Цаг үеийн мэдээ

Маргааш нутгийн баруун хагаст, энэ сарын 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хаагдах, зам даваа гүвээ хаагдаж болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, иргэдэд анхаарууллаа.

Энэ сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24-29 градус, өдөртөө -14-19 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө -3+2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13-18 градус, өдөртөө -4-9 градус хүйтэн байна.