Цаг үеийн мэдээ

Хүүхдээ цэцэрлэгээс авахаар явж байсан эмэгтэйг араас нь дуудаж, индүүгээр цохисон гэх бичлэг цахим орчинд тархаад байна. Уг асуудалтай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа. 

Тодруулбал: “Арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдээ цэцэрлэгээс авахаар явж байсан эмэгтэйн толгойн тус газар цохиж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус хэргийг шалгахад иргэн 22 настай эмэгтэй “А”-г  “Ц”гэгч эмэгтэй толгойн тус газар нь индүүгээр цохиж, гэмтээсэн нь тогтоогдсон. Индүүгээр цохиж, гэмтээсэн эмэгтэй нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг. Гэмтэл авсан эмэгтэйн тухайд гэмтлийн зэргийг ШШҮХ-гээс тогтооно. Харин иргэн “Ц”гэгч эмэгтэйг СЭМҮТ-д хүлээлгэн өгсөн. Одоогоор Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэс хэргийг шалгаж  байна” гэв.