Dark Light
Нийтлэл | 2025-05-29

ТАРХИ ГООЖСООР...

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол хүний хөдөлмөр үнэгүйдсээр байна. Цалин доогуур, бүтээмж сул. Хөдөлмөр эрхлэлт буурч, залуус гадагш гарсаар.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хэлснээр, монгол хүний нэг цагийн хөдөлмөрийн үнэлгээ ердөө 1.10 ам.доллар. Харин Вьетнамд 3.50, Индонезид 4.20 ам.доллар. Польш, Чехэд 8-10 доллар. Энэ бол 2023 оны ДЭЗФ-ийн гаргасан тоо. Зөрүү ийм л байна.

Монголын ажиллах хүчин 1.2 сая. Гэтэл 1.8 сая ажлын байр бий. Өөрөөр хэлбэл, 600 мянган хүний ажлын байр “дутагдалтай”. Үүнээс 213 мянга нь гадаадад. Мөн 1990-ээд оны бага төрөлтийн үеийн нөлөөгөөр 350-400 мянган төрөх ёстой хүүхэд төрөөгүй.

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ...

Говь-Алтай аймагт 400 гаруй мянган мал тоологддог. Гэхдээ арьс шир боловсруулдаг ганц ч үйлдвэр байхгүй. Ховд, Баян-Өлгийд мах боловсруулах цогцолбор зогссон. Энэ бол төрийн хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн уялдаа байхгүйг харуулсан жишээ.

Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 7 мянган ам.доллар. Харин хөдөлмөр эрхлэгчийн цалин дунджаар ДНБ-нд ногдох хувь ердөө 46 хувь. Сингапурт энэ үзүүлэлт 70 хувь, Солонгост 64 хувь. Ажил хийж баялаг бүтээж байгаа иргэн баялгаасаа хамгийн бага хувь авдаг гэсэн үг.

Инженер мэргэжилтэй нэг танил бий. Хөвсгөлийнх. МУИС-ийн компьютерын инженер ангийг төгссөн. Хоёр жил Баянзүрх дүүрэгт айти мэргэжлээр ажилласан. Сарын цалин 1.4 сая. Гэтэл 2023 онд Чех рүү явсан. Одоо 3,000 еврогийн цалинтай. “Ажлаа хийгээд асуудалгүй амьдарчиж байна. Буцаж яана гэж” хэмээн нэлээд тохуурхангуй ярьсан. Энэ бол ганц жишээ. Гэтэл энэ мэт 200 мянга гаруй залуус байна. Монгол залуусын хөдөлмөрийн бүтээмж гадна ертөнцөд өндөрөөр үнэлэгддэг. Тэгэхээр залуусыг залхуу, ноомой гэх нь зохисгүй. Ерөөсөө үнэлэмжийн асуудал. Жишээ нь,

Засгийн газар нэг хүнд ногдох ДНБ-ийг 2030 он гэхэд 10,000 ам.долларт хүргэнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ 2012 оноос хойш энэ тоо өсөх биш буурсан. Жил бүр 100,000 төгрөгөөр нэмэгдэх хурдаар тооцвол 2035 онд ч хүрэхгүй.

Европын холбооны судалгаагаар нэг хүнд ногдох ДНБ 12-17 мянган ам.доллар болсон тохиолдолд тархи гадагш урсах үзэгдэл эрс буурдаг. Манай улс одоогоор энэ босгоны талд ч хүрээгүй. Тэгэхээр тэд гадагшлах нь аргагүй.

Монголын өрхийн дундаж хэрэглээ 2024 оны байдлаар сард 2.3 сая төгрөг. Гэтэл орлогынхоо 70 хувийг хэрэглээнд зарцуулж байна. Энэ нь хуримтлал багатай, үйлдвэрлэлд эргэж очих мөнгө тун бага гэсэн үг. Бүтээж биш, бараа авч, машин авсаар байгаа нь мөнгөний урсгалыг өөр тийш хөтөлдөг.

2024 оны төсвийн 23 хувь нь халамжид зарцуулагдсан. Энэ нь цалингаас өндөр өсөлттэй. Хөдөлмөрлөхөөс илүү халамж хүртэх хүсэл давамгай болж байна.

Хөдөлмөрийн үнэлэмжийг өсгөх хамгийн үр дүнтэй гарц, аж үйлдвэр. Боловсруулах, нэмүү өртөг шингээх салбарууд. Гэхдээ энд бодлого дутаж байна. Жишээ нь: Шинэ сэргэлтийн бодлогоор “100 үйлдвэр” барина гэж амласан. Гэвч 2024 оны байдлаар гүйцэтгэл 19 хувь.

Монголын хөгжлийг хөдөлмөр авч явна. Харин хөдөлмөрийг үнэлдэггүй тогтолцоо энэ улс орныг зогсоож байна.

Сэтгэгдэл бичих
Image
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00