Цаг үеийн мэдээ

Нэрт соён гэгээрүүлэгч Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 212 дугаар тогтоолын дагуу 2023 оны есдүгээр сарын 29-нөөс 11 дүгээр сарын 05-ны өдрүүдэд Чингис хаан Үндэсний музейд “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулахад бэлэн болоод байна. 

Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар болон Говийн ноён хутагтын музейгээс хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд Ноён хутагтын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, шашин, соёлын дурсгалууд, уран бүтээлийн холбогдолтой 130-аад үзмэр дэглэгджээ. 

Говийн ноён хутагтын музей нь хамгийн олон хосгүй үнэт үзмэртэй хувийн музей гэдгээрээ онцлог. “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэнд тус музейн үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдэх бөгөөд тэдгээрээс “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолын гар бичмэл, 108 таалал төгссөн хуврагийн гавлын ясаар бүтээсэн Есөн эрдэнийн шигтгээтэй гавал эрхи, Мөнгөн дотортой гавал аяга, Түмэн мэсний бурхан Ловон Бадамжунай зэрэг хосгүй үнэт дурсгалуудыг онцолж болно.  

“Адистэд хурсан гайхамшиг” үзэсгэлэнгийн нээлт 2023 оны есдүгээр сарын 29-ний 12:00 цагт Чингис хаан Үндэсний музейн IX давхрын Түр үзэсгэлэнгийн танхимд болно. Нээлтэд IX ноён хутагт Данзанлувсантүдэв болон Монгол Улсын төр, нийгэм, шинжлэх ухаан, шашин, соёлын салбарын нэр хүндтэй хүмүүс уригдан оролцох аж.

Таны сурталчилгаа