Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ц.Туваан тэргүүтэй төлөөллүүд мэдээлэл хийв. Тэд УИХ дахь АН-ын бүлгээс малчдад зориулсан хандивын аян өрнүүлж байгаа талаар ярив.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: -ХАА салбарт тулгамдсан асуудлууд байна. Богино, дунд, урт хугацаанд юу хийх вэ гэдгийг ярих цаг ирсэн. Сүүлийн жилүүдэд Монголын ХАА-н салбарт аргацаасан бодлогууд л яваад байна. Аливаа эрсдэлд бэлтгэлгүй байна. Цаг агаарын энэхүү сорилт малчдаас биш Монголын төрөөс авч байгаа шалгалт. Шалгалтад монголын төр уналаа.

Гол шалтгаан нь ХАА-н салбарын өдөр хоног аргацаасан шийдвэр болон сонгуулийн санал авахын тулд алсыг биш өнөөдрийг харж ирсэнтэй холбоотой. Ер нь хотын иргэдийг махаар хангахын тулд малчдыг орлогогүй болгож, махны үнийг барьж экспортод гарах боломжийг хааж, квоттой болгож ирсэн. Улс төрийн шийдвэрээр олон зйл явсан. Энэ гайгаар малчид хашаа хороо, өвс тэжээлгүй, орлогогүй болсон. Малчид мөнгөгүй учраас бэлтгэлээ сайн хангаж чадаагүй.

Монголын МАА-д даатгал алга, орлого олох боломжууд алга. Энэ бүгдийг нь боомилчихсон, хаачихсан. Дээрээс нь малын халдварт өвчний улмаас мал үнэгүйдсэн зэрэг олон олон зүйлийг энд дурдаж болно.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: -Өнгөрсөн намар налгар сайхан болсон. Арваннэгдүгээр сарын 4-нөөс их хэмжээний цас орсон. Намрын чуулганы хуралдааны үеэр би болон АН-ын гишүүд 30 гаруй удаа Засгийн газар УИХ-д санал хэлж байсан. Цэрэг штаб байгуулах, малыг тарган байгаа дээр бойлох, өвс тэжээлийг аймаг суманд хүргэх шаардлага байна гэж олон удаа мэдэгдсэн. Нэргэсэн хойно нь хашхирав гэгчээр хэдэн хэвэг ачаад сайд нар нь матрын нулимс унагаад явж байна. Энэ жилийн түүхэнд байгаагүй зуд боллоо.

Гэтэл телевизийн мэдээгээр улсын хэмжээнд 600 мянган мал үхсэн гэсэн мэдээлэл ичихгүй тарааж байна. Үнэндээ Зөвхөн Сүхбаатар аймагт гэхэд нэг сая орчим мал үрэгдчихээд байна. Зүүн бүсэд 1-2 сая гаруй толгой мал хорогдсон. Харин Засгийн газраас "Шилэн зуд боллоо" гээд зургаан сайдаа явуулж байна. Гэтэл улс төрийн шинжтэй хүмүүс нь толгойлоод ажил хийдэг хүмүүс нь очихгүй байна. 

Таны сурталчилгаа