Улсын онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
УОК-ын дарга С.Амарсайхан: Улсын хэмжээнд төмөр болон цагаан зудтай 250 гаруй сум байна. Эдгээр аймаг орон нутгуудад Шуурхай штаб, шуурхай бүлгүүдийг ажиллууж, үе шаттай арга хэмжээг авсаар байгаа. Хаврын нөхцөл байдал амаргүй байгааг өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Засгийн газрын хуралдаанаар хоёрдугаар сарын 14-нөөс тавдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлалаа. Хүндэрсэн нөхцөл байдлаас улбаалан хүний амь нас, эд хөрөнгө, мал хуйг хамгаалах хариу арга хэмжээг зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулъя.
Нэгдүгээрт, “Малчдаа дэмжье” үндэсний аяныг УОК, Засгийн газраас зарлаж байна. Үүнд: хаврын эрсдэлийг хохирол багатай даван туулах ажлыг зохион байгуулах, шаардлагатай удирдлагаар хангах шуурхай бүлгүүдийг зуд нүүрлэсэн аймаг, орон нутгуудад томилж ажиллуулж байна.
Хоёрдугаарт, улсын нөөцөөс өвс тэжээл, бензин шатахууныг хөнгөлөлттэй үнээр аймаг, орон нутгуудад нийлүүлнэ.
Гуравдугаарт, цасанд боогдсон зам давааг чөлөөлөх, айл өрх малчид руу хүргэх зам харгуйг гаргах, өвс тэжээл, хүнсний хангалт хүргэлт дэмжлэг, түргэн тусламжийг яаралтай хүргэх ажлын хүрээнд бид хүн хүчийг нэмэлтээр дайчлахаар Зэвсэгт хүчин, Хилийн цэргийнхэн, төрийн байгууллагын алба хаагчдыг нэмэлтээр дайчилж, асуудал хариуцсан хүмүүстэй хамтран зохион байгуулж, малчид тариаланчид, хөдөө орон нутгийн иргэддээ дэмжлэг туслалцааг үзүүлнэ.
Дөрөвдүгээрт, зудад нэрвэгдэж амьжиргааны эх үүсвэрээ алдаж малгүй болсон, амьдрал ахуй нь доройтсон айл өрхүүдэд нийгмийн халамжийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, тэрхүү айл өрхүүдийн хүүхэд багачуудын сургууль, цэцэрлэгийн асуудал, түүнтэй холбоотой гарч болзошгүй эрсдэлүүдийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг Хөдөлмөр нийгэм хамгааллын яам (ХНХЯ), холбогдох байгууллагууд, Хүнс хөдөө аж ахуйн яам (ХХААЯ), сайдад нь өгч, энэ ажил эхэлж байна. Энэ хүрээнд айл өрхүүдийг малжуулах ажил хийгдэнэ. Мал нь хорогдсон асар олон иргэд бий болсон. Ядуурал, эрүүл мэндийн асуудал үүсгэхгүйн тулд эдгээр ажлуудыг хэрэгжүүлэн, Засгийн газар, яамд тухай бүрт нь танилцуулж ажиллана.
Тавдугаарт, малчдад туслах аяныг олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулна.
Зургадугаарт, малын гоц халдварт өвчнөөс зайлшгүй урьдчилан сэргийлэх шаардлагатай. Бог малын мялзан, хонины цэцэг, гэх мэтээр зарим газруудад эрсдэлтэй нөхцөл байдал багагүй байгаа учраас Улсын мал эмнэлгийн байгууллага, ХХААЯ, Зооноз өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ), аймаг орон нутгийн удирдлагуудад хаврын отор нүүдлийн шилжилт хөдөлгөөний үеэр малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийх нь маш чухал.
Долдугаарт, малчдыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр тасралтгүй хангах, ялангуяа отор нүүдлээр яваа, алслагдсан аймаг сумдад ажиллаж амьдарч байгаа малчин өрхүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлэхээс гадна, эрт илрүүлгийн үйл ажиллагааг давхар зохион байгуулах ажлыг ЭМЯ хариуцан ажиллана.
Наймдугаарт, сумын эрүүл мэндийн төв нь алслагдсан газруудад дуудлага үйлчилгээг үзүүлэх автомашины асуудлууд хүндрэлтэй байдаг. Сумдын эрүүл мэндийн үйлчилгээг сүүлийн үеийн технологиор тоноглосон, туулах чадвар сайтай автомашинаар шинэчлэхэд нийтдээ 9 тэрбум төгрөг шийдвэрлэх асуудлыг УОК-ын хурлаар ярилцан, Засгийн газрын хуралдаанаар өнөө маргаашгүй оруулж, шийдвэрлэнэ.
Есдүгээрт, зудын эрсдэлийг бууруулах, айл өрхийн амьжиргааг дэмжих үүднээс Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу орон нутгийн нөөцийг нэмж бүрдүүлнэ. Үүнд, өвс тэжээл, хүнс, бензин шатахууны нөөцийг нэмж бүрдүүлэх асуудлууд байна.
Аравдугаарт, аймаг орон нутгуудын төсвийн давсан орлогыг зөвхөн хаврын хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах, эрсдэлийг багасгах, хохирлыг багасгах, ард иргэд малчиддаа хүрэх тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхэд зориулахаар шийдвэрлэлээ.
Арваннэгдүгээрт, стратегийн буюу хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, шатахууны хомсдол зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдаас үүрэг даалгавар өгөгдсөн байгаа. Эдгээр төрлийн бүтээгдэхүүнийг гаалийн бүрдүүлэлт, татварын хөнгөлөлт үзүүлэх, тэр хэрээр хангалт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнэ өртгийг хэвийн хэмжээнд барих зорилгоор тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газраар яаралтай хэлэлцүүлэн, УИХ-д өргөн барина.
Арванхоёрдугаарт, шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, үерийн эрсдэл бүхий газар айл өрхүүдийг суурьшуулахгүй байх, албан байгууллагуудыг эрсдэлд оруулахгүй байх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх ажлууд өнгөрсөн оны өмнөөс зохион байгуулагдаж ирсэн. Энэ ажлыг улам эрчимжүүлж, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь үнэлэлт дүгнэлт өгч, зөвхөн нийслэл гэлтгүй аймаг, орон нутгуудад шар усны үер, халиа дошингийн хүндрэлүүд бий болохоор байгаа. Энэ ажлуудыг зохион байгуулахаар нийт 11-12 төрлийн шийдвэрийг өнөөдөр УОК, Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Зүй бусаар хорогдсон малын тоо хэд болсон бэ. Малгүй болсон хэдэн өрх байна вэ?
-УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Өчигдрийн байдлаар 508 мянган мал зүй бусаар хорогдсон байсан бол өнөөдөр 600 мянга болсон. Малын хорогдлын тоогоор Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байна. Сүхбаатар, Хэнтий аймгийн урд хэсгүүдэд малынхаа 50 хувийг алдсан, цөөн тооны малтай байсан бол түүнийгээ 100 хувь алдсан гэсэн тоон мэдээллүүд нэгтгэгдээд гарч байна. Улсын хэмжээнд 15 мянга орчим айл цасанд боогдсон, хязгаарлагдсан, зам гаргах шаардлагатай гэсэн тооцоо судалгааг гаргасан. Энэ дагуу өнөөдрийн байдлаар 38 мянган км зам гаргах төлөвлөгөөг гаргаад ажиллаж байна. Улсын хэмжээнд өвс тэжээлийн 80 хувь нь зарцуулагдаад дууссан.
С.ОТГОН