Цаг үеийн мэдээ

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1, Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" маргааш буюу энэ сарын 14-нд тохиож буй. 

Энэ өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн, байгууллагыг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Энэ жил "Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээхээр болсныг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр зарлалаа. Ингэснээр Чингис хаан одонг байгууллагад хүртээсэн хоёр дахь тохиолдол болж буй.

Морин хуурын чуулга 1992 оны долоодугаар сард байгуулах тухай Засгийн Газрын тогтоол гарч, 1993 оны 1 дүгээр сард Хөгжим бүжгийн дунд сургууль дээр байрлаж, чуулгын бүрэлдэхүүнээ тогтож, бэлтгэл сургуулилтаа эхлэн тус оны 4 дүгээр сарын 16-нд анхны тоглолтоо хийж үзэгч түмэндээ Морин хуурын чуулга гэдэг байгууллагыг танилцуулж байжээ. Улмаар 1994 оны зургаадугаар сарын 1-нээс Засгийн Газрын шийдвэрээр Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны бүрэлдэхүүнд оржээ. Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсанаасаа хойш 30 гаруй оронд 650 гаруй тоглолт хийсэн байна.