Цаг үеийн мэдээ

Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 

Нийслэл Улаанбаатар хотод агаарын бохирдлыг үүсгэж буй хэд хэдэн хүчин зүйлүүд байгаа. Нийт агаарын бохирдлын 56 хувь орчмыг гэр хорооллын яндангаас гарч буй утаа эзэлж байна гэж 2022 онд ЖАЙКА олон улсын байгууллагаас хийсэн судалгааны тайланд дурдсан. 29 хувь орчмыг өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслээс гарч байна гэж үзсэн. Үлдсэн 16 хувь орчмыг уурын зуухнууд болон цахилгаан станцуудын агаарт ялгаруулж байгаа химийн хортой бодисууд бүрдүүлж байна. 2023, 2024 онд агаарын бохирдлоор хийсэн судалгааны тайлан гараагүй байна. Цаашид бид агаарын бохирдлыг үүсгэж байгаа хүчин зүйлүүдийг хэрхэн бууруулах талаар агаарт гаргаж буй азотын давхар исэл болон нүүрстөрөгчийн хувь хэмжээг бууруулах урт, богино, дунд хугацааны төлөвлөгөө, бодлого гаргаж ажиллах чиг үүрэг бүхий Үндэсний хороог өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар байгууллаа. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Байгаль орчны сайд С.Одонтуяа ахална. Миний бие Нарийн бичгийн даргаар ажиллах шийдвэр өнөөдөр гарсан. Гэр хороололд өнөөдөр 198 мянган ширхэг яндан байна гэдэг тооллогыг 2024 оны долдугаар сард Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэг бүхий байгууллагууд хамтдаа явж тоолсон. Эдгээр яндангууд жилд дунджаар 520-540 мянган тн сайжруулсан түлшийг сүүлийн 2 жилийн турш түлж байна гэдэг мэдээллийг гаргасан.  

Таны сурталчилгаа