Лундаа арслангийн хөх чулуу
Архангай аймгийн Ихтамир сум эрт үеэсээ бөх сайтай. Энэ нутгийн алдарт бөхчүүдийн нэг Лундаа арслан нь бяр хүч сайтай, унаа холтой, хүчтэнд ааглуулдаггүй, мэхтэнд хууртдаггүй, тэвчээр хатуужил сайн, уужуу тайван зантай, уран сэтгэмж сайтай, уян хатан, ухаалаг тооцоотой бөх байжээ.
Өрсөлдөгч бөхдөө "өргөмж"-ийн даваа хайрладаггүй нэгэн онцлогтой. Энэ тухай дархан аварга Ж.Мөнхбат дурсан ярихдаа : Лундаа арсланг "Монгол хүү" кинонд тоглоход шороотын Цэвээнтэй барилдуулж, зургийг нь авчээ.
Өрсөлдөгч бөх Цэвээнд тухайн үеийн шаардлагаар өвдөг шороодсон юм. Хожим арслан киногоо үзээд "Би Цэвээнд өргөмжийн даваа хайрлаагүй /бууж өгөөгүй/ энэ киноноос миний зургийг арилгаж, ахин битгий гаргаарай" хэмээх захиж, тоглолтын шагнал 1000 төгрөгөө буцааж өгсөн юм гэдэг" хэмээжээ.
Лундаа арслан 1929 оны улсын наадамд 1000 орчим бөх барилдсанаас 8 давж, дөрөвт үлдэн нутгийн бөх Б.Банзар арсланд унажээ. 1935, 1937 оны ардын хувьсгалын 14, 16 жилийн ойгоор 720, 896 бөх барилдахад 32-т үлдсэн байна.
Тэр улсын баяр наадамд 5-аас дээш давж шөвгөрч байсан бөхчүүдийн нэрсийн жагсаалтад нэр нь мөнхрөн үлджээ. Ихтамир сумын Хөх нуур бригадын төвөөс баруун зүгт хөшгийн тал үргэлжлэн Хатуугийн аманд тулж очно. Энэ уужим амын ширээ шиг дэвсэг дээр хэвтэж байгаа үхэр мэт том цул чулуу бий.
Тэр чулууг Лундаа арслан өргөн авчирч тавьжээ. Арслан энэ чулууг бүсэлхийгээ хүртэл өргөвөл энэ жилийн наадмын бэлтгэл хангагдлаа гэж үздэг байжээ. Нутгийн хүчит бөхчүүд, үе тэнгийн залуучуудын дотроос миний хүргэн ах Галтын Лхамжав тэр чулууг газрын хөрснөөс нэг хуруу хөндийрүүлснийг эс тооцвол өнөөдрийг хүртэл хэн ч хөдөлгөж чадаагүй юм.
Энэ хүчит бөхийн хөтчөөр миний аав Лхагвын Шагдаржав хамт явдаг байжээ. Хөтөлгөө гурван морийг ээлжлэн унаж наадам болох газарт очно. Энэ хүчит арслангийн тухай аавын ярьж байсныг санахад улсын аварга Хадбаатар шиг нуруутай, их тэнхээтэй, биерхүү 130 кг орчим жинтэй бөх байжээ.
Аюурзана зааны улаан чулуу
Дархан хясаа уул их манан дунд алс тэртээгээс сүүмийн харагдана. Тэр сүрлэг уулын үргэлжлэл болох улаан хошууны үзүүрт алслан өнгө хослон үзэгдэх түүний бэлд улаан чулуу торойно. Нутагтаа нэртэй бөх Аюурзана заан баяр наадамд барилдах үедээ энэ чулууг өргөж хүчээ сорьдог байжээ.
Тэрнээс хойш Аюурзана зааны чулуу гэж нэрших болжээ. Архангай аймгийн Ихтамир сумын хоёрдугаар багийн хүчит Мулдаан ёндон гуайн хүү Пүрэв заан тэр улаан чулууг хоёр, гурван өргөж үзээд даагаагүй гэдэг сэн.
Жаахан Дамбий аварга
Халхын домогт аварга "Буур" Жамъян гуайн унаган нутаг хуучнаар Далай вангийн үйзэн бээсийн хошуу одоогийн Архангай аймгийн Мөрөн сум. Хэсэг аянчид үдлэж байтал эл нутгийн таван хүдэр эр омголон морьдынхоо бяр чадлаар гайхуулж зуузай холбон, хөр цас хага зүсэж, хүйтэн жавар сөрөн давхисаар аянчдын майхны гадаа дөрөө мултлав. Залуус амар мэндээ мэдэлцэн нутаг усаа асуун танилцаж бас аян замд учирсан адал явдал, зон олны сонин сайхан ярилцсаар нэг нь:
-Танай нутагт жаахан Дамбий гэдэг нэг сайхахн бөх гарч байгаа гэлүү? Аль хэр хүчтэй хүн бэ? гэхэд сайх залуусын нэг нь овоо сайн бөх дөө гэж хариулав. Ам халсан эрчүүдийн яриа үргэлжлэн хөвөрсөөр аянчдын тууж явсан бараг зэрлэгшсэн атар шарнуудаас хоёр, хоёрыг авахаар наймаа тохиров.
Нас бие гүйцсэн атар тарган амбан шарыг барих тийм амаргүй ээ. Гэтэл аянчдын нэг нь хажуугаараа дайрч гарсан амбан шарыг, ишиг шүүрч байгаа юм шиг сугандаа хавчуулан зогсож байхыг харсан хэн ч итгэмээргүй. Энэ бол хуучин далай вангийн Үйзэн бээсийн хошуунд төрсөн нутгийн хүү Улиастайн амбаны заан Цэрэнхүү гэгч мөнөөс мөн ажээ.
Дамбий аварга очиж эвэрдэж аваад тэвэрч ирэхэд амбан шар яаж ч чадахгүй байжээ. Тэгэхэд хамт байсан залуучууд гайхан дуу алдаж бие биесээ нудралдан гайхаш алдсан авай. Би айж бэргэн гэлдэрч очоод оосорлож уясаар амбан шарыг амархан барьж билээ. Ээ дээ, манай Дамбий аварга, Цэрэнхүү заан хоёр ч бяр чадалтай, мэх сайтай сайхан бөхчүүд байсан юм.
Ялангуяа монгол бөхийн арга мэхийг бүрэн эзэмшсэн бөхчүүд байлаа гэж Дамбий аваргын засуулч Жүгдэр гуай сэрүүн тунгалаг ахуйдаа хуучилж байсан билээ. Нутаг хошуундаа жаахан Дамбий, өөр нутаг хошуунд Олонбаяр аварга хэмээн нэршсэн энэ бөх арван засаг, долоон хошуу наадамд барилдаагүй юм байна.
Энэ бас их учир шалтгаантай. Нэгэн үе хуучин нь ул болж, шинэ нь зул болсон үзэл суртлын хоосон номлолыг зэвүүцэж эсэргүүцэж байсантай холбоотой. Гэвч Дамбий аварга монгол бөхийн домог болсон, түүхэнд нэрээ үлдээсэн Дугар, Лувсанжамбаа, годон Дампил нарыг дээрх наадмуудад хаяж, цацаж цалгиж явсан гэх яриа нутаг хошууны олны дунд домог болон үлдсэн байна.
Тухайлбал улиастайн амбан шөвгийн дөрөвт үлдэхэд нь барилдуулалгүй түрүүлсэн хэмээн түрүү бөхийн бай шагнал өгч байжээ. Энэ үед Дамбий аварга 57 настай байжээ. Аварга энэ насандаа эмнэг хангал азаргыг дэлдэж аваад, цавьдаж унага адил ногтолж байсан хэмээн ам дамжин яригдсаар өдий хүрлээ.
Дамбий аваргын зодог шуудаг, өмсгөл хэрэглэл, цол чимэг Тариат сумын Мөрөн бригадын даргаар ажиллаж байсан Сундуйжав түүний үзр хүүхдэд хадгалагдаж, нууцлагдаж байгаа тухай сураг дуулдсан учир олдож юун магад. Улиастайн амбан "босоо аварга" хэмээх цолоор шагнагдсан гэдгээс өөр баримт олдохгүй байна.
Ер нь энэ мэт бөхчүүдийн түүх домгийг лавшруулан сурвалжилбал нэн сонин болой. Дамбий аварга Тариатын хүрээн дээр бөхийн сорилго /одоогийнхоор дэвжээ, клуб/ байгуулж, бөх болох ирээдүйтэй залуучуудыг сургаж байжээ. Энд хичээллэж байсан бөхчүүдээс "буур" Жамъян аварга тэргүүтэй алдар цуут бөхчүүд төрөн гарчээ гэсэн баримт одоо бэлхнээ байна. Апдарт бөхийн домог хуучирч замхраагүй ээ.
Бөх сонирхогч Ш.Гантөмөр
Эх сурвалж: "Бөх" сонин