Цаг үеийн мэдээ

Та бид нар Хятадуудыг “муу хужаа, муу хятадууд” гэж байх зуур, тэдний хөгжил, харж буй өнцөг, эдийн засгийн хурд, технологи инноваци нь улам л “алсалж” байна шүү. Сая уншсан мэдээнээс л харахад БНХАУ-ын тэрбумтан Ли Шүфү Хятад улсад агаарын такси үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байгаа бөгөөд Германы Volocopter нэртэй бага оврын нисэх төхөөрөмжийн төсөл хэрэгжүүлэгч компаний хувийг худалдан авчээ. Бүр тодруулбал санхүүжилт татах кампанит ажлын хүрээнд Ли Шүфүгийн тэргүүлдэг Geely Holding Group нь Германы Volocopter-т 50 сая еврогийн хөрөнгө оруулалт хийлээ.

Хятадын автомашин үйлдвэрлэгч Zhejiang Geely Holding Group нь Geely болон Volvo машинуудыг үйлдвэрлэдэг. Эднийх Volocopter-тэй хамтарснаар Хятад улсад урбан агаарын такси үйлчилгээг нэвтрүүлэх юм. Энд яригдаад буй Volocopter нэртэй авсаархан нисэх онгоц нь жижиг 18 ротор/сэнс бүхий цахилгаан тээврийн хэрэгсэл ажээ. Дашрамд хэлэхэд Германы алдарт Daimler групп ч гэсэн Volocopter-т хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Одоогоор Volocopter-ын нийт цуглуулж чадсан санхүүжилтын хэмжээ нь 85 сая евро буюу 94 сая ам.долларт хүрээд байна. Geely групп нь Даймлерт 9.7 хувийг эзэмшдэг.

Volocopter агаарын такси нь гар ачаа бүхий 2 зорчигчийг тээвэрлэхийн зэрэгцээ 68 миль цагийн хурдтайгаар 21.5 миль газарт нэг удаагийн нислэгээр зорчих хүчин чадалтай. Туршилтын нислэгүүдийг Хелсинкийн олон улсын нисэх буудалд хийснээс гадна энэ оны сүүлчээр Сингапурт олон удаагийн туршилтын нислэгүүдийг төлөвлөөд байна.

Таны сурталчилгаа