Цаг үеийн мэдээ

“Авьяаслаг Монголчууд-2016” шоуны ялагч, “America’s Got Talent: Fantasy League" шоуны оролцогч О.Энх-Эрдэнэтэй ярилцлаа.

-ЭЭЖ ААВ, ЭМЭЭ ӨВӨӨДӨӨ ХАНГАЛТТАЙ ЭРХЭЛСЭН-

-Ярилцлагаа эхэлхээс өмнө нэг зүйл асуумаар санагдлаа. Энх-Эрдэнэ гэдэг хүний дотоодод ямар мөн чанар нуугдаж байдаг бол. Дотооддоо бяцхан зочилбол?

-Би дуу цөөтэй, дотогшоо талдаа л даа. Өөртэйгөө л ярилцсан дотогшоо төрлийн л хүн. 

-Бага насны дурсамжаар ярилцлагаа эхлэе. Хаана төрж, өсөв. Аль сургуулийг төгсөв. Багадаа та ямар хүүхэд байсан бэ?

-Би Эрдэнэт хотод төрсөн. 2016 оныг хүртэл тэндээ байсан. Эрдэнэт хотын Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн физикийн гүнзгий ангийг төгссөн. Инженер мэргэлжилтэй. Өөрөө ч физиктээ сонирхолтой байсан болохоор заавал сурч төгсөнө гэж зориод, төгссөн. Бага ангидаа Есдүгээр сургуульд сурч байсан юм. Одоо тэр сургууль маань цэцэрлэг болчихсон. Манай эмээ намайг бага ангид сурч байх үед манай сургуулийн захирал байсан юм. 

-Инээмсэглээд ярьж байгаагаас анзаарвал эрх хүүхэд байсан юм шиг. Нэг эгчтэй айлын бага хүүхэд гэсэн. Хэр эрхэлж өссөн бэ?

-Би өөрийгөө тийм ч эрх гэж боддоггүй байлаа. Том болох тусам хангалттай эрхэлдэг байж дээ, хангалттай эрхэлж өсөж дээ л гэж бодогдох болсон. Багадаа бусад айлын хүүхдүүдтэй өөрийгөө харьцуулахаар тийм ч эрх санагддаггүй байсан байх. Амьдрал дээр гарч ирээд бодоход ээж аав, эмээ өвөөдөө хангалттай л эрхэлсэн хүүхэд шиг санагддаг. 

-Гэр бүлд нь дуулдаг болоод урлагийн хүн байдаггүй гэсэн. Өөрийгөө урлагийн тэр дундаа дуулах авьяастайгаа хэзээнээс мэдсэн бэ?

-Яг үнэндээ би өөрийгөө авьяастай гэж боддоггүй. Зүгээр дуулах дуртай. Бүр маш их дуртай. Дуртай болохоор хийгээд, оролдоод явж байна. Энэхүү country jazz урсгалыг сонирхоод, дуулж эхэлсэн цаг хугацаа гэвэл 2011-2012 оноос хойш юм уу. 

-ДУУЛАХ УР ЧАДВАР, ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ҮЗЭЛ, БҮХ ЗҮЙЛ ОНДОО БОЛСОН-

-“Авьяаслаг Монголчууд” шоунд орох шийдвэрийг хэрхэн гаргаж байв?

-“Авьяаслаг Монголчууд” шоунд манай үеэл ах намайг дагуулж очиж бүртгүүлээд, оруулж байсан юм. Би тухайн үед оюутан байсан болохоор нэг мөр сургуулиа төгсөж байгаад болъё гээд хойш тавидаг байлаа. Үеэл ах минь анх “Авьяаслаг Монголчууд”-д хөтөлж оруулсан. 

-Тэр үеийн Энх-Эрдэнэ, одоогийн Энх-Эрдэнийн хоорон дахь ялгаа хэр их байна вэ?

-Маш их байгаа. Дуулах чадвар, дадлага туршлага, ур чадварын хувьд ч ертөнцийг харах өнцгийн хувьд ч бүх зүйл ондоо болсон. Тухайн үед би 20 настай байсан. Тиймдээ ч би их том болчихлоо, чадчихлаа гэж боддогдсон байх. Ер нь хүн тийм насан дээрээ тэгж боддог юм шиг байна лээ.

-Монголынхоо тайзан дээр ч, дэлхийн хэмжээний шоуны тайзан дээр ч гараад үзчихлээ. Ямар ялгаа байдаг юм байна?

-Ер нь бол яг л адилхан тайз л даа. Зорилго маань яг л адилхан. Өөрийнхөө дуу хөгжмөөс авдаг аз жаргал, мэдрэмжээ бусдад түгээх хүсэл мөрөөдлөөрөө л дуулдаг. Харин хариуцлагын хувьд өөр түвшинд байдаг юм билээ. Монгол Улс, өөрийн эх орноо төлөөлөөд явж байна. “America’s Got Talent”-ийн хувьд 40 хүний нэг нь болоод сонгогдоод очсон. Тэгэхээр маш өндөр хариуцлага, маш их бэлтгэл хийх болсон. Дуулалтын хувьд яг л адилхан ч хариуцлага нь өөр түвшний тайз байсан даа. 

-Яг ийм жазз төрлөөр, баргил хоолойгоор дуулах юм байна гэдгийг хэзээнээс мэдэрч эхэлсэн бэ?

-2011-2012 оноос буцаж дуулж эхлэхдээ мэдэрсэн. Хүүхэд байхдаа дуулдаг л байсан. Шилжилтийн насны үед хоолой бүдүүрээд, нэг их дуулаагүй. Тэгээд буцаж country jazz урсгалыг олж авч, түүндээ дурлаад, дуулж эхэлсэн. Баргил хоолой гэхээсээ илүү тухайн үед country jazz урсгалаар дуулах нь надад илүү таатай санагдсан. Мөн миний сонсож байгаа дуунууд ч сайхан мэдрэмж төрүүлсэн болохоор тэр дуунуудыг сураад, сонирхоод дуулж эхэлсэн. 

-ТЭНД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ НЭГ УДАА Ч БОЛТУГАЙ МОНГОЛ ХЭЛИЙГ СОНСООСОЙ ГЭЖ ХҮССЭН-

-Таныг англиар ярьдаггүй юм байна. Чаддаггүй гэх мэтээр хүмүүс сэтгэгдлээ илэрхийлж байсан. Тухайн нэвтрүүлэг зохиолоор явсан уу, эсвэл та өөрөө монголоороо ярья гэж ярилцсан уу?

-2018 онд оролцсон “The World's Best” шоу бол зохиолын дагуу явсан. Тэр нь илүү хүмүүсийн анхаарлыг татна. Хүмүүс илүү сонирхоно гэдэг үүднээс намайг огт англи хэлгүй юм шиг байгаарай гэж зааварчилгаа өгсөн. Нөгөө талаасаа энэ бол шоу ертөнц. Хүмүүст содон сонин байх нь зүй ёсны хэрэг байх. “America’s Got Talent” бол хэл мэдэхгүй юм шиг байгаарай гээгүй. Зохиол гэж зүйл өгөөгүй. Нэгдүгээрт, маш том тайз. Дэлхий нийт харж байна. Хариуцлагын асуудал бий. Миний англи хэл төгс биш. Гэхдээ тодорхой хэмжээнд өөрийгөө ойлгуулчих, аваад явчих хэмжээний. Хариуцлагын хувьд би хэн нэгэнтэй буруу ойлголцвол яах вэ, эсвэл ямар нэгэн эрсдэл гарвал яах вэ гэдэг үүднээс өөрийгөө хамгаалсан. Хоёрдугаарт, монгол хүн бүрийн зорилго нэг. Тамирчин ч, урлагийнхан ч адилхан улс эх орноо, соёлоо дэлхий нийтэд сурталчлах. Тийм болохоор дахиж хэзээ, ямар монгол хүн AGT шиг том тайзан дээр гарахыг сайн хэлж мэдэхгүй байна. Би дахиж гарах ч юм уу, үгүй ч юм уу, тийм болохоор тэнд байгаа хүмүүсийг нэг удаа ч болтугай монгол хэлийг сонсоосой гэж хүссэн. Бид бүр монгол дуу ч дуулах талаар баг хамт олонтойгоо ярилцсан. Дэлхийн хэмжээний том тайз бидний хүсэл сонирхлоос үл шалтгаалаад “America’s Got Talent”-ийн продюсеруудтай, хамт олонтойгоо ярилцаж шийдвэрүүдийг гаргадаг. 

-Цаашид дуулах урлагаараа дагнах уу?

-Тийм. Хэзээ ч хаягдахгүй, хаяхгүй байх. Яагаад гэвэл мөрөөдөл минь дуулах урлагтай нэгэнт холбогдчихсон. Хоёрдугаарт, би дуртай зүйлээ хийж байгаа учраас хэзээ ч орхихгүй. Ямар ч байсан дуулсаар эцсийг нь хүртэл явах байх гэж бодож байна. 

-Бие даасан тоглолт хийх тухай бодож байгаа юу?

-Ерөнхийдөө бодож байгаа. New nomad records гээд манай баг хамт олон байна. Энэ хамт олон маань сүүлийн хэдэн жил “Mongol country” төсөл дээр ажиллаж байгаа. Эхний артист нь Баатар байсан. Дараагийн артист нь би. “Амьдрал баян” гэх монгол каунтри цомгоо гаргасан. Биет бусаар MMusic, Spotify, apple music зэргээр зарагдаж байгаа. Биет хэлбэрээр Цагаан сарын дараахнаас хэвлэлтээр хүрээд ирэх болов уу гэж бодож байна. Монгол цомогтой болж байгаа учраас тоглолтоо удахгүй хийх болов уу. 

-Ойрын үеийн төлөвлөгөө юу байгаа вэ?

-Хамгийн эхлээд цомгоо үзэгч, сонсогчдодоо хүргэх асуудал байна. Манай цомгийн бусдаас ялгарч байгаа нэг зүйл нь бүх хөгжим нь амьд. Амьд хөгжим гэдэг концевцтой болохоор хөдөлмөр маш шаардана. Зөвхөн цомгийн тоглолт гэхээсээ илүү би өөрөө барууны каунтри хөгжим жазз тал руугаа VIP хэмжээний тоглолт хийх төлөвлөгөө байгаа. AGT-тай гэрээтэй байгаа. Гэрээ маань дуусах арай болоогүй. Шоу дуусаагүй учраас хэн нэгэнтэй хамтран ажиллах санал заавал AGT-аар дамжих ёстой. Гэхдээ бид монголдоо өөрсдийнхөө ажлыг хийгээд явж байгаа болохоор түүнийгээ үзэгч, сонсогчдод хүргэх болно. Мөн урд, хойш хөршдөө ч юмуу ойрын хэмжээнд өөрсдийгөө сурталчлах, цаашлаад дэлхий дахинд өөрсдийгөө гаргах зорилтынхоо хүрээнд бүх ажлуудаа дэс дарааллын дагуу хийгээд явна даа. 

-ӨӨРТӨӨ ЭРГЭЛЗДЭГГҮЙ. УЧИР НЬ БИ ӨДӨР БҮР БЭЛТГЭЛ ХИЙДЭГ-

-Энэ төрлийг хөгжүүлээд, дуулаад явахад үзэгч сонсогчид хэр хүлээж авч байна вэ?

-“Jazz country” бол шинэ жанр. Бараг анхных байх. Монголын урлаг хэдий баян ч барууны чиглэлийн каунтри хэв маягийг монгол ахуй соёлтой холбож байгаа маань нэг төрлийн шинэ урсгал. Шинэ юм болгон шууд амжилтад хүрдэггүй. Тиймээс бага багаар өөрсдийнхөө сонсогчдыг бэлтгэх, илүү чанартай уран бүтээл хийх тал дээр ажиллаад явж байгаа. Мэдээж алдаж, онох зүйл зөндөө гарах байх. Тиймээс та бүхэн минь алдаж байвал дэмжээрэй. Үнэтэй сургааль, зөвлөмжөө хайрлаарай. Хэрвээ бидний хийж байгаа зүйл таалагдаж байвал илүү их дэмжээрэй гэж хүсмээр байна. 

-Дотоодын тайз болоод дэлхийн хэмжээний тайзан дээр гараад үзчихлээ. Үзэгчдийн хувьд хэр ялгаатай байдаг юм байна. Үзэгчдийн боловсрол, хүлээж авах ялгаа нь өөр байна уу?

-Мэдээж ялгаатай. Монголд магадгүй би уртын дуучин байсан бол үзэгчдэд арай ондоогоор хүрнэ. Каунтри гэх урсгал Америкийн ардын хөгжмийн урсгал шиг болчихсон. Өөрсдийнх нь үүсгэсэн манайхаар бол нэг төрлийн нийтийн дуу гэдэг шиг хөгжсөн жанр. Би америкт очоод дуулахад нэг талдаа наалдац нь арай илүү байгаа байх. Тиймээс харьцуулахад жаахан түвэгтэй л юм. Монголын нийт хүмүүс ойлгох хэмжээнд хүрээгүй байх. Гэхдээ хөгжим сонсдог, ойлгодог хүмүүс дэмжээд явдаг.

-Та физик сонирхдог болохоор инженер мэргэжлийг эзэмшсэн гэсэн. Үндсэн мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?

-Ойрын төлөвлөгөөнд алга байна. Гэхдээ инженерчлэл талдаа сонирхолтой. Манайхан хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэж ярьдаг. Тиймээс өөрийнхөө мөрөөдөл зорилгынхоо төлөө нэг салбараа дагнаад эцсийг нь үзтэл явна даа гэж бодож байна. 

-Та багаасаа хөлбөмбөг үзсэн фанат гэсэн. Өөр танд сонирхдог, нууцлаг авьяас бий юу?

-Төрөл төрлийн спортыг сонирхдог. Оролддог. Сагсанбөмбөг, хөлбөмбөг сонирхоно. Би гэхдээ илүү үзэгч талаасаа фанат. Хорь гаруй жил хөлбөмбөг, арав гаруй жил сагсанбөмбөг үзэж байна. Сүүлийн хэдэн жил жаахан үзэж чадахгүй цалгардаад байгаа. Европ, монголын цагийн зөрүү гэх мэтээр нөлөөлнө. Гэхдээ маш том үзэгч, фанат. 

-Хувийн амьдралдаа цаг зарцуулж чадаж байна уу. Хэрхэн төлөвлөж байна вэ?

-Хүн аливаа нэгэн шийдвэрийг гаргахдаа тодорхой хэмжээний эрсдэл үүрдэг. Нэг зүйлийг эрсдэлд оруулж, нөгөө зүйлийг зорьж байдаг. Тийм болохоор яг одоохондоо томоор төсөөлсөн зүйл алга. Урлагтаа илүү их цаг заваа зориулаад явах байх. Хангалттай цаг зарцуулж чадахгүйгээр гэр бүл төлөвлөх, хувийн амьдралаа төлөвлөх нь эрсдэл гэж ойлгож байгаа. Ойрын хэдэн жилдээ ажлаа нэгдүгээрт тавиад явна даа. 

-“America’s Got Talent”-аас урилга авсан 40 хүний нэгээр очсон гэлээ. Өөртөө чадах болов уу гэж эргэлзэж байв уу?

-Эргэлзээгүй. Яагаад гэвэл өдөр бүр бэлтгэл хийдэг. Магадгүй миний хамгийн сайн хийж чаддаг зүйл энэ байх. Бас тэр нь хүмүүст таалагдсан болохоор урилга ирсэн болов уу. Өдийг хүртэл өөрийнхөө бүх зүйлийг дайчлаад, цаг заваа зориулсан зүйл минь ямар ч үр дүнгүй байгаагүй юм байна гэсэн бодол минь эргээд маш том мотавейшн болж өгсөн. Тэгээд л бэлтгэл рүүгээ шамдан орсон доо. 

-Спортод сэтгэл зүй их чухал гэдэг. Урлагт сэтгэл зүй хэр чухал вэ?

-Нэг том зүйл нь. Би зүрхнээс гарсан тэр зүйл зүрхэнд хүрнэ гэж боддог. Тиймээс дуу дуулахдаа сэтгэл зүрхнээсээ дуулах, түүнд өөрийгөө бэлтгэнэ гэдэг нэг төрлийн авьяас байх. Магадгүй сайн дуучин, дундаж дуучны ялгаа түүн дээр байдаг байх. Тиймээс сэтгэл зүйгээ бэлтгэнэ. Өөрийнхөө хүссэн, зорьсон зүйлийг хийхийн тулд өгөгдөл байх хэрэгтэй. Өгөгдөл гэдэг нь маш сайн бэлтгэл гэж бодож байна. Тэгэхээр бэлтгэлээ шаргуу хийх хэрэгтэй. Тэр нь эргээд өөрийнхөө хүссэн зүйлд хүрэхэд тус дэм болох болов уу. Тийм учраас өөртэйгөө маш их ажиллана. 

-Өдөрт тэдэн цаг бэлтгэл хийнэ гэсэн цагийн хязгаар байдаг уу?

-Надад мэргэжлийн багш байхгүй. Анхнаасаа байгаагүй. Youtube гэдэг ганц л багштай. Цагийн хязгаар ч гэж байхгүй. Дуулмаар санагдсан үедээ 4-5 цаг ч дуулна. Анх эхлэхдээ ч гэртээ хэдэн цаг ч дуулдаг байсан юм мэдэхгүй. Гэхдээ 3, 4, 5 цаг дуулдаг байсан байх. 

-Анх тэгэхээр өөр өөртөө багш, өөр өөртөө сонсогч байжээ. Өөрийн гэсэн хүрээлэлтэй сонсогчтой болоод ирэхээр өөр өөртөө өөрчлөгддөг юм байна уу? 

-Урам авах зүйл минь илүү олон болж байна. Анх зөвхөн өөртөө урам өгдөг байсан бол хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээгээд, намайг сонсоод, надад урмын үг хайрлаж, намайг дэмжиж байгаа үзэгч, сонсогчдынхоо алга ташилтыг сонсоод урам авч сэргэдэг. Яг өөрийнхөө мөрөөдлийн хүнээ бүтээж чадаагүй байгаа болохоор бэлтгэлээ байнга хийдэг. Урам гэдэг хүнд маш том түлхэц болдог. Хамт олон маань ч болохгүй байгаа зүйлийг зөвлөөд, засаж залруулаад явдаг болохоор магадгүй хэзээ нэгэн өдөр өөрийнхөө хүссэн тэр хүнийг бүтээж чадах байх аа гэж бодож байна.    

-Таныг дуулуулах урилга хэр ирдэг вэ?

-Дийлэнхдээ хуриман дээр дуулуулах урилга ирдэг. Намайг дуулуулахыг хүссэн байгууллага хамт олон дээр очих дуртай. Яагаад гэвэл надад өгөх мэдрэмж нь илүү гоё санагддаг. 

-“Авьяаслаг Монголчууд-2016” шоуны дараа Mongol HD телевизтэй хамтран ажилласан. Тэр үеэрээ жижиг жижиг дүр бүтээсэн дээ. Таныг кинонд тоглуулах урилга ирж байна уу?

-Ирж байсан. Би “Тал нутгийн зомби” гэж кинонд тоглосон. Анх тоглоно гэж төсөөлөөгүй байж байгаад гэнэт дүр аваад тоглохоор болсон. “Амьдрал баян” цомгийн минь хамгийн анхны синглэ Арван тавны саран гэдэг дуу бий. Тэрхүү дууг минь кинондоо дуулуулъя гэдэг анхны санал нь сүүлдээ дүр болоод тухайн кинонд дүр бүтээж байлаа. Үнэндээ тийм амар ажил биш байна лээ. 

-Дахин урилга ирвэл тоглох уу?

-Магадгүй тоглох байх. Жүжигчний мэргэжил надад их сонирхолтой санагддаг. Нөгөө талаасаа адилхан урлаг, соён гэгээрүүлэх гэдэг нэг чигийн дор явдаг болохоор хэрвээ дахин боломж олдвол тоглоно гэж бодож байна. 

-Таны хэтийн төлөвлөгөө юу байгаа вэ?

-Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх зорилгын төлөө баг хамт олноороо, заримдаа ганцаараа ч юмуу ажиллаад явж байна. Ерөнхийдөө түүнийхээ төлөө зогсолтгүй зүтгэнэ, хичээнэ. 100 хувь төлөвлөгөөний дагуу явна гэж байхгүй шүү дээ. Тиймээс тухайн үедээ маневерлаад явах болов уу. Ямар ч байсан эцсийн харсан цэг минь нэг л болохоор түүн рүүгээ зүтгээд хүрнэ дээ л гэж бодож байна.    

С.ОТГОНБАЯР

Таны сурталчилгаа