Цаг үеийн мэдээ

“Ковид19”-ийн эсрэг вакцины 2 дахь тун өнөөдөр Дархан сумын хэмжээнд хийгдэж эхэллээ. Нэгдүгээр тунд 3 дугаар сарын 27-29-ны өдөр хамрагдсан 2000 орчим иргэний 400 гаруй нь хамрагдлаа. 

Уг 400 гаруй хүмүүст аймгийн Онцгой комиссын гишүүд, Эрүүл мэндийн салбар, Цагдаа, Онцгой байдлын алба хаагчид, хэвлэлийнхэн багтсан.  Хоёр дахь тун вакцин нь өмнөхтэй адил БНХАУ-ын Синофармын Вероселл вакцин юм. Сумдад 5 дугаар сарын 1-нээс эхлэн хоёр дахь тунгийн вакцинжуулалт эхэлнэ. Аймгийн хэмжээнд нийт 21850 гаруй иргэн эхний тунд хамрагдсан.  Нэгдүгээр тунд хамрагдсан иргэдийн утсанд очсон мэдээллийн дагуу дараагийн тунг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 294 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 21 тохиолдол батлагдаж шинээр бүртгэгдсэн халдварын тоо 424 болсон байна. Сүүлийн тохиолдлуудын хувьд Хонгор, Орхон сумаас тус бүр 2, бусад нь Дархан суманд гэрийн ажиглалтад байсан иргэд ажээ. 

Түүнчлэн Шарын гол суманд бүртгэгдсэн Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" рашаан, сувилалаас үүдэлтэй 34 тохиолдол бүрэн эдгэрсэн гэж сумын засаг дарга Б.Лхамсүрэн мэдээлэв.