2000 оны эхэн үе. Яармаг Арцатын ам. Туул гол.
Тухайн үед утастай хүүхэд байтугай томчууд ч ховор. Wi Fi, интернэт гэж бараг байхгүй. Хаад ганц интернэт кафе нүдний гэм шиг. Телевизийн 4-5-хан сувагтай. Тэр нь оройн 18:00 цагт эхэлнэ. Ийм үед хотод өссөн хүүхдүүд зундаа гол бараадаж, эсвэл хөдөө гадаа явна. Тэр зуны тэрхүү үйл явдлыг огтоос мартдаггүй юм.
Ердийн л зуны амралтын өдрүүдийн нэг. Үдээс хойш хэт халж, сурсан зангаараа гол бүлээсэж байгаа тул ах, дүү хоёртойгоо гол бараадав. Яармагийнхны хэлж заншсанаар Тохой нэртэй Туул голын цүнхээл хэсэгт сэлэхээр явлаа. Очтол яг сэлдэг хэсэгтээ хүүхдүүд орохгүй доод тал руу нь хошуурцгаана. Ах, дүү бид гурав ч шууд л сурсан зангаараа сэлдэг газар руугаа зүглэв. Тэнд байсан хүүхдүүд наана чинь хүн живчихсэн. Битгий тийшээ ойрт. Цагдаа ирж байгаа гэсэн гэв. Гайхаад тийш нь зүглэхээ болиод бусад хүүхдүүдийн цуг доод хэсэгт нь хэсэг сэлээд сэрүүцэж байтал цагдаа, онцгой нийлсэн хэдэн машин ирлээ. Усанд живсэн хүүхдийн цогцсыг гаргана гээд л хэд хэд шумбалаа. Олдсонгүй эсвэл гаргаж чадсангүй бололтой дахин дахин оролдоно. Ингээд ч болохгүй байгаа бололтой. Ах, дүү бид гурав ч хэрэгт дуртайгаараа ойртоод очлоо. Хоорондоо жижигхэн биетэй хүн орохгүй бол нүх шиг юм байна. Багтахгүй нь гэсэнд манай ах ч би орчих уу? гэж байна. Чи айхгүй юу гэсэн үгүй ээ гээд л нүдээ ирмэв. За тэгвэл бүсэлхийгээрээ үүнийг ороочих гээд олс өглөө. Ах ч бүсэлхийгээрээ ороолоо. Хэрвээ тэр хүүхдийг бариад авбал олсоо сайн татаарай гэж байна. Ах ч за гээд олсыг сайтар шалгаад үсэрч орлоо. Хэсэг алга болсноо олсыг татаж байна шүү. Онцгой, цагдаагийн ах нар ч татлаа даа. Ах өөрийнхөө үеийн бололтой нэг хүүхдийг тэврээд гарч ирэв. Тэнд байсан ах нар урдаас нь тосоод л гаргалаа. Тойроод харж байсан хүмүүс яасан сүрхий хүүхэд вэ гээд манай ахаар бахархав. Би ч ахыгаа айдаггүй тэнэг зоригтойг нь гайхаж бахархаж байлаа. Онцгой байдлын, цагдаагийн ах нар ахад баяр хүргээд том болоод аврагч болоорой чи их зоригтой хүү юм гэж билээ. Тэгээд сэтгэл шулуудсан уу бүү мэд. Ямартаа ч ах минь нээрээ л аврагч, гал сөнөөгч болсон юм.
Тэр хүүхэд хотын төвөөс найзуудтайгаа голд сэлэхээр иржээ. Бүгд Тохойн эрэг дээрээс үсэрч ордог заншилтай шахуу байсныг тэр хүүхдүүд ч яаж алгасах вэ. Бүгд л үсэрч. Гэхдээ нэг нь тэндээс эргэж гарч ирээгүй. Цагдаагийнхан баруун гар нь хугарсан байна. Ус руу үсрэх үед нь хугарсан бололтой. Өвдөлтдөө их хэмжээний ус залгиж, тэгээд л гарч ирж чадаагүй бололтой хэмээн хоорондоо ярилцаж байв. Ус, гал хоёрт ам гарч болдоггүй гэдэг. Тэр явдлаас хойш ах, дүү бид гурав том толгойлж байн байн гол руу гүйх нь багассан юм даг.
2024 он.
2024 он гарсаар зургадугаар сарын 25-ны байдлаар 30 хүн усны ослоор амь насаа алдсан байдаг. Тэр дунд усанд живж байсан хоёр хүүхдийг авраад өөрөө амиа алдсан 19 настай залуу байлаа.
2024 оны долдугаар сарын 14-нд Баян-Өлгий аймагт гэр бүлээрээ амарч байсан зургаан иргэний тав нь нуурын усанд живсэн осол бүртгэгдэв.
2024 оны есдүгээр сарын 22-нд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд ажил үүргээ гүйцэтгэж явсан аврагч завь нь хөмөрч мөн л усанд эндэж амь насаа алдсан.
Ингээд тоочоод байвал харамсалтай ослын бүртгэгдсэн мэдээлэл дуусахгүй.
Сүүлийн 10 жилийн хугацаанд усны ослоор 1044 хүн амь насаа алдсан байна. 2017-2023 онд усны ослоор амиа алдагсдын дийлэнх нь 17-21 насныхан байна. Мөн усны ослоор амиа алдсан том хүний 67.4 хувь нь эрчүүд ажээ.
Харин 2024 онд усны ослын 89 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 74 хүн амиа алдсаны 60 том хүн, 14 нь хүүхэд байна. 2023 оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 3.9 дахин, нас барсан хүний тоо 2.6 дахин өссөн. Усны ослоор нас барсан иргэдийн 14 хувь нь сэлж чаддаг байжээ. Усанд живсний улмаас дэлхийн хэмжээнд 6 минут тутамд 1, өдөрт 224, сард 6810 хүн, жилд 81720 хүн амь насаа алдаж байна.
Монгол Улсад жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алддаг гэх тоон мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан. Энэ зүгээр л нэг уншаад өнгөрөх тоон мэдээлэл биш. Иргэн та бүхэн өөрсдийн амь насаа хамгаалах, эрсдэлд орохгүй байх бүрэн боломжтой.