Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Агаарын бохирдлыг бууруулах хоёр үндсэн эх үүсвэрийг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг Засгийн газрын тэргүүний асуусан асуултад нийслэлээс би дараах байдлаар хариулт өгч байгаа.
Бид хамтдаа агаарын бохирдолтой тэмцэх ёстой. Агаарын бохирдолтой тэмцэх албанаас хийсэн судалгаа зөвлөмжөөр 60 мянган айлд гэр, байшингаа дулаалах зөвлөмжийг өгсөн. Ирэх хавраас дахин айлуудаар тооллого хийгээд, дүн гарах байх. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг илүү өдөөж өгч байгаа 60 мянган айл байна. Гэр, байшингаа дулаалаагүй. Удаа дараа өгсөн зөвлөмжийг дагаагүй. Дээр нь 84400 айлын зуухыг нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай болоод байгаа. Сүүлийн үед гарсан угаарталтын дийлэнх хувь нь чанарын шаардлага хангахгүй зуухнаас болсон гэсэн дүгнэлт гарсан. Айл өрхүүд өөрсдөө зуухаа шинэчлэх үүрэгтэй. Харамсалтай нь 84 мянган айлын зуухыг шинэчлэхгүй бол болохгүй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Дэлхийн бусад орнууд агаарын бохирдолтой тэмцэх явцын шилжилтийн нэг хэсгийг бид туулж яваа. Түүхий нүүрс түлдэг байх үеийн нүүрсний үнэр, агаарын бохирдлын хэмжээ илүү байсныг мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа. Бухимдсан иргэд түүхий нүүрсээ эргэж түлье, угаартаж байна гэдэг шаардлагуудыг тавьж байгаа. Би өнөөдөр сайжруулсан түлш тийм ийм гэсэн нэг ч тоо баримт хэлэхгүй. Яагаад гэвэл энэ талын мэдээллүүдийг нийтээрээ итгэмжлэгдсэн лабораториудаас авч байгаа учраас энэ талаар мэдээлэл өгөх шаардлагагүй гэж бодож байна. Айл өрхүүд агаарын бохирдолтой тэмцэхэд гэрээ дулаалах, яндан зуухныхаа битүүмжлэлийг хангах зэрэг ажлуудыг давхар гүйцэтгэх ёстой гэж бодож байна. Зуухны шинэчлэлтэй холбоотой асуудлаар манай зарим улстөрчид нийгмийн сүлжээнд шүүмжлэл өрнүүлж байх шиг байна лээ. Өнгөрсөн жил Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос миний нэр дээр албан бичиг ирсэн. Зуухнуудыг шинэчил гээд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас оролцооч ээ гээд. Мөн л нийгмийн шаардлагаас болж үүнийг зогсоосон. Энэ жил бас төсөвт мөнгө тавигдсан. Худалдан авах ажиллагаа хийгдэх төлөвлөгөө батлагдсан. Бас л дахиад нийгмийн сүлжээнээс ийм мэдээллүүд ирж байна лээ. Энэ болгоны эцсийн золиос нь пийшингээ шинэчилж чадаагүйгээс болж амь насаа алдсан хүмүүс хохирогчид нь болж байгаа гэдгийг дүгнэж ойлгох хэрэгтэй.