хүүхэд багачууд хамгийн түрүүнд хэлмэгддэг. Тэгээд тэдний хэлмэгдэл нь ойрын ирээдүйгээ тодорхойлдог. Аймшигтай.
Хүүхдийн дараа шударга, үнэнч ёс зүйтэй хүмүүс тийм шударга бус нийгмийн золиос болж, сэтгэлзүйн маш хүнд хүчир ачааг үүрэх болдог. Мөн гэнэн тэнэг, сул дорой хүмүүс золиослогддог.
Өчигдөр орой залуустай нийгмийн золиосын тухай хэсэгхэн ярилцаж суулаа. Ф.Достоевскийн "Газар доороос бичсэн тэмдэглэл" зохиолтой холбогдон өрнөсөн энэхүү яриа нэлээд өргөжиж, өнөөгийн нийгмийнхээ суурь, мөн чанарыг олж барих асуудалд хүрэв. Энэхүү зохиолд дурдагддаг амьдралын эрхээр биеэ үнэлэгч болсон бүсгүйн гунигт хувь заяаны яг адилыг бид хэрвээ нүдээ нээгээд харвал эргэн тойрноосоо бишгүй олныг үзэх болно. Тээглэж унахаар тийм олон. Цагдаагийн газрын статистикт дурдагдаж буй тоо бол зөвхөн мөсөн уулын орой төдий. Энэ мэт охид бүсгүйчүүд бол энэ бурангуй цаг үеийн бас нэгэн золиосууд билээ.
Гэхдээ яг үнэндээ хамгийн ихээр золиос болдог хүмүүс бол "Чадаж буй юманд арга байхгүй" хэмээх уриатай, эд хөрөнгө, эрх мэдэл, нэр алдрын төлөө юу ч хийхээс буцахгүй болчихсон, тэр л зарчмаараа нийгмийн баялгийг ихээхэн хэмжээгээр завшиж, эрх мэдлийн өндөрлөгт хүртэл оччихсон, өөрсдийн энэ бурангуй үйлдлээ зөвтгөх үзэл санааг хүртэл тунхаглаж чадах, шударга ёсыг юман чинээ үл тоох, ард түмний тархийг ч угаах хэвлэл мэдээллийг атгачихсан, олонхид нийгмийн элит болон харагддаг тэр хүмүүс юм. Яагаад тэд бусдаас илүү ихээр золиос болдог вэ гэхээр тэд эрхэм дээд үнэний өмнө буруутан болж, хувь заяагаараа, үйлийн үрээрээ хохирч, өөрөөр хэлбэл сүнсээ чөтгөрт барьцаалснаараа хамгийн ихээр хохирогч болж буй хэрэг юм.