Цаг үеийн мэдээ

Хянан шалгах түр хороо нь Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу нотлох баримтыг холбогдох байгууллага, хувь хүн, хуулийн этгээдээс шаардан гаргуулахын зэрэгцээ хянан шалгагч, шинжээч томилж дүн шинжилгээ хийх, нийтийн сонсголоор шинжлэн судалж, үнэлэх, гэрчээр дуудаж мэдүүлэг авах, асуулт тавих бүрэн эрхтэй. Энэхүү эрхийнхээ хүрээнд түр хорооны сонсголыг 2023 оны нэгдүгээр сарын 16-20-нд, хоёрдугаар сарын 6-10-нд, гуравдугаар сарын 13-17-нд буюу гурван үе шаттайгаар явуулахаар тогтлоо.

Товыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, сонсголыг улирал дамнуулахгүйгээр шуурхай зохион байгуулах боломж байгаа эсэх, улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн халхавчин дор Хөгжлийн банкнаас анхнаасаа буцааж төлөхгүй гэсэн бодолтойгоор зээл авсан хүмүүсийн өр зээлийг буцааж төлүүлэх талаар хэрхэн ажилласан талаар асуулаа. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, хяналт шалгалтын ажлын цар хүрээ асар өргөн байгааг тайлбарлаж, одоогоор 1.0 сая гаруй гүйлгээг шалгаад байна гэлээ. Цаана нь ч шалгах шаардлагатай гүйлгээ олон байгаа юм. Тийм учраас бүлэглэж, сонсголыг гурван үе шатанд хуваасан байна. Эхний үе шатанд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсоно. Хоёр дахь үе шатанд тус банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож, банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын өгсөн дүгнэлт зөвлөмж, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, холбогдох гэрчээс мэдүүлэг авах юм. Харин гурав дахь үе шатанд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнтэй танилцаж, шаардлагатай гэрчийн мэдүүлэг авахын зэрэгцээ тус банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээлэл сонсож, нээлттэй сонсголын үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төслийг сонсоно. Үндсэндээ Хянан шалгах түр хорооны сонсголоор Хөгжлийн банкны бүхий л үйл ажиллагааг тэгээс нь эхлээд адаг хүртэл нь ярих боломж гарна гэж Б.Энхбаяр дарга тайлбарлалаа. Ийм хэмжээний хянан шалгалт урьд өмнө Хөгжлийн банканд огт хийгдэж байгаагүй. Тодруулбал, тус банкны зээл, гүйлгээ бүрийг шалгаж, тухайн хөрөнгө зориулалтын дагуу зарцуулагдсан эсэхийг нэг бүрчлэн шалгаж буй юм хэмээн тэрбээр ярив.

Хянан шалгах түр хорооны сонсголын товыг тогтоохтой холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Д.Ганбат, Ж.Батсуурь нар санал хэллээ. Өнөөдрийн байдлаар, Улсын Их Хурлын гурван хянан шалгах түр хороо байгуулагдаад байгаа бөгөөд анхных нь Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах түр хороо юм.  Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу нотлох баримтыг шинжлэх нийтийн сонсголыг холбогдох гэрчүүдийн бүрэн ирцтэйгээр, ард түмний итгэлийг алдахгүй амжилттай зохион байгуулж, бусаддаа жишиг болж ажиллахыг үг хэлсэн гишүүд онцлон анхааруулж байлаа.

Дараа нь, нотлох баримтыг шинжлэн судлах Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудах хүн, албан тушаалтны нэрсийг баталж тогтоол гаргав. Тогтоолоор, ҮАБЗ-ийн шийдвэрээр 2012 онд байгуулагдсан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, улс төрд нөлөө бүхий хүмүүс, Хөгжлийн банкны удирдлага, албан тушаалтнууд, зээлдэгчид, эцсийн өмчлөгч нар, хамаарал бүхий этгээдүүд зэрэг нийт 166 гэрчийг дуудаж асуухаар боллоо.

Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуульд зааснаар гэрчийг гурваас доошгүй хоногийн өмнө дуудах ёстой бөгөөд мэдэгдлийг цаг, минуттай нь тодорхой дурдаж дуудах учиртай гэж хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр онцлоод, эдгээр гэрчийг сонсголд ирж, асуултад хариулахдаа бэлтгэх цаг хугацаа гаргаж өгөх үүднээс бид 1-3 сарын өмнө зарлаж байна гэсэн юм.

Нийтийн сонсголд гэрчээр дуудна гэдэг бол тэр хүмүүсийг буруутгаж байгаа хэрэг биш юм, харин ч өөрийгөө өмгөөлөх, буруугүйгээ нотлох боломж олгож байгаа юм гэж Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар тодотгов. Тэрбээр, нэрсийн жагсаалтыг хэрхэн тогтоосон болон хэрхэн гурван удаагийн сонсголд хуваарилан зохион байгуулах талаар асуухад хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, одоогоор хийгдээд байгаа хяналт шалгалтын хүрээнд нэрсийн жагсаалтыг гаргасан бөгөөд өдөрт 10-аас доошгүй гэрч дуудаж мэдүүлэг авна гэсэн хариулт өглөө. Гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийн жагсаалтад Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд санал гаргаж зарим хүнийг нэмсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ял эдэлж байгаа хүнийг хасуулав.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС

/2012 онд байгуулагдсан Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүн, тухайн үеийн албан тушаалаар/

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС

/Улс төрд нөлөө бүхий этгээд/

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС

/Хөгжлийн банкны албан тушаалтнууд/

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ СОНСГОЛД ГЭРЧЭЭР ДУУДАХ ХҮМҮҮСИЙН НЭРС

/Зээлдэгчдийн төлөөлөл/

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нийтийн сонсголд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хэрхэн оролцуулах, дуудсан гэрчүүдийг заавал ирүүлэх талаар хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах эсэх талаар тодруулав. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, хуулийн хүрээнд сэтгүүлчдийн ажиглах, сурвалжлах бүрэн боломжийг нээж, сонсголыг нээлттэй явуулна. Харин гэрчүүдээс асуулт асуух, ярилцах эрх зөвхөн хянан шалгах түр хорооны гишүүдэд л бий гэлээ. Мөн тэрбээр, Улсын Их Хурал хуулийн байгууллага, шүүх, прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх эрхгүй тул хянан шалгах түр хорооноос дуудсан гэрчүүдийг сонсгол болтол хилийн хориг тогтоо гэх мэт үүрэг даалгавар өгөх боломжгүй юм. Гагцхүү, нийтийн сонсголын ирцийг бүрдүүлж, дуудсан гэрчүүдийг ирүүлэхэд тусалж ажиллахыг хууль хяналтын байгууллагуудад уриалж л чадна гэсэн юм.

Тогтоолын гуравдугаар заалтаар тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Түр хорооны сонсголд гэрчээр дуудах нэрсийн жагсаалтад нэмэлт оруулах, зохицуулалт хийхийг хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаярт зөвшөөрөв.

Мөн Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаанаар хянан шалгагчийн ажлын хөлс болон шинжээчийн төлбөрийн хэмжээг баталлаа. Түүнчлэн өөрийн хүсэлтээр ажиллахаас татгалзсан Монголбанкны Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Батцэнгэлийн Мөнх-Оршихыг шинжээчийн бүрэлдэхүүнээс чөлөөлж, Чулууны Амарбаясгалан, Очирхуягийн Мөнхбат нарыг уг бүрэлдэхүүнд ажиллуулахаар томилов. Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчдийн үндсэн ажлын байрыг хадгалах, нийгмийн баталгааг алдагдуулахгүй байх, нэр хүндийг хамгаалахад анхаарч ажиллахыг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ зөвлөлөө.

Хуралдааны төгсгөлд, Түр хорооны хяналт шалгалтын ажлын хүрээнд холбогдох материал, баримт сэлтийг цаг тухайд нь бүрэн гүйцэд гаргаж өгч ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, Чингис хаан банкны гүйцэтгэх захирал Э.Ганзориг нарт чиглэл болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таны сурталчилгаа