Сүүлийн үед үзэгчдийг байлдан дагуулж буй “Надад ирээгүй хайр” олон ангит кинонд тоглосон жүжигчин З.Тэмүүжин, Б.Хонгорзул нартай ярилцлаа.
-Сүүлийн үед үзэгчдийн дунд хит болж буй “Надад ирээгүй хайр” олон ангит кинонд хосоороо тоглосон. Тухайн киноны санал хэрхэн ирж байв?
-Хонгороо: Киноны продюсер Нямка эгч залгаад “Урт өдрүүд киноноос чамайг харсан юм аа. Ирээд уулзаж болох уу” гэж санал тавиад, багийнхантайгаа уулзаж зохиолтойгоо танилцсан.
Тэмүүжин: Миний хувьд кино зураг авалт эхлээд 20 гаруй хоногийн дараа манай ангийн Б.Нархажид, Ч.Түвшинтөгс гол дүрийн хоёр маань "Шижирээ болон Өнөрөөгийн дүрүүдэд хүн хайж байна аа" гэхэд намайг санал болгосон байна лээ. Продюсеруудтайгаа 2-3 уулзсаны дараа Даваа продюсер холбогдоод кинондоо орж байсан.
-Кино нь үзэгчдийн дунд нэлээд яриа өрнүүлж, тодорхой хэмжээнд санаагаа илэрхийлж байна шүү дээ. Та хоёрын хувьд киноны хүлээлт, төсөөлөл ямар байсан бэ?
-Хонгороо: Зохиол нь маш сайн байсан болохоор итгэлтэй байсан.
Тэмүүжин: Энэ зохиол нь оросын Элена Харьков зохиолчийн “Гэсэн ч би хайртай” гэсэн ижил нэртэй романаас сэдэвлэсэн “Хүлэгү” пикчерс, “Номадиа” пикчерс хамтраад албан ёсны эрхийг нь аваад хийсэн. Жаахан байхдаа USB телевизээр үзэж байсан. Зохиолч нь гадны хүмүүст хүүхдүүдээ үрчлүүлэх нь зөв үү гэдэг утгатай нэвтрүүлэг үзэж байхад нь галт тэрэгний буудалд сэгсгэр үстэй архичин ээжийнхээ үсийг самнаад сууж байсан дөрвөн настай охиныг онцолсон хэсгийг хараад ээж, охин хоёрын хувь тавилангийн тухай зохиол байж болох юм гэдэг санааг бодоод 2004 онд романаа бичсэн байдаг. Меладрам кино мөртлөө ямар ч үзэгчдийг уйдаах завгүй дүр болгон өөрсдийн зөв чиг шугамтай, үйл явдал нь үзэгчдийг хөтлөөд явдаг буюу ямар ч хийгүй зохиол гэж ярьдаг. Ийм сайхан зохиолын нэг хэсэг болж ажилласандаа маш баяртай байгаа.
-Хонгороо: Бид хоёр энэ киноноос ч өмнө энэ зохиолд дуртай гээд ярьдаг байсан. Чамайг том болохоор гол дүрд нь тоглуулна, хийхийг хүсдэг гээд ярилцаж байсан. Удалгүй санал ирээд маш их баярлаж хүлээж авсан.
-Зун ярилцахад манай найз охин бас жүжигчин гэж ярьж байсан. Та хоёр маань хэзээ гэр бүл болов?
-Тэмүүжин: Бид хоёроос маш олон хүн хосууд юм уу гэж асуусан. Бид хоёр хосууд. Он гараад дөрвөн жил болох гэж байна. Одоо нэг гэрт орсон байна. Анх найз охиноо нэгдүгээр курст байхад нь танилцаж байсан. Сошиал контент хийдэг байх үед найз охин маань шүлэг уншаад манай студи бэлтгэдэг байлаа. Тэгээд танилцаад үерхсэн дээ. Одоо найз охин маань төгсөх курсийн оюутан.
-Оюутан байхдаа кинонд гол дүр бүтээгээд хүмүүсээс магтаал, сайшаал сонсох ямар байна вэ. Дүрээ бүтээхдээ яаж ажилласан бэ?
Хонгороо: Хичээлийн хажуугаар кинонд явахад хэцүү байдаг. Гэхдээ аль алиныг нь орхигдуулахгүй бүх хүчээ дайчилж, зориулж ажилласан. Энэ бүгдийн ард гарсандаа өөрөөрөө бахархаж байгаа.
-Өмнө нь ямар кинонд дүр бүтээж байв?
Хонгороо: Би дандаа олон ангит кинонд тоглож байсан. “Урт өдрүүд”, “Өв залгамжлагчид”, “Амьдрал” кинонд тоглосон. “Надад ирээгүй хайр” кино маань миний оролцсон дөрөв дэх уран бүтээл минь.
-Олон ангит кинонд тоглоход нэлээн ачаалалтай байдаг байх?
-Хонгороо: Одоогоор нэг ангит кинонд тоглож үзээгүй болохоор харьцуулж мэдэхгүй байна. [Инээв] Одоохондоо олон ангитаараа л төсөөлж байна даа.
-Тэмүүжингийн хувьд нэлээдгүй уран бүтээлүүдэд оролцсон. Арын албанд хүртэл ажилладаг. “Тусгал” киног ангиараа хийж байсан шүү дээ?
-Кино хийнэ гэдэг маш чанга ажил. Ялангуяа арын алба бол хар ажил гэж хэлж болно. Маш их ачаалалтай унтах ч завгүй ажилладаг. Кино бүтээнэ гэдэг оюуны болоод биеийн ачаалалтай ажил байдаг учраас кино бүтээдэг хүмүүсээр их бахархдаг. Би арын албанд ажиллаад зургаан жил болж байна. Энэ бүхнийг ёстой залуу насны эрч хүчээр л хийж байна /инээв/.
-Анх яаж бие биеэ харж, танилцав?
-Тэмүүжин: Манай студи “Тусгал” киног хийсэн продакшн маань Хонгороогийн хийдэг контентын арын ажлыг хариуцдаг байсан. Шүлэг уншиж байгаа нь хүний сэтгэлд ортол уншдаг, автуулж чаддаг. Гоё жүжигчин болох хүн байна даа, байгаа байдал нь хүртэл гоё охин байна гээд анхны харцаар дурлаж байсан. Энэ охиныг л өөрийн болгоно доо гэж бодсон.
-Хонгороо: Эхэндээ тоохгүй байсан чинь араас гүйж байснаа гэнэт алга болоод, хааччихсан юм бол оо гэж бодогдоод эхэлдэг юм байна лээ.
-Үзэгчид кинондоо нэлээн орсон харагдаж байна. Үзэгчдийнхээ сэтгэгдлийг хэр уншиж байна вэ?
-Хонгороо: Сонирхол татаад уншиж байгаа. Миний эвгүй зургууд нэлээн явж байна лээ. Гоё эерэг сэтгэгдлүүдээс их урам авдаг.
-Тэмүүжин: Манайхан чинь юманд орж, шимтэж үздэг ард түмэн. Зохиол гоё учраас үзэгчдээ хөтлөөд яваад байна л даа.
-Кинонд хойд аав нь оролддог хэсэг байдаг. Тэр хэсэгт тоглоход хэцүү байв уу?
-Хонгороо: Бээгий ах амьдрал дээрээ их хөгжилтэй, зөөлөн хүн болохоор муухайгаар төсөөлөх гэхээр буухгүй байсан. Одоо ингэнэ, тэгнэ гээд үйлдлүүдээ ярилцаад явсан учраас миний хувьд хэцүү байгаагүй. Харин дүрийн маань хувьд эвгүй, хэцүү байгаа учир тэгж төсөөлж тоглосон.
-Шижирээгийн дүр зальжин, сэргэлэн дүр байсан. Дүрийнхээ тухай яривал?
-Миний хувьд Шижирээгийн дүрд тоглосондоо баяртай байгаа. Жүжигчин хүнд хийх юмтай дүр оногдоно гэдэг асар том боломж байдаг. Жүжигчний хувьд тоглогдох юм ихтэй дүр байсан учраас ажиллахад таатай байсан. Төгсгөлийн хоёр анги дээр үйл явдал хурцдаад эвгүй болно. Битгий үзэн ядаарай гэж хэлье.
-Одоогоор ирсэн киноны санал байгаа юу?
-Хонгороо: Саналууд ирж байгаа. Гэхдээ дипломын ажилтай байгаа болохоор анхаарлаа тийш хандуулж байна.
-Тэмүүжин: Өнгөрсөн зун уран бүтээлүүдэд ажилласан. Эхнээсээ гараад явж байна. Одоогоор амс хийх бодолтой байна. Учир нь бүтэн жил маш ачаалалтай завгүй ажилласан. Өөртөө чөлөө өгөөд амралтын байдалтай байна.
-“Тусгал” кино үргэлжлэх үү. Гэр бүлийн хүн нь магадгүй тоглох уу?
-Тэмүүжин: “Тусгал 2” гарах уу гэж их асууж байгаа. Кино бүтээнэ гэдэг зөвхөн хийж байгаа хүмүүсээс шалтгаалахгүй хөрөнгө, мөнгө, баг босгох, чадварлаг жүжигчид гээд олон хүний нөлөө, хүч хөдөлмөр байдаг учраас шат дараалсан ажлууд яригдаад явж байна. Хэзээ хүрэх вэ гэдэг тодорхойгүй.
-Хонгороо: Бид хоёр хамтарч тоглоход эхний хэд хоног учраа олохгүй үл ойлголцсон. Одоо киногоо үзээд алдаануудаа харж байгаа. Зураг авалтын явцдаа холхон байя гээд ярилцаж ойлголцоод явсан. Дүрийн мөн чанараа ойлгоод явж байгаа ч гэр бүлийн хүмүүс учраас бие биедээ туних, үг даахгүй зэрэг асуудлууд байдаг юм байна лээ. Сүүлдээ учраа олоод романтик сценүүдэд эвтэйхэн байсан.
-Тэмүүжин: “Тусгал 2” дээр ярилцаад тохирно гэвэл хамт тоглоно. Урлагт арын хаалга гэж байдаггүй болохоор яг дүрд тохирч байвал оролцоод л явна.
-Хонгороогийн хувьд дипломын ажлаа юугаар хамгаалах гэж байна вэ?
-Манайх Улаан дэнлүүт асар гэдэг жүжгийн зохиол дээр ажиллаж байгаа. Би Сум Лен гэдэг дүрээр дипломоо хамгаална.
-Сургуулиа төгсөөд ямар чиглэлээр ажиллах вэ. Тайз, дэлгэцийн алийг сонирхож байна вэ?
-Ер нь аль аль талд нь дуртай. Эхлээд нэмээд сурна гэж бодож байгаа. Тэгж байгаад шийднэ дээ. Яг тогтсон юм байхгүй.
-Тоглохыг хүсдэг дүр бий юу?
-Хонгороо: Түүхэн кинонд дүр бүтээхийг хүсдэг. Эсвэл хүчтэй эмэгтэйн дүр гэх мэт миний чадварыг бүрэн харуулж чадах дүр бүтээхийг хүсэж байна. Одоогоор оюутан байгаа болохоор цаашдаа өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Бүтээсэн дүрээ заримдаа харахад түүхий, алдсан зүйлүүд байдаг. Театр чиглэлийнх болохоор ч тэр үү заримдаа хэтрүүлчих гээд байдаг. Байнга суралцаж байна. Өөрийгөө хөгжүүлж суралцаад нас бие гүйцсэн эмэгтэйн дүрээр гарч ирэхийг хүсэж байгаа.
-Тэмүүжин: Оюутан байхад гоё залуу, эсрэг дүрийн зэвүүн дүрүүд гээд л их мөрөөддөг. Яг ажил дээр гараад эхлэхэд хүний оноосон дүрийг яаж чадварлаг гаргах вэ гэдэгтээ илүү анхаарал хандуулж эхэлдэг юм байна.
-Хонгороогийн хувьд яагаад жүжигчний мэргэжил сонгосон бэ. Гэр бүлд нь урлагийн хүн бий юу?
-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Ихэнх нь тогооч хүмүүс байдаг. Би багаасаа л чадах зүйл маань юм шиг санагддаг байсан. Бүх мэргэжлийг хийж үзэхийг хүсдэг мөрөөдөмтгий хүүхэд байсан. Жүжигчин мэргэжил бүгдийг нь уялдуулаад хийж болох учраас сонгосон. Эхэндээ ээж, аав зөвшөөрөөгүй хуульч болгоно гэхэд зөрсөөр байгаад мэргэжлээ сонгосон доо. Одоо маш сайн дэмждэг.
Тоглосон киног маань гэрийнхэн үзээд их орж үздэг “жинхэнээсээ цохиогүй биз дээ, хоол идсэн үү” гээд л их асуудаг.
-Тэмүүжин: Ангийнхантайгаа нэг уран бүтээлд оролцох их амар байдаг. Бие биеэ сайн мэддэг гэр бүл шиг болчихсон хүмүүс учраас уур амьсгал их сайхан байдаг. Б.Нархажид, Ч.Түвшинтөгс, Б.Хунцэнгүүн бид хэд нэг анги. Анги дотроо гурван продакшн байгаа. Нийлээд гоё уран бүтээл хийе гэж ярьдаг. Бүгд амьдралтай болсон болохоор цуглаж, нэгдэж амжихгүй л байна. Нэг өдөр цаг хугацаа нь ирэхээр сайхан уран бүтээлээр уулзах байх аа.
-Хувийн амьдрал, гэр бүлээ хэрхэн төлөвлөж байгаа вэ?
-Залуу хүмүүс учраас өөрсдийгөө хөгжүүлээд одоогоор уран бүтээлдээ анхаарлаа хандуулъя гэсэн бодолтой байгаа.
-Гэр бүл болоход хоёр талын гэр бүл нь хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Хоёр урлагийн хүн нийлж байгаа болохоор арыг нь бат даах ёстой юм байна гээд хоёр талын гэрийнхэн хүлээн зөвшөөрчихсөн. Сайхан уран бүтээлээ хийгээд бие биедээ тустай дэмтэй яв, арыг нь гэр бүлийнхэн нь даана аа гээд их дэмждэг.
-Анх хадмуудтайгаа танилцах ямар байсан бэ?
Шинэ жил, цагаан сараар танилцуулж байсан. Аль аль талдаа сандраад учраа олохгүй байдаг юм байна лээ.
-Нөхрийнхөө найзуудыг аав, ээж гэж дуудах ямар байсан бэ?
-Хонгороо: Аминаа гэдэг дүрээр хүлээж авч байгаа болохоор зүгээр байсан. Аминаагийн дүрийн хувьд хүүхдэд гэр бүлийн хайр халамж гэдэг чухал байдаг байтал аав, ээж аль нь ч байхгүй өсчихсөн. Сүүлд нь эмээгээ хүртэл алдаад тэр хүүхдийн амьдрал орвонгоороо эргэчхэж байгаа. Сонголт байгаагүй учраас Шижирээтэй танилцаад итгээд, хаягдахаас айдаг учраас үгүй гэж хэлж чадахгүй яваад байгаа өрөвдмөөр дүр.
-Тухайн кино нийгэмд хүрэх ёстой газраа хүрээд санаагаа ойлгуулдаг. Чиний дүр хэр сайн хүрсэн гэж бодож байна вэ?
-Хонгороо: Гэр бүл төлөвлөлт ямар чухал болох, зөв хүнтэйгээ суусан уу, хүүхэдтэй болбол яах вэ зэрэг асуудлуудыг хөндсөн. Аминаагийн дүрээс гэр бүлийн хайр халамж, хүмүүжил маш чухал. Түүнээс шалтгаалж хүүхдийн ирээдүй бий болно шүү гэдгийг хэлэх гэсэн болов уу гэж бодож байна.
-Тэмүүжин: Кинонд бүх дүрүүд нийгэмд хэлэх гэсэн санаатай, ороод гарч байгаа дүр болгон хүний амьдралын мөчүүдийг хүргэж байгаа. Ярилцаад ойлгуулаагүй жижигхэн зүйл ч том асуудал болж болдог. Хожим хойно нь харамсаад үлддэг гэдэг ч юм уу бүх дүр өргөн цар хүрээний утгатай.
-Үзэгчдэд хүрч байгаа нэг шалтгаан нь нийгэмд байдаг бодит амьдрал байна гэж хараад байгаа?
-Тэмүүжин: Бүжингийн дүрийг бол монгол эмэгтэй хүн ийм арчаагүй байхгүй гэдэг сэтгэгдлүүд байсан. Гэвч үнэндээ зөндөө байгаа. 2004 онд бичигдсэн зохиол одоо ч хуучраагүй байна гэхээр сонгодог зохиол ч гэж хэлж болохоор байгаа юм.
-Та хоёр залуу хүмүүс ирээдүйн том зорилго, мөрөөдлүүд байгаа байх. Өөрсдийнхөө зорилгоос хуваалцаж болох уу. Удахгүй он гарна, ирэх жилийн зорилго юу вэ?
-Тэмүүжин: Уран бүтээлүүд ар араасаа үргэлжилнэ. Студийн үйл ажиллагаанууд явагдана. Тухайн цаг үед нь биелсэн, болсон үед нь хэлэхээр гоё байдаг шүү ээ. Уран бүтээлийн ажлууд маань шат дараатай бичиг цаасны ажлууд явж байгаа.
-Уран бүтээлээс гадна чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Уран бүтээл хийхэд бужигнасан, олон хүнтэй орилж, чарласан маш завгүй байдаг болохоор агаар салхинд гараад тайван байхыг хүсдэг дээ.
Б.ОРГИЛМАА
АДМИН













