Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар цаг агаарын нөхцөл байдал, үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ. Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.
Тэрээр "УОК-ын гаргасан шийдвэрүүдийг Засгийн газарт танилцуулж, шийдвэрүүдийг гаргалаа. Хөдөө орон нутагт хаваржилтын хүндрэлийг даван туулахад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үргэлжилж байгаа.
Нэгдүгээрт, Тэжээл, хужир бусад импортын гурилан бүтээгдэхүүнүүдийн татварыг чөлөөлөх асуудлыг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина.
Хоёрдугаарт, аймаг орон нутагт зам харгуй гаргах. Хот руу буцаж чадахгүй, сум баг руу зорчих боломжгүй болж, эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт явуулахтай холбоотой бензин шатахууны зардлыг шийдвэрлэлээ.
Гуравдугаарт, хөдөө орон нутаг, сум багууд руу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ цаг алдалгүй хүргэх ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдаар ахлуулж зохион байгуулсан.
Дөрөвдүгээрт, малын сэг зэмийг устгах, үүнтэй холбоотой ариутгал, халваргүйжүүлэлтийн ажлыг цаг алдалгүй зохион байгуулах зардлыг шийдвэрлэв.
Тавдугаарт, отор нүүдлээр яваа иргэдэд хүнсний бараа бүтээгдэхүүнүүдийг хүргэх, эм тариа эмнэлгийн анхан шатны эмийн багцыг хүргэх асуудлыг шийдлээ.
Зургадугаарт, нийслэлийн хэмжээнд үүсч болзошгүй шар усны үер, түүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх, урьдчилсан сэргийлэх зардлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлэх.
Долдугаарт, аймаг сумдууд, алслагдсан хөдөө орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд хүндрэл бэрхшээлтэй байгаа сумдад эрүүл мэндийн үйлчилгээний зориулалтын автомашиныг нийлүүлэх.
Нийтдээ 21.5 тэрбум төгрөгийн дэмжлэг туслалцааг аймаг, орон нутгууд, малчид өрхүүддээ үзүүлэхээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Үүнээс гадна Цаг уур орчны шинжилгээний газрын үйл ажиллагааг сайжруулах, чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд тоног төхөөрөмж, станцыг байгуулах төсвийг шийдвэрлэв. Нийтдээ 34 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн" гэв.