Хойд мөсөн далайн ай савын гол, мөрөн
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, 25-80 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна. Харин ус судлалын Эг гол Хатгал тосгон орчимд мөсөн зах ажиглагдсан хэвээр байна. Дээрх голуудын мөсний зузааныг 2023 оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-35 см нимгэн байна. Хөвсгөл нуур Ханх, Хатгал тосгон орчимд мөсөн зах, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх үзэгдэл ажиглагдаж байна.
Хангай нурууны арын Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир зэрэг голуудад 15-60 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол Урдтамир голд мөсөн зах өргөсөн зузаарах үзэгдэл давамгайлан ажиглагдсан хэвээр байна. Эдгээр голуудын мөсний зузаан өнгөрсөн арав хоногоос 5-15 см нэмэгдсэн байна. Хангайн арын дээрх голуудын мөсний зузааныг олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5-30 см бага байна. Тэрхийн цагаан, Өгий нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 10 см нэмэгдэж, 40-65 см зузаантай болжээ.
Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Туул, Тэрэлж, Сөгнөгөр, Сэлбэ, Улиастай зэрэг голууд 35-75 см зузаан мөстэй байгаа нь өмнөх арав хоногийнхоос мөсний зузаан 5-30 см нэмэгджээ. Шарын гол, Сэлбэ болон Туул голын эхээр мөсний зузаан 2023 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-25 см ахиу байгаа бол бусад голын хувьд 5-30 см нимгэн мөстэй байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 25-60 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-25 см бага харин ус судлалын Сэлэнгэ-Хутаг харуул орчимд 10 см ахиу зузаантай байна.
Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Онон, Балж, Хэрлэн , Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд мөсний зузаан 12 дугаар сарын дунд арав хоногт 5-15 нэмэгдэж, 35-60 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч энэ нь 2023 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-45 см бага байна. Харин Буйр, Дуут, Хөх нуур 45-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон нь өнгөрсөн хугацаанаас мөсний зузаан 10-25 см нэмэгджээ.
Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруунаас эхтэй Ховд, Сагсай, Турган, Харбут, Чигэртэй, Үенч, Бодонч, Согоог, Дундцэнхэр, Долооннуур зэрэг голуудад 15-70 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон ба энэ нь олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-25 см бага байна. Буянт, Булган, Чонохарайх голуудад мөсөн зах, өтгөн зайр, харз гүйх үзэгдэл зонхилон ажиглагдсан хэвээр байна. Хар ус нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10 см нэмэгдэж, 40 см орчим зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна.
Хангай нурууны өврийн Богд, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Зүйл, Шарга, Түй, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Зэгстэй, Онги, Таац зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 15-75 см зузаан мөстэй болсон нь олон жилийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-20 см бага байна. Хар ус, Ойгон, Орог, Хөх нуур, Бөөнцагаан нуурын мөсний зузаан өнгөрсөн арав хоногт 10 гаруй см нэмэгдэж, 20-70 см зузаан мөстэй болжээ.
Увс нуурын савын Чигж, Хархираа, Баруунтуруун, Хариг, Хангилцаг, Намир, Түргэн, Тэс зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-45 см-ээр нэмэгдэж, 15-65 см зузаан мөстэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-30 см бага харин Түргэн, Тэс, Намир, Хангилцаг голын хувьд 5-15 см ахиу зузаантай байна.
Арванхоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж, байгаа хэдий ч мөсний зузаан 2023 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-45 см бага, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтэс