Dark Light
Нийтлэл | 2025-10-07

З.ТҮМЭН-ӨЛЗИЙ: ЗАВГҮЙ БАЙХ ТУСАМ МУУ БҮХНЭЭС ХОЛДОЖ, АМЬДРАЛЫН ЧАНАР САЙЖИРНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохион бүтээгч З.Түмэн-Өлзийтэй ярилцлаа.
-Оньсон тоглоомыг хэдэн наснаасаа хийж эхэлсэн юм бэ. Их л багаасаа эхэлсэн гэж сонссон?
-Дөрөвдүгээр ангид 11 настайгаасаа эхэлсэн. Би 11 хүүхэдтэй айлын дөрөв дэх хүүхэд нь. Тэр үед бүтэнсайнд л амардаг. Энэ өдрөө гишүүнд явна. Нэг өдөр гишүүнд явах гэтэл ээж хөлийн авдраа цэгцэлж байгаад тостой дөрвөн мод гаргаад ирсэн. Сонирхоод асуутал оньс гэдэг юм аа, ухаантнууд тоглодог юм гэнэ лээ. Манай аав гэж Зэвгэ захирагч тоглож байсан юм гэхээр нь ээжээсээ гуйж авсан. Тэгээд тэр дөрвөн модыг эвлүүлэх гэж янз бүрээр үзэж, сар ноцолдсон. Сүүлд нь дөрвөн мод нь эвлээд дахиад хоёр мод дутаад байгаа юм шиг санагдахаар нь  хоёр мод нэмж хийгээд угсарч байсан. Тухайн үед хүүхэд байсан болохоор гуяа алгадаад л их баярлаж билээ. Аав, ээж ч баярласан. Энэ моднууд одоо ч байгаа. Хичээлдээ явсан хойгуур задлаад тавьчихна надаас өөр угсарч чаддаг хүн байхгүй. Ангийнхандаа үзүүлээд, угсруулах гэсэн эхэндээ чадах хүн байгаагүй. Тэгээд хүүхдүүд сураад эвлүүлээд эхэлсэн чинь дахиад өөр хүндрүүлээд хийнгүүт дахиад чаддаг болохоор нь дахиад л хүндрүүлж хийгээд ингэсээр байгаад оньсонд орсон. Анхны хийж байсан оньснууд музейд, дараагийн сайжруулсан хувилбаруудаа хүнд бэлэглэдэг байсан. Ингэж л 1955 оноос оньсны амтанд орсон юм даа. Одоогоор 3500 гаруй оньсон тоглоом хийсэн. 
Оросын тоглоом орж ирээд оньсон тоглоом шахагдаж гарсан л даа. Үүнээс сэргээгээд өдий зэрэгтэй болгож байгаа юм. Хамгийн олон модтой оньс 673 модтой сансрын хөлөг байсан. Үүндээ сэтгэл ханаад байж байтал соёлын яамнаас Чингис хаан музейд оньсон хаалга хийж өгөөч гэж санал ирсэн. Чингис хааны музейд цор ганц байгаа оньсон хаалга буюу диваажингийн хаалга нь 1668 модоор хийсэн. Дэлхийд цор ганц оньсон хаалга. Тэгэхээр хүн сэтгэл ханаж болохгүй юм байна лээ. 1988 оноос эрхээ хамгаалж, патентлуулж эхэлсэн. Эрх хамгаалахын тулд 5000 хуудас техникийн шугам зураг, тодорхойлол томьёолол хийж эрхийг хамгаалсан. 60 гаруй орноор явж, 90 гаруй үзэсгэлэнд оролцож, олон улсын арав гаруй шагналтай. Намайг олон орноор явж монголын оньсны нууцыг алдаж байна гэсэн шүүмж хааяа нэг ирдэг. Бүгдийг нь оюуны өмчөөр хамгаалж, баталгаажуулсан байдаг. Оньсны ухааныг хязгааргүй гэдгийг баталж, патентыг авсан. 
-Олон улсаар явж байхад Монголын оньс юугаараа онцлог байв?
-Би Монголчуудыг 15 ангийн тоглоомоор наадаж ирсэн гэсэн судалгааг хийсэн. Үүний нэг нь оньс. Манайхан оньсыг зөвхөн тоглоом наадмаар нь боддог. Дээр үеийн физик, техникийн шинжлэх ухаанд оньсон ухаан гэж байдаг. Тэгэхээр монголчууд оньслох ухаанаараа дэлхийд тэргүүлдэг байсан. 60 гаруй орны үзэсгэлэн, яармагт оролцоход манайхтай адил оньс бараг байхгүй. Эвлүүлж, өрөх наадам буюу паззлыг оньс гэж нэрлэдэг. 1994 онд 40 гаруй орны оньсчид цугласан. Тухайн үед Монголчууд тоглоомыг шинжлэх ухаанчаар 15 ангилсан нь дэлхийн тоглоомын хөгжлийн түүх болжээ гэж тухайн үеийн хэвлэлд гарсан байдаг.
-15 жилийн өмнө байх аа гадаадын хүн хэрвээ эвлүүлж чадвал тэдэн доллар өгнө гээд явж байсан. Тэрийг одоо ч эвлүүлээгүй юу?
-Тийм, эвлүүлээгүй. 18 оньсоор задарч угсрагддаг оньсон мэлхий байгаа. Арван минутад угсарвал 10.000 доллар өгье гэдэг бооцоо тавьж байсан. Энд дэлхийн 70 гаруй орноос оролцсоноос нэг нь ч чадаагүй. Зарим эрдэмтэд монголчуудыг дэлхийн талыг эзэлж байсан гэхэд итгэл багатай байдаг. Гэхдээ музейн оньслох ухааныг хараад дэлхийг оюун ухаанаараа эзэлсэн юм байна гэж баттай ойлголоо гэж ярьсан. Германд үзэсгэлэн гаргаж байхад эрдэмтэд оньсыг худалдаж аваад гэртээ эвлүүлэх гэж үзээд чадахгүй болоод над дээр ирээд гарын үсгийг авч, толгойг барьж үзээд  Монгол Энштейн гэж хэлж байсан. 
-Таны өрөөнд 600-700 гаруй шатар байна. Үүнийг хэр хугацаанд хийв?
-1955 оноос өөрөө шатраа сийлж эхэлсэн. Аав нутгийнхантайгаа шатар их тоглодог. Тэр үед монгол шатар ховор байсан болохоор миний хийсэн шатрыг хүмүүс их сонирхдог байсан. Зарим хөгшчүүл худалдаж авъя гэнгүүт мөнгөөр биш малаар худалддаг байлаа. 1961 онд аравдугаар анги төгсөхдөө нэлээн сайн, содон онцлогтой шатар хийсэн. Кино их үздэг байсан болохоор санаа аваад тэргүүдийг нь танкаар хийж байсан. Тэр үед уран Ядамсүрэн гэдэг хүн энэ шатраа өгчих гээд оюутны авдар нэг эм хониор өгч байсан. Тухайн үед аав маань их баярлаж байсан. 2005 онд эдийн засгийн их сургууль төгсөөд, Завханы Тосонцэнгэлд яамны шийдвэрээр томилогдож очсон. Тэгсэн нөгөө Ядамсүрэн гуай байж байна. Шатар маань ч тос даагаад байж байна. Сийлбэр хүний гар хүрэх тусмаа гоё болдог. Оюутан болоод завгүй байсан учир шатар хийж чадаагүй. Надад буцаагаад зарчих гэсэн өгөөгүй.  Одоо үр хүүхдүүдэд нь өвлөгдсөн. Завхан аймгийн цугларалтаар хүүтэй нь таараад манай музейд өгчих гэсэн дургүй байна лээ. Миний анхны шатрын төлөөлөл бол тэр шатар маань байгаа юм. Тэрнээс хойших нь музейд маань байгаа. 
-Таны ярианаас сонсоход толгой сийрэг байна. 2005 онд АНУ-ын ерөнхийлөгч таны бүтээлтэй танилцаж байсан. Түүний тухай яриач?
-2005 оны арваннэгдүгээр сарын 4-нд Буш дөрвөн цаг зочилсон. Маш сүр дуулиантай хүлээж авч байсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга надад нэг гэрийг өөрийнхөө бүтээлээр чимэглээч гэдэг санал тавьсан. Арваад бүтээл тавьсан. Эвдэхгүй, үрэгдүүлэхгүй, үнэтэй үнэ тавиад гэмтээвэл төлнө гэдэг гэрээ хийсэн. Тухайн үед ерөнхийлөгч асан Н.Энхбаярт оньсоо сайн зааж өгсөн. Би гадаа нь хүлээгээд, ерөнхийлөгчид дотор танилцаад дараа нь надтай танилцаж гар барьсан. Эрх чөлөөний  хөшөөг хийсэн байсан болохоор бэлэглэсэн байсан. Нэг жилийн дараа арваннэгдүгээр сарын 26-нд дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдөр Бушаас надтай гар барьсан зургаа нэрийн хуудастайгаа хамт шуудангаар явуулсан. Тэр үед баярлаж үзээгүйгээрээ их баярласан. 
-2008 онд оюун ухааны музейд илбэ үзүүлж байсан. Хүмүүс их дуртай байсан. Та хүмүүст заахдаа их сайн харагдах юм. Энэ таны онцлог уу?
-Өөрөө хийж зовлон бэрхшээлийг мэдэх учраас углуургаар нь ярьж байхгүй юу. Мөн би монгол ардын намын гишүүн, лектор байсан. Тэгэхээр нэг ярианы өнгө аястай болчихдог юм байна. Илбийг зургаадугаар ангиасаа хийж эхэлсэн. Шинэ жилээр тайзны хоёр талд лаанууд асааж, тэр лааны гэрэлд тайзан дээрхээ үздэг байсан. Сонин, номоос илбээ сураад хийдэг байлаа. Урагддаггүй сонин, лааг цэцэг болгох гэх мэт ойр зуурын илбэ үзүүлж байлаа. Хөдөөний хүмүүс их гайхаж хүлээж авдаг байсан. Дараа нь 1990 оны наймдугаар сарын 13-нд оюун ухааны музейг нээж байхдаа үзүүлж байсан. Олон улсаар явж байхдаа ч шинэ илбэ сурсаар одоо 30 гаруй илбэтэй. 
-Таныг хүмүүс хөдөлмөрийн баатар цолтой гэж боддог хүн зөндөө байдаг. Энэ талаарх бодол ямар байдаг вэ? 
-Үүнд би жаахан эмзэглээд байдаг. Миний бага наснаас ирсэн зарчим цалингаа нэмүүлэх гэж бүү хөөцөлд нэмтэл нь ажилла, магтуулах гэж бүү хөөцөлд магттал нь ажил, шагнуулах гэж бүү хөөцөлд шагнатал нь ажилла гэдэг зарчимтай. Тийм болохоор хөөцөлддөггүй. 1998 онд гавьяатын шагнал авсан. Тэндээс хойш шагнал хөөцөлдөөгүй. Сүүлийн үед хүмүүс их асуугаад байхаар эмзэглээд байдаг болчихсон. Хүүхдүүд рүү маань холбогдоод тэдийг өгчих баатар цолыг өгье гэдэг санал ч ирсэн. Мөнгө өгөөд шагнал авдаг нь худлаа байж болно, үнэн байж болно би өөрийнхөө биеэр нотлох гээд байгаа юм. Үүнийг ярихаар ичээд байдаг юм. 
-Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ гэгчээр нэг л өдөр өгөх байх аа.
-Баярлалаа.
-Та одоо 80 нас гарсан ч гэсэн урьдын адилаар бүтээлээ хийсээр байна. Өдий насанд ийм эрч хүчтэйгээр дуртай зүйлээ хийх ямар байна вэ?
-Сайхан асуулт байна. Үүн дээр боддог зүйл байдаг юм. Ядаргаа тусаад эмнэлэгт хэвтээд байдаг хүмүүс бол залхуучууд. Залхуу хүний ирээдүй гуйлгачин амьдрал. Энийг улс төрчид рейтинг нь буурчихна гээд хэлж чадахгүй байна. Эрүүл саруул, залуу насанд ядуу байгаа бол залхуугийн л шинж. Залхуу хүн аливаа хөдөлмөрийг шахуулж, шаардуулж, дургүйцэж хийдэг учраас сэтгэлийн дарамтад ороод ядаргаа тусч байгаа юм. Өөрийнхөө сонирхолтой зүйлийг сэтгэл санаагаар хийж байгаа хүн хэзээ ч ядаргаанд орохгүй. Би айлд ороод “аяга шанага нь эмтэрхий байвал залхуу байдаг юм шүү дээ” гэж хошигнодог юм. Яагаад гэхээр уурлаж аяга, шанагаа шидэж угааж цэвэрлэдэг болохоор эмтэрхий байгаа юм. Ажилсаг айлын гэрт орохоор цэмцийгээд, тордсон, аяга шанага нь бүтэн байдаг. Монголын хөгжихгүй байгаа нь ч гэсэн залхууралтай холбоотой гэж боддог. Төр засаг, гэр бүл нь ч үүнтэй тэмцэж чадахгүй ядарсан зовсон гээд өрөвдөөд тэтгэмж өгөөд л байдаг. Хууль нь ч залхуурлыг дэмждэг. Оросын эрдэмтэн эмэгтэй жаргал гэж юу вэ? гэхэд гэр лүүгээ яарах, ажил руугаа яарах гэж хэлсэн байдаг. Үнэхээр онож хэлсэн байгаа юм. Би  жаргалыг тодорхойлохдоо юмаар дутагдаад, дутагдсан юмаа өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр бий болгож үүнийхээ амт шимийг хүртэх. Мөн хөдөлмөрлөх, дуртай ажилтай байх нь жаргал юм. Хүн зав л гарвал болохгүй бүхнийг хийнэ. Завгүй байх тусам муу бүхнээс хол амьдралын чанар сайжирна. Амьдрал нь сайжрах тусмаа амьдрах сонирхолтой болно. Залхуурал бол нийгмийн дайсан. Залхуу хүн л хүний хөдөлмөр үнэлдэггүй учраас эвдэлж, бусниулж, сүйтгэж байдаг. Энэ бол маш хортой. Залхуурал муу бүхний үндэс. Ертөнц дээр хэнийг ч хулхидаагүй, гомдоогоогүй, хуураагүй нэг л юм байдаг. Тэр бол хөдөлмөр. Хөдөлмөр хүнийг бий болгосон гэдэгт итгэж явдаг. 
-Таны ойр дотны хүмүүсээс магадгүй ач, зээ нараас нь гарын дүйтэй юм хийдэг хүн байгаа юу?
-Бидний үед өөрсдөө амьдралаа авч явдаг байсан болохоор гараараа юм хийдэг хүн их байсан. Одоо хотын амьдралд бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон. Гэхдээ миний хоёр хүү, хоёр охин маань үнэхээр ажилсаг. Манай ач юм хийх гэж оролддог. Хээр очоод чулууг янз бүрийн хэлбэрт оруулах гэх мэт хийх гээд байдаг. Би хүүхдүүдийнхээ ажилсаг, тусархаг чанараар их бахархаж явдаг. Миний хүүхдүүддээ хүмүүжүүлсэн зарчим бол зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэж зөв л явах хэрэгтэй. Зөв явж байхад аяндаа бүх юм бүтдэг. Өрөөл бусдыг хуурснаас өөрөө хууртах нь өлзийтэй. Өөрөө хууртвал ядаж л амьдрал сурна гэж хүүхдүүддээ захидаг. Миний сүлдэн дээр байдаг зарчмууд байгаа юм. Хүн ямар үр тарина, түүнийхээ л ургацыг авна шүү дээ. Гишгэсэн мөрөө эргэж хараарай. Энийг хүн бүр мэдэж яваасай. Германы эрдэмтний номд сэтгэл зүйн таталцлын хууль гэж гардаг. Та өнөөдөр сайхан зүйл бодвол сайхан зүйлээ л татна, муу зүйл бодвол муугаа л авна.
-Та IQ-гаа шалгуулж байв уу?
-Тийм ээ, шалгуулж байсан шүү. Ц.Дэмбэрэл доктор гэрчилгээ өгсөн. Жирийн хүнээс дээгүүр гэж гарсан. 
-Танд эвлүүлж чадаагүй оньс гэж байгаа юу?
-Би оньсыг хязгааргүй гэж үзсэн. Тийм учраас бүгдийг эвлүүлнэ гэж боддоггүй. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг. Тэгэхээр оньсыг эвлүүлж чадна гэж хэлэхгүй. 5000 зургаа харж байгаад бол чадна. Хөдөөний хөх өвгөчүүлтэй яриад суухаар их ухаан заана шүү. Тэдэнд амьдралын их туршлага байгаа. 
Хийсэн судалгаанаасаа товч дурдъя. Хүний оюун ухааныг хөгжүүлдэг гурван зүйл байдаг. Тэр нь хөдөлмөр, тоглоом наадам, сургууль юм. Манайхан сургууль төгсөөд эхний хоёрыг хаячихдаг. Ийм хүмүүсийг “хэтэрхий мэргэн жараахайнууд” гэж би хошигнодог юм.  Аж ахуй, малчдаасаа сурах зүйлс маш их. Ер нь ухаантнууд л тоглодог шүү дээ. Залхуу ухаан муутай хүн тоглодоггүй. Үүгээр хүртэл хүн өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Оюун ухааны шалгуур үзүүлэлтүүдэд нэгт, амьдрах чадвар хоёрт, сайн мууг ялгах чадвартай гуравт, эрүүл аж төрөх ухаан гурваар дүгнэж болно. Олж авсан мэдлэгээ хэрэгжүүлж чадвал оюун ухаан хөгжинө.
Б.ОРГИЛМАА

Сэтгэгдэл бичих
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26