Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах эсэхтэй холбоотойгоор бизнес эрхлэгчдийн зүгээс Монгол Улсын Шадар сайд, Монгол Улс-Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын дарга С.Амарсайхантай уулзах хүсэлт тавьсан. Иймд уг хүсэлтийн дагуу Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтын эхэнд бизнес эрхлэгчид чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудлаар төрийн дунд шатны албан тушаалтнууд мэдээлэл өгч, санал аваагүй хэрнээ дарга нартаа авсан мэтээр буруу ойлголт өгснийг уламжлаад цаашид үүнд анхаарч ажиллахыг хүслээ.
Түүнчлэн гэрээ хэлэлцээрийн асуудал ганцхан манай улсад тулгараагүй. Олон орон үүнийг туулж гарсан. Ингэхдээ улс орнууд дотоодын зах зээл, аж ахуйн нэгжээ ямар бодлого, арга хэмжээгээр дэмжсэнээрээ ялгардаг. Тиймээс дотоодын аж ахуйн нэгжүүддээ наанадаж татварын таатай орчныг бий болгох шаардлагатай. Нөгөөтээгүүр геополитикийн асуудлыг ойлгож, нухацтай хандах нь чухал. Мөн хэрэглэгчийн эрх ашгийг хангах нь ч зүй ёсны хэрэг. Төрийн эрх ашиг эсвэл хувийн хэвшлийн эрх ашиг бус Монголын эрх ашиг яригдаж байгааг маш сайн ойлгож байна хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Мөн бизнес эрхлэгчийн зүгээс хэлэлцээрийг хойшлуулах саналыг уламжлахын сацуу түр хэлэлцээрийн гэрээнд тусгах саналаа гардуулж нааштай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Монгол Улсын Шадар сайд, Монгол-Улс Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын даргын хувьд уг чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хойшлуулах бизнес эрхлэгчдийн саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээ мэдэгдлээ.