Парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн “Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр 2024 оны арванхоёрдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо өрнөж байна.
Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын IV чуулган энэ сарын 21-нд болж, тус хурлаар Үүрцайхын Амарбатыг Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын Ерөнхийлөгчөөр сонгожээ. Ү.Амарбат нь УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажилладаг бөгөөд улсын аваргын тэмцээнд амжилттай оролцогчдын нэг юм.
Мэтгэлцээний онол, арга зүй, соёлыг Монгол Улсад төлөвшүүлэн хөгжүүлэх, хүүхэд, залуусын оюун ухаан, шинжлэх ухаанч, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ардчилсан, шударга, эрүүл нийгмийг баталгаажуулах мэтгэлцэгчдийнхээ мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим нь нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага ажээ.
Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хэрэгжүүлэгч, хувь хүнийг хөгжилд хөтлөх мэтгэлцээний урлагийг цаашид эрчимжүүлэхийн тулд гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлэх, англи хэлээр мэтгэлцэх төрлийг хөгжүүлэх, олон улсын тэмцээнд багуудыг бэлтгэх шаардлагатай хэмээн ММНТ-ын шинэ Ерөнхийлөгч Ү.Амарбат онцолсон байна.