Цаг үеийн мэдээ

Манай улсад нярайн эндэгдэл 1000 амьд төрөлт тутамд 7,7 байдаг бол олон улсын дундажтай харьцуулахад 5 дахин өндөр байгаа юм. Монгол улсад нярайн эрт илрүүлгийг сайжруулах, оношилгоо эмчилгээг өргөжүүлэх бодлогын хүрээнд “Үндэсний баг” байгуулж эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй байлгах ажлууд шат дараалалтай хийгдэж эхлээд байгаа юм.

Өнөөдөр үүний нэг болох “Нярайн тархи өргөх” эмчилгээг Өргөө амаржих газарт хийж эхэллээ. Эмчилгээ үндсэндээ 72 цагийн турш хийгддэг бөгөөд бүтэлттэй төрсөн нярайн тархийг хөлдөөх замаар цаашид үүсэх хүндрэлийг зогсоох үйлчилгээ үзүүлэх эмчилгээ юм. 

Нярайн тархи өргөх эмчилгээний Үндэсний багийн ахлагч Б.Өлзийхишиг: “Манай улсад тархины хүчилтөрөгч цусан хангамжийн шалтгаант эмгэг сүүлийн 10 жил нярайн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Хүүхдийг эхийн хэвлийд байх үед болон нярай бага насанд зохистой тусламж үзүүлснээр хөгжлийн бэрхшээл үүсэхээс 70% сэргийлж чадна. Гэвч хөгжлийн хоцрогдолтой 9 сартай хүүхдийн 9%, 24 сартай хүүхдийн 12% нь л шаардлагатай үйлчилгээ авсан байна. Нярайн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэнэ гэдэг эх орондоо хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Нярайн салбарт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан өвчлөл, эндэгдлийг бууруулж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх боломж байна. Бидний хөрш орнууд, дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нярайн салбарт хамгийн их хөрөнгө оруулдаг.  Учир нь эх орны ирээдүй эндээс эхтэй. Чанартай тусламжийг цаг алдалгүй хүргэснээр хүүхдийн дархлаа зөв тогтож, эд эсийг хамгаалан, эрүүл саруул өсөж торних үндэс болдог” гэлээ. 

Таны сурталчилгаа