Цаг үеийн мэдээ

Хүний эрхийн үндэсний комиссоос “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-ийг танилцууллаа. Тус илтгэлийг танилцуулах үеийн онцлох зарим эшлэлийг түүвэрлэн хүргэж байна. 

• Бүтэн өнчин хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай хүүхдийг асрах газар монголд байхгүй. Төв сувилал 3 нас хүртэл нь асардаг. Өнөөдрийн байдлаар Төв сувилалд байнгын хэвтрийн 5 хүүхэд бий. 6 байсан. 1 нь өнгөрсөн онд нас барсан. Тэр хүүхдийн оршуулах зардлыг сувиллын ажилтнууд өөрсдөөсөө гаргасан.

• Дотоод орчны агаарын чанараас болж уушги нь бүрэн төлжөөгүй байх үед 0-5 насны хүүхдүүд их нас бардаг. Тэр тоог хэлэхээс санаа зовмоор... Тиймээс улсад ганц байгаа лабораторийн датан дээр үндэслэн яаралтай “Дотоод орчны агаарын чанарын стандарт”-тай болох ёстой

• 4 гэр бүл тутмын 1 нь гэрлэлтээ цуцлуулж байна

• Гэр бүлийн хүчирхийллийн 70 хувь нь хянах хэлбэрийн хүчирхийлэл

• Цагдаагийн байгууллагад ирж буй дуудлага мэдээллийн 4 дүгээр байрт “Гэр бүлийн хүчирхийлэл” орж байна

• 8 удаа “Гэр бүлийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахад хүүхдийн тэтгэмжийн асуудал нэг ч хөндөгдөөгүй

• “Хүүхдийн хөгжил хамгааллын хэрэгжилт” 2017 онд батлагдсан. Гэвч үүний хэрэгжилтийг хайгаад олоогүй...

• Зам тээврийн осол, гэмт хэргийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж, өнчирч үлдсэн хүүхдийн тоон мэдээлэл гардаггүй. Түүнийг гаргахыг хүсдэггүй юм уу. Бүү мэд

• Бүтэн өнчин гэж тодорхойлолт хуульд байна. Гэвч хагас өнчин хүүхэд гэдэг тодорхойлолт байхгүй

• Эцэг эхтэй мөртлөө асрамжийн төвд ирэх хүүхдийн тоо буурахгүй байна

• Байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн орлого доод тал нь 1.3 сая төгрөг байх ёстой

• Гэмт хэргийн улмаас өнчирсөн хүүхэд сэтгэл зүйн эмзэг байдалд ордог. Үүнээс болж гэмт хэрэг хийх магадлал ихэсдэг. Биеэ үнэлэх, хулгай хийх тохиолдлууд гарсан

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэд улсаас олгож буй тэтгэмжээс 47 хувиар илүү төсвийг эрүүл мэнддээ зарцуулдаг

С.ОТГОН