Улсын нийт гадаад өр 2020 оны эхний хагас жилд 30.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (3.8%) тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 352.9 (1.2%) сая ам.доллараар өссөн байна.
Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд, нийт өрийн 35.8 хувь буюу 11.0 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 26.3 хувь буюу 8.1 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 25.6 хувь буюу 7.9 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 5.5 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх, 6.8 хувь буюу 2.1 тэрбум ам.доллар нь Төв банкных байна.
Засгийн газрын нийт өр 2020 оны эхний хагас жилд 25.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.3 (14.3%) их наяд төгрөг, өмнөх улирлаас 1.4 (5.7%) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.
Засгийн газрын нийт өр өмнөх оны мөн үеэс өсөхөд Засгийн газрын дотоод өр 147.7 (9.9%) тэрбум төгрөг, Засгийн газрын өрийн баталгаа 32.9 (3.0%) тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч Засгийн газрын гадаад өр 3.4 (17.7%) их наяд төгрөг, барих-шилжүүлэх төрлийн концесс 27.0 (3.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.