Dark Light
Нийтлэл | 2025-09-23

Л.ЖОЗЕФ: БИ ШАРАВ ГУАЙН ХӨГЖМӨӨР НАСААРАА ЦАДАХГҮЙ БАЙХ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Б.Шаравын хөгжмийг судлаач, АНУ-ын Корнелийн их сургуулийн профессор, удирдаач Л.Жозефтэй ярилцлаа. 
-Анх хэзээ Монголд ирж байв?
-2012 онд анх тэтгэлгээр монгол хэл соёлыг сурахаа ирсэн. Ингээд 2012-2017 он хүртэл дөрвөн жил суурин амьдарсан. Зайсанд байдаг American school-д хөгжмийн багшаар гурван жил ажилласан. Би бакалавраа хос мэргэжлээр дүүргэсэн. Нэг нь хөгжмийн мэргэжил. Нөгөө нь хятад хэлний орчуулагч. Яагаад гэвэл манай аав, ээж хятад хэл арай ашигтай гэж бодсон. Яваандаа магистраа Рожистр их сургуульд хөгжмийн удирдаачаар төгссөн. Доктороо Иелийн их сургуулийг мөн удирдаачаар дүүргэсэн. 
-Та хэдэн төрлийн хөгжмийн зэмсэг тоглож чадах вэ?
-Арван хэдийг тоглоно. Удирдаачийн хувьд оркестр бүх хөгжмийг тодорхой хэмжээгээр сурна. Би American school-д оркестр болон үлээвэр хөгжим заадаг байсан. Хэдэн зуун хүүхдүүдэд хийл, морин хийл, кларнет, төгөлдөр хуур гээд янз бүрийн хөгжмийн зэмсэг заадаг байсан. тэгэхээр 15 төрлийн хөгжмийн зэмсгийг тодорхой хэмжээгээр тоглож чадна.  
-Хятадаар бас сайн ярих уу?
-Бараг хэрэглэдэггүй болохоор одоо мартсан. 
-Монгол хэл сурахад хэцүү байв уу?
-Хэцүү. Англи хэл бол нэг үг, үйл үг, нэр үг гээд л явчихна. Монгол хэл үйлийн эзэн, үйл үг, жинхэнэ нэр, дахиад жинхэнэ нэр гээд үгийн сан маш баялаг. Дүрэм ч маш хэцүү. Сурахад амар байгаагүй. 
-Яагаад Б.Шарав гуайн бүтээлүүдийг онцолж судлах болов?
-Би монголд ирэнгүүтээ морин хуур сурч эхэлсэн. Морин хуураар хэд хэдэн ая, хэд хэдэн гамм тоглож сурсан. Тэгээд Б.Шарав гуайн зохиосон хэд хэдэн аяыг тоглож сурсан. Хамгийн эхэнд морин хуураар “Сэтгэлийн эгшиг”-ийг татаж сурсан. Яг тэр үед монголын өвөл болох гэж байсан. Миний анхны монголын өвөл. Тийм ч амархан биш байсан. Ажлаасаа гараад, морин хуураа чирээд, автобусанд суугаад, гэртээ оронгуутаа хуураа гаргаж “Сэтгэлийн эгшиг”-ийг татаад л сэтгэл тайвширсан мэдрэмж авдаг байсан. тэр үеэс хойш Б.Шарав гуайн бүтээлүүдийг тоглох дуртай болсон. Мөн сонсох ч дуртай болсон. Гэхдээ судалъя гэж бодоогүй. 2017 онд америк буцаж яваад хоёр жил болоод Иелийн их сургуульд орсон. Иелийн удирдаачийн доктороо хамгаалахаар заавал нэг эрдэм шинжилгээний ажил хажуугаар нь хийх ёстой. Гол нь ажил нь удирдаач, найрал дуу, оркестр удирдана. Хэд хэдэн концерт удирдах ёстой байдаг. Дөрвөн концерт удирдсан. Давхар десертац маягийн ажил бичдэг. Тэгээд юуны тухай бичих вэ гэж бодож байгаад дуртай хөгжмийн зохиолч Б.Шаравын тухай бичвэл яадаг юм гэж бодоод монголд байдаг хэд хэдэн найзтайгаа холбогдоод, 2019 оны зун буцаж монголд ирээд Эгшиглэн хөгжмийн дэлгүүрээс Б.Шарав гуайтай холбоотой, хөгжимтэй нь холбоотой бүх ном зохиолыг авсан. Тэр номуудаа америкт аваачаад, доктор хамгаалах ажил жаахан гацсан. Тэгсэн ч гэсэн номнууд байсан болохоор Б.Шарав гуайн хөгжмийн нот бүрийг задлаад, аккорд гармони, нот болгоныг хөгжмийн онолын үүднээс анализ хийгээд, яаж ингэж бичсэн бэ, яагаад ингэж бичсэн гэдэг талаас нь маш нарийн анализ хийгээд десертацаа Б.Шарав гуайн гурван бүтээлийн тухай бичсэн. 
-Б.Шарав гуайн хөгжмийг судалж дуусах болов уу?
-Би Шарав гуайн хөгжмөөр насаараа цадахгүй байх. Яагаад гэвэл Шарав гуайн бүтээлүүд тийм агуу байдаг. Шарав гуай өөрөө хөгжмөө хоёр ангилдаг байсан. Нэг нь сэтгэлийн хөгжим, нөгөө нь сэтгэхүйн хөгжим. Сэтгэлийн хөгжмийг сонсохоор шууд сэтгэл татагдана. Миний бодлоор жишээ нь, Сэрсэн тал. Хүн болгон Сэрсэн талын удиртгалыг сонсоод, монголын тал нутгаар намрын эхний сард бүх зүйл ургачихсан, тариа буудай шаргалтаад, морь давхиад л, сүрэг мал бэлчээд л яг тийм гоё мэдрэмжийг шууд авна. Эсрэгээрээ  сэтгэхүйн хөгжим нь жишээ нь, миний судалсан гурван бүтээл. Нэг нь Замбуу тивийн наран. Үүнийг Б.Шарав гуай дөрөвдүгээр курст сурч байхдаа бичсэн. Орост сурч байхдаа бичээд 1981 онд бичиж дууссан. Энэ дотор диссонанс их байгаа. Үл зохицол, сонин сонин дуугаралттай. Модерн стилийн юмнууд маш их гарч байгаа. Сонин, сонин гармони, аккорд ихтэй. Судлаад энэ логик байгаа. Далд утгаар логик үнэхээр байгаа. Гэхдээ судлаад, ухаад тэр логикийг ойлгож, мэдэрнэ. Тэр нь болохоор сэтгэхүйн хөгжим. Тэгэхээр энэхүү сэтгэхүйн хөгжим, сэтгэлийн хөгжмийг сураад, судлаад би бараг насаараа Шарав гуайн хөгжмийг сурна гэсэн үг. 
-Та түрүүн хэллээ шүү дээ. Анхны өвөл хэцүү байсан. Сэтгэлийн эгшгийг морин хуураар татаж тайвширдаг байсан гэж. Ер нь төсөөллөөс нь хэр байсан бэ?
-Тийм анхны өвөл хэцүү байсан. Нэгдүгээрт, хүйтэн бас утаатай байсан. Шууд хэлэхэд манайх өвөл нэг урт амардаг. 2013 он гараад нэгдүгээр сард юм уу, нэгдүгээр сарын 5-6-нд америк буцаж явах болсон. Онгоцны буудал руу үүрээр такси барих гээд явж байтал чемоданаа чирээд, үүргэвчээ үүрээд гэрээсээ гараад зам дагаад гараа өргөөд алхсан. Хар такси барих гээд такси дуудаагүй. Тэр ч миний буруу байсан байх аа даа. Тэгтэл нэг машин ирээд дөрвөн магадгүй согтуу эрчүүд буугаад, намайг маш их зодсон. Тэр үед бүр хар хөх болоод, маш их шаналсан. Гэхдээ нислэгтэй байсан болохоор юмаа аваад зугтсан. Нэг такси олж суугаад, нисэх орсон. Тэгээд гэр рүүгээ Нью-Йорк явсан. Манай ээж аав маш их айж, эмээгээд “Чи битгий тэр газар руу буцаж яв” гэсэн. Яагаад ч юм би буцаж явъя гэж бодсон. Замын гэмт хэрэг дэлхийн хаа сайгүй л болдог. Монголын нөхцөл хэдийгээр жаахан хэцүү байсан ч энэ газарт үнэхээр гоё, сайхан хүмүүс байна. Соёлын өвийн талаар бас маш олон агуу зүйлүүд байгаа. Хэдийгээр зодуулаад, монголын өвөл хүйтэн утаатай байсан ч би буцаж очоод дасахыг хичээе, зүтгэе. Ядаж л нэг жил ч юм уу, монгол соёл, хэлийг үргэлжлүүлэн суръя гэж бодсон. Тэгээд буцаж ирээд арай дээрдсэн. Хавар болоод монгол найзуудтайгаа улам дотносоод, бас монгол хэл арай дээрдсэн. Одоо бол маш сайхан байдаг. Улаанбаатарт ирэхээрээ нутагтаа ирсэн юм шиг мэдрэмж авдаг. 
-Утаанд нь бас дассан уу?
-Санадаг болсон /инээв/.
-Анх таныг ирснээс хойш одоог хүртэл Улаанбаатар өөрчлөгдсөн үү?
-13 жилийн дотор үнэхээр их өөрчлөгдсөн. Хамгийн нүдэнд өртөх зүйл нь мэдээж барилга байгууламж. 2019 онд буцаж ирэхэд 120 мянгат, Яармаг, Нисэх тэс өөр санагдсан надад. Одоо бол бүр өөр болсон. Гэхдээ манай найзууд яг найзууд хэвээрээ байгаа. Түүнд нь би маш их баярладаг. Хэдийгээр америкт нэлээд удаж байгаад ирсэн ч манай найзууд ямар ч цаг хугацаа өнгөрөөгүй юм шиг анх уулзсан шигээ хэвээрээ байсан. 
-Улаанбаатарт төөрч байв уу?
-Төөрч байгаагүй ээ. Би нэг хөгжилтэй зүйлээ ярих уу?
-За
-Дээр үед би амралтын өдрөөрөө яагаад ч юм зүгээр л нэг автобусны чиглэл сонгоод гэр хорооллын эцэс рүү явдаг байсан. Жишээ нь, Зүүн салааны гэр хорооллын эцэс ямар байх бол... гэж бодоод л Зүүн салааны автобусанд суугаад шууд эцэс хүртэл нь явдаг байсан. Эцэст нь очиж буугаад ийш тийшээ жаахан алхаад, тэр газрыг жаахан үзнэ. Эсвэл гуанзад ороод нэг хоол захиалж иднэ. Цуйван ч юм уу идээд гэр рүүгээ буцаж явдаг байсан. Тэр үед би хагас, бүтэнсайн болгонд нэг автобус сонгоод Улаанбаатар хотын нэг өөр газрыг үзэх гэж явдаг байсан. Тийм зуршилтай байсан. 
-Гэр хорооллын эцэс хотын төвөөсөө хэр ялгаатай санагддаг байв?
-Маш их ялгаатай. Гэр хорооллын эцэс хөдөөний сумын төв шиг. Хүн болгон бие биеэ танина. Танихгүй хүн орохоор нүүр рүү хараад л хаанаас ирсэн хүн бэ гээд л ширтээд байдаг. Гэхдээ л сайхан хүмүүс хаа сайгүй байгаа. Маш гоё санагддаг байсан. 
-Та чинь бас монголоор сайн дуулдаг, Universe best songs нэвтрүүлгийн од юм байна лээ шүү дээ?
-2017 он буюу бараг Universe best songs-ын сүүлийн улиралд орсон. Хамгийн сүүлийн шат руу давж ороод, Шүүгчийн нэрэмжит шагнал авсан. Гоё, гоё дурсамж бүтээсэн. Тэр үед монголд ямар олон авьяастай дуучид байдаг юм бэ гэдгийг анх харсан. Монголчууд ёстой сайхан дуулдаг улс шүү. 
-Дандаа монгол дуу дуулсан уу?
-Тэгсэн. Дандаа монгол дуу дуулсан.
-Та бидэнд тэр үеийнхээ дурсамжийг сэргээгээд ганц байдаг дуу дуулж өгч болох уу?
-Бололгүй яах вэ. Би жаахан бодоодохъё. Universe best songs нэвтрүүлгийн хоёрдугаар шатанд дуулсан Есөн эрдэнийн орон дууг нэг бадаг дуулъя. 
Ивээлт нарны цацраг алтан эрдэнэ
Ижий таны минь цацал мөнгөн эрдэнэ
Илчит улаан гал нь шүрэн эрдэнэ
Идээшилж суугаа гэр минь танан эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ
Эх орон та минь есөн эрдэнэ... /дуулав/
-Үнэхээр сайхан дуулдаг юм байна. Баярлалаа. Танд монголчуудад хэлмээр санагддаг үг бий юу?
-Монголчууд үнэхээр сайхан ард түмэн. Монголчууд надад дандаа зочломтгой, найрсаг хандаж байгаа. Энд бараг хоёр дах гэр, хоёр дах нутагтай болсон. Тэр мэдрэмж үнэхээр сайхан байдаг. Тэр нь юунаас болж гэхээр монголчуудаас л болсон. Миний таньж найзалсан, хамт ажилласан монгол найзуудаас болоод тийм мэдрэмж авдаг. Монгол найзууддаа, монголчууддаа баярлалаа гэж хэлмээр санагддаг. Баярлалаа та бүхэндээ. 

Сэтгэгдэл бичих
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26