“Ногоон автобус”-ны сонсголыг ахлах УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Сонсгол хэзээ болох вэ. Бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа вэ?
-Нэн тэргүүнд бид шинжээчдээ томилох ёстой. Монголбанк, Сангийн яам, Нийслэлийн худалдан авах газар гэх мэтчилэн 4-5 газар шинжээч томилох албан бичгээ явуулчихсан. Удахгүй шинжээчдийн нэрс ирэх байх. Шинжээчид гол материалууд дээрээ ажиллана. Материалуудаа зохих байгууллагуудаас татна. Улаанбаатар хот болон бусад байгууллагаас татаад ажиллана. Ямар ч байсан бид дөрөвдүгээр сардаа багтаагаад нээлттэй сонсголоо явуулна гэсэн бодолтой байна.
-Хянан шалгах хороонд мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллүүд ирсэн үү. ЦЕГ-ын мэдээлснээр Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатараас авахуулаад 24 хүнийг яллагдагчаар татсан гэсэн?
-Шинжээчид эхлээд материалуудаа татаад үзэх ёстой. Хараахан үзээгүй байна. Гэхдээ ерөнхийдөө хэрэг нь тодорхой хэмжээнд боогдоод хууль хяналтын байгууллагууд руу шилжсэн гэсэн мэдээлэл байна. Бидний хувьд сонсголын гол зорилго ард иргэдэд мэдээлэл өгөх. Бид шүүх биш. Таслах ажиллагаа явуулахгүй. Хамгийн гол нь ямар худалдан авах үйл ажиллагаа явуулсан юм бэ. Нээлттэй юмуу, хаалттай юмуу. Хаалттай бол яагаад хаалттай явуулсан юм бэ. Нууцлалд авсан бол ямар нууцлалд авсан бэ. Холбогдох хууль дүрмийн дагуу авсан юмуу. Ямар албан тушаалтан эрх мэдэл бүхий хүмүүс үүнд оролцсон бэ гэдэг чиглэлээр нээлттэй мэдээлэл авах ёстой. Хоёрдугаарт, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж яваа. Гэхдээ паралелаар бид бүх материалыг татаж авч үзэх ёстой. Үүнд оролцогчдыг бид тодорхойлно. Хорь гаруй хүн тухайн үйл ажиллагаанд оролцсон гэсэн мэдээлэл байгаа юм билээ. Хамаагүй хорь байна уу, хэд байна уу. Бүгдийнх нь мэдээллийг татаж авчирч үзнэ. Ямар албан тушаалтай байхаас үл хамаарч ард иргэддээ мэдээлэл өгөх ёстой. Жишээ нь, би өмнө нь “Нүүрсний сонсгол”-д оролцож явсан. Хамгийн анх “Хөгжлийн банкны сонсгол”-ыг ч удирдаад явж байсан хүний хувьд гол зүйл нь иргэдэд мэдээлэл өгөх. Тийм болохоор бүхий л оролцогчдыг дуудаж авчирна. Бүх материалуудыг татаж үзэж, дүн шинжлгээ гарган мэдээллийг өгнө гэсэн бодолтой байна.
-Өмнөх сонсголуудыг харахад яг гол оролцоотой хүмүүс нь гэрчээр оролцохгүй, ирэхгүй байна гэдэг асуудлууд яригдсан. Тэгэхээр “Ногоон автобусны сонсгол”-д гэрчээр ямар хүмүүс оролцох вэ. Тодорхой хэдэн нэрс хэлэх боломжтой юу?
-Шинжээчид маань материалаа үзээгүй байгаа шүү дээ. Материалаа үзчихвэл холбогдох албан тушаалтнуудыг бид бүгдийг нь дуудна. Мэдээж нэн тэргүүнд Ж.Сүхбаатар гишүүн яригдах байх. Ж.Сүхбаатар гишүүн ирэх байх гэж би бодож байна. Үүнээс зугтаад байх зүйлгүй байх. Өөрөө тодорхой хэмжээний мэдээлэл өгөөд энд тэнд, нэвтрүүлэгт ч орчихсон явж байна лээ. Тэр утгаараа Ж.Сүхбаатар гишүүн ирэх байх. Дээрээс нь Д.Сумъяабазар, нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан хүмүүс, тодорхой албан тушаалд байсан хүмүүсийг бүгдийг нь дуудна гэсэн бодолтой байна.
-Сонсгол зөвхөн “Ногоон автобусны” хэрэгт төвлөрөх үү?
-Зөвхөн ногоон автобусны хэргийг ярина. Гэхдээ үүнийг дагаад Нийтийн тээврийн асуудал хөндөгдөх байх. Сонсголыг анх УИХ дахь АН-ын бүлэг хийхийг санаачилсан. Миний хувьд гарын үсэг зураад дэмжээд явсан. Тэр утгаараа нэгдүгээрт оролцож байна. Хоёрдугаарт, тээврийн салбарт олон жил ажиллаж байсны хувьд тодорхой хэмжээнд нийтийн тээврийн асуудлуудыг үзэх хэрэгтэй байна. Ногоон автобустай холбоотой асуудлууд, тэгээд бидэнд ямар асуудлууд тулгараад байна, түгжрэлтэй холбоотой асуудлууд гэх мэтээр ярих хэрэгтэй. Түгжрэлийг шийдэхэд нэн тэргүүнд мэдээж нийтийн тээвэр, автобусны хангамжтай холбоотой асуудал яригдана. Цааш цаашдаа дотор нь бугшсан асуудал юу байна гэдгийг үзэх зүйтэй гэж бодож байгаа.
-Ногоон автобусны өмнө авсан электрон улаан автобусны асуудал бас хөндөгдсөн. Эрдэм трансын захирал гадагшаа гараад ор сураггүй болсон гэх мэт мэдээллүүд явж байна. Энэ талаарх зүйлүүд яригдах уу?
-Бидний хувьд УИХ-аас гаргасан удирдамж бий. Удирдамжийнхаа хүрээнд л ярих ёстой. Хэт задгай тэлээд явна гэсэн ойлголт байхгүй. Мэдээж нийтийн тээвэртэй холбоотой асуудлууд хүссэн хүсээгүй орж ирэх байх.
-Сонсголыг ахлагчийн хувьд баримтлах зарчим, сонсголоос хүлээж байгаа зүйл юу байна вэ?
-Бүх л мэдээллийг ил тод гаргаж тавина. Нэн тэргүүнд оролцогчид хэн байх нь тодорхой байх ёстой. Урьд өмнөх сонсголуудад зарим нөхөд ирэхгүй байсан шүү дээ. Түүнийг би дотор нь ажиллаж байсны хувьд ирэх арга хэмжээнүүдийг бүгдийг авна гэж бодож байна. Зөвхөн ногоон автобусны асуудал яригдах болохоор сонсгол маань цомхон гайгүй явчих байх. Хамгийн гол нь хуулийн дагуу хэрхэн хийгдсэн юм бэ. Хууль хаана, яаж зөрчигдсөн юм, хэн хэн зөрчсөн бэ гэдэг асуудлуудыг л ил тод гаргах нь чухал гэж бодож байна.
С.ОТГОНБАЯР