Dark Light
Нийтлэл | 2025-10-22

Р.БУЛГАМАА: ШҮҮХ РҮҮ ДАЙРСАН ОЛОН НИЙТИЙН ИТГЭЛ АЛДСАН ҮЙЛДЛЭЭ МИНИЙ ЭНЭ ХЭРГЭЭР ХАЛХАВЧЛАХ АЖЛЫГ ХИЙСЭН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Өмгөөлөгч Р.Булгамаатай ярилцлаа. 
-Та саяхан Жем молл худалдааны төвд болсон хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр шүүх хуралд оролцсон. Одоо хүүхдүүд хаана байгаа вэ. Ямаршуухан байгаа бол?
-Ээж нь байхгүй болж, аав нь шоронд ороход хүүхдийг хайхарч, хайрлах, халамжлах хүн хэн ч үгүй боллоо. Шүүхээс БГД-ийн Засаг даргыг асран халамжлагчийг тогтоох үүрэг өгсөн. Асран халамжлагчийг тогтооход нэг сарын хугацаа дор хаяж орж байна. Энэ хооронд хүүхдүүдийг хүүхэд хамгааллын байранд авмаар байна. Төрийн асрамжид байлгамаар байна гээд ЦЕГ-ын дэд дарга Н.Мөнхзул руу очсон. Судлаад хариу өгье гэсэн. Маргааш, нөгөөдөр нь ярьтал “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиар хохирогч болсон хүн юм уу, эсвэл гэрчийг л хамгаалдаг юм байна. Эдгээр хүүхдүүдийг хохирогч юм уу, гэрчээр шүүхээс тогтоогоогүй болохоор бид хамгаалалтад авч болохгүй юм байна. Гарсан зардлыг хэн төлөх вэ гэдэг дээр асуудал үүснэ” гэсэн. Энэ үнэхээр хуулийн цоорхой байна. Иргэний нийгмийн байгууллагууд хүүхдийг хамгаалалтад авдаг. Дараа нь төрийн байгууллагаас зардал нь гардаг гэх мэт зохицуулалт байхгүй бол цаашдаа яах вэ. Ийм болохоор аавынх нь тал хүүхдүүдийг гэртээ аваачсан. Хэрэгтний талд хүүхдүүдийг аваачхаар ямар нөхцөл байдал үүсэх вэ. Хүүхдүүдийг яагаад тийм захидал бичиж байгаа юм гэх мэтээр яллана.
-Хүүхдүүдэд ийм зүйл тохиолдсон уу?
-Шүүх хурлын дундуур “Та миний захидлыг буцаагаад өгчих. Битгий уншаач” гэсэн. Нэгэнт би нотлох баримтаар өгчихсөн учраас “Шүүх нотлох баримтаар тооцсон. Буцааж авах боломж байхгүй” гэхээр “Та миний аавд битгий олон жилийн ял өгүүлэлдээ, та миний талын өмгөөлөгч биз дээ” гээд уйлаад дуулаад, тэврээд гүйгээд байгаа нь тэр шүү дээ. Болдоггүй юм аа  гээд хэлэхээр “Та миний өмгөөлөгч байж” гэж уурлаад “Тэгвэл танаас татгалзана” гэсэн. “Тэгж болдоггүй юм аа. Миний дүү. Ээжийг чинь байхгүй болгосон хүн шүү дээ” гэхээр “Тэгвэл миний аав шүү дээ. Энэ хүн байгаагүй бол би энэ хорвоод төрөхгүй шүү дээ” гэж байгаа юм. 
-Шүүх хурал нотлох баримттай хэсгийг хаалттай явуулна гэж байгаад олон нийтэд нээлттэй явуулахаар нь нээлттэй болсон юм байна гэж ойлгосон. Гэтэл шүүх хуралд оролцогчдод энэ талаар хэлээгүй юу?
-Түүнийг би онцолж хэлмээр байна. Шүүх рүү дайрч байгаа олон нийтийн итгэл алдсан үйлдлээ миний энэ хэргээр халхавчлах ажлыг хийсэн. Хүүхдийн захидал уншина. Тэр хэсгийг хаалттай явуулмаар байна. Хүүхдийн асуудал, эрх чөлөө, нийгмийн асуудал, гэр бүлийн асуудал хөндөгдөнө гэж танилцуулж байхад авч үзэхгүй байна гэдэг нь шүүх хүүхдийн асуудалд хүндлэлгүй хандсан, хүүхдийн эрхийг зөрчсөн мэдрэмжгүй шийдвэр гаргасан. Тэгээд сүүлд нь хүүхдийн захидлыг уншсан өмгөөлөгч буруутгагдаад байж болохгүй шүү дээ. Болохгүй эрсдэл байгаа гэдгийг би тухайн хүрээндээ хэлсэн. Тэгээд хаалттай явуулна гэж байснаа нээлттэй явуулсан нь өөрсдийнхөө унаж байгаа нэр хүндийг “Шүүх шударга шүүж байна. Гоё нээлттэй явуулж байна” гэж харагдуулж, гоё нээлттэй гэдгийн ард маш олон хүний эрх зөрчигдөж байгаа юм. Нээлттэй явуулж байгаа хэргүүд байна аа “Шүүхээр гэм буруу нь эцэслэн шийдвэрлэгдтэл” гэдэг шүү дээ. Тэгвэл тэр шийдвэрлэгдсэн шийдвэрээ л нээлттэй явуулчих л даа. Процесс ажиллагаануудыг бүгдийг нь нээлттэй явуулах хэрэггүй. Тэр хүний ард гэр бүл, үр хүүхэд, эцэг эх нь байгаа. Хүүхдийг нийгмээр зүгээр л тасдуулж идүүлж байна шүү дээ. Ийм харгис байж болохгүй. Хэт нээлттэй явуулах нь хэргийн деталь руу ороод, хэргийн нотлох баримтыг шинжлэн судлаад, бүр хэргийг ингэж хийж болох юм байна, энэ аргаар явбал баригдах юм байна. Энэ аргаар явбал баригдахгүй юм байна гэсэн практик хичээлийг өгөөд байгаа юм. Гэмт хэргийн ертөнцөд орох сонирхолтой, эсвэл байгаа хүмүүсийн арга хэлбэрээ нуун далдлах хэлбэр рүү нь шилжүүлэх аюултай. Шүүх шударга бус байна гэхээр нээлттэй явуулаад бүх хүмүүсийг яллуулдаг. Шүүхээс гэм буруугүй гээд гарсан ч яаж байна. Танай ээж авлигач, танай аав алуурчин, танай ах гэмт хэрэгтэн гэх мэтээр ялладаг. Нэг үг байдаг даа. Худал зүйлийг үнэн байна гээд нотлоход худал хэдийн уул давсан байдаг гэж. Үүнийг олон талаас нь харах ёстой. 
-Энэхүү шүүх хурлаас ахиц гарсан нэг зүйл нь сэтгэл санааны хохирол тогтоосон. Түүнийг гаргуулахаар болсон. Энэ нь шүүхийн практикт байх ёстойг хуульчид хэлдэг шүү дээ?
-Сэтгэл санааны гэм хорын хохирлыг тогтоох нь манай шүүхийн практикт маш ач холбогдолтой нь тогтоогдоод явж байгаа. Цаашид илүү голдрилдоо ороод явах боломжтой. Миний орж байгаа хэргүүдийн дийлэнх нь хохирогч талд шийдвэрлэгддэг. Хохирсон, ядарсан хүмүүс л дийлэнхдээ над руу ирэх юм л даа. Ингээд харахад сэтгэл санааны гэм хорыг тогтоож өгч байгаа энэ хэдэн төгрөг хүнээ алдсан хүмүүст жаахан ч гэсэн дэм болдог. Жаахан ч гэсэн сэтгэлд нь дэм болж чадаж байгаагаа харахаар сайхан сэтгэгдэл төрдөг. Шүүх дээр нас барсан хүний, амь хохирогчийн хөдөөлүүлэх зардлыг л төлүүлдэг. Өвчтэй байгаад таалал төгссөн ч, зуурдаар нас нөхөцсөн ч, хүний гарт амь үрэгдсэн ч монгол хүн буяны ажлаа хийдэг шүү дээ. Гэтэл түүнийг гэмт хэрэгтнээс гаргуулж байгаа нь нэг их тийм аз завшаантай ч юм уу, олзтой ч юм уу, болж бүтээд, тэмдэглээд баярлаад, бахархаад байх үйл явдал, үйл хэрэг биш. Эмчилгээ хийлгэсэн бол эмчилгээний төлбөр ар гэрээс нь л гардаг. Гэтэл шүүхийн практикт гэмтсэн бэртсэн тэр хүний үгийг сонсоод, сэтгэцэд учирсан гэм хорыг сонсоод, сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоож өгч байгаа нь өөрөө асар чухал, ач холбогдолтой зүйл. Үүнийг цаашид улам төгөлдөржүүлээд явах ёстой.
-Шүүхэд дутагдалтай олон л асуудал байгаа байх. Үүн дотроос хамгийн чухал нь юу бол гэж та харж байна вэ?
-Сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг шүүх тогтоож байгаа. Тэдний сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохдоо уулзалт зохион байгуулдаг. Уулзалт зохион байгуулахдаа төддүгээр зэргийн хохирол гэж тогтоодог. Гэтэл шүүх эмнэлэг дээр хүүхдийн сэтгэл зүйн байдлыг тогтоохдоо уулзалт хийдэг хүүхдийн бие даасан орчин бүрдүүлсэн өрөө өнөөдөр байхгүй. Сэтгэл зүйн тусламж үзүүлэх сэтгэл засалд зориулсан кабинет тохижилт төслийн санал гээд Шүүх эмнэлгийн ерөнхий газраас санал гаргаад “Булгамаа өмгөөлөгчөө манай төсөвт мөнгө алга аа. Та асуудал ярьдаг хүн. Иргэний нийгмийн байгууллага байна уу, төрийн байгууллага байна уу. Та хүүхдийн орчныг бүрдүүлэхэд хамтрах хүн олоод төсөв олоод өгөөч. Хүүхэд зургаа зурна уу, ярина уу, төсөөлнө үү, тоглоно уу, хамаагүй. 2-4 цаг хүүхэд гаргаж болох бүх араншингаа гаргаж. Шатраа тоглоно уу, оньсон тоглоомоо тоглоно уу, зургаа зурна уу тэр хооронд ярилцах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр зүгээр л шалдан дөрвөн хана байгаа. Гэтэл гадаадынхан шиг ингэж тохижуулмаар байна гээд төслөө бичээд надад өнөөдөр өглөө. Нийт хэдэн төгрөг болох нь уу 29.485.000 төгрөг л юм байна. Улсын хэмжээнд жил бүр 1000 гаруй хүүхдийн сэтгэл зүйн гэм хорын хэмжээг тогтоох нэг өрөөний төсөвгүй гээд л манай төр засаг сууж байна. Тэгээд одоо би энэ рүү анхаарал хандуулъя гээд хэдэн газар руу албан бичиг бичээд сууж байна. 
-Төсөв мөнгийг нь шийдээд тохижуулаад ажиллууллаа гэхэд ажиллах хүн нь бас хэрэгтэй байх?
-Цаана нь ажиллах боловсон хүчин хэрэгтэй түүнийг чадавхжуулах, дэмжих, цалин урамшууллыг нэмэх хэрэгтэй. Өдөржин хүний зовлонг сонсоод сууж байгаа хүний цалин сая гаран, хоёр гаран л байна. Гэм хорын учрал хүн бүхэн Шүүх эмнэлэг дээр хохирлоо тодорхойлуулж байгаа. Маш их илүү цагаар хөдөлмөрлөдөг. Тэдний хөдөлмөрийн асуудал хүртэл орхигдож байна. Яг энэ чиглэлээр боловсон хүчнээ бэлтгэх, нөөцлөх асуудал монголд үнэхээр байгаа. Яг бэлтгэгдсэн эмч улсын хэмжээнд арав гаруй л байна. Шар хадны эмнэлэгт хэд хэдэн мэргэшсэн сайн эмч байдаг юм байна лээ. Тэр эмч нар Шүүхийн шинжилгээний эмнэлэг рүү ирэхээр цалин хөлс зэрэглэл нь буураад өмнө нь авсан янз бүрийн зээл, ипотекийн зээл, цалингийн зээл, хэрэглээний зээлээ төлж чадахгүй нь гээд ирж чадахгүй байгаа эмч нар олон байдаг юм байна лээ. Боловсон хүчин дотооддоо бэлтгэх асуудал маш дутмаг. Сэтгэл гэдэг эрхтэн гэмтчихсэн. Гэмтлийн зэрэг тогтоох, сэтгэл зүйн гэмтэл тогтоох, түүнийг эмчлэх асуудал тэнгэр газар шиг ялгаатай. Мэргэжлийн бүхий л түвшинд хольж хутгаж ойлгоод байна. 
-Хоёулаа анх эхэлсэн сэдэв рүүгээ эргээд оръё. Хүүхдүүдийг ээжийнх нь тал авах хүсэлтээ гаргасан уу?
-Гэмт хэргийн улмаас цаана нь үлдэж байгаа хамгийн том хохирогчид хүүхэд. Гэмт хэргийн улмаас дам хохирогч болж байгаа хүүхэд хамгааллын асуудал Монгол Улсад их учир дутагдалтай тодорхой бус. Энэ хүүхдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш, анхан шатны шүүх хурлаас хойш төрийн хамгаалалтад авъя, гэрч, хохирогчийг хамгаалалтад авъя гээд цагдаагийн байгууллагад хандсан боломжгүй гэсэн. БГД-ийн Хүүхэд хамгааллын байгууллага үүн дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа. Тус дүүргийн Хүүхэд хамгааллын байранд авъя гэдэг санал тавьсан боловч хүүхдүүд өөрсдөө аавын талын ах эгч нар анхаарал халамж тавьж байгаа. Тэндээ байна гэсэн байна лээ. Гэтэл ээжийнх нь тал бас авъя гэдэг. Хүүхдүүд өөрсдөө ээжийнхээ талд очихгүй, аавынхаа талд байна гэдэг хүсэлтэй байгаа. Энэ нь ямар үр дагавартай гэхээр гэм буруугийн анхан шатны шүүх хурал 14 хоног хойшилсон. Өмнө нь том хүү нь БГД-ийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн, алба хаагчидтай нэлээд ойр дотно байсан. Тэр алба хаагчтай хамт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу ээжийнх нь хууль ёсны эрхийг хамгаалж байгаа эгчид нь шүүх дээр уншсан захидлыг өгсөн байдаг юм. Шүүх хурал дээр хүүхдийн бичсэн захиа уншина. Нэр ус гарна. Хүүхдийн эмзэг мэдээллийг дэлгэнэ хаалттай явуулмаар байна гэдэг хүсэлт гаргасан. Шүүх хүлээж аваагүй нээлттэй явуулсан. Нэгэнт нотлох баримтаар тооцсон учраас би хүүхдийн нэрийг өөр нэрээр орлуулах, дур мэдэн нотлох баримтыг өөрчлөх, үгийг өөрчлөх эрх надад байхгүй. Бодитойгоор уншигдаад явсан. Шүүх хурлын завсарлагаагаар том хүү нь өмгөөлөгчөө битгий тэр захидлыг уншаач гэдэг боломжгүй хүсэлт тавьсан. Миний аавд битгий бүх насаар нь хорих ял өгүүлээч гэсэн. Надад хэлэх үг олдоогүй. Хүүхдүүдийг ингэтэл нь битгий зовоогооч томчууд аа гэж хэлмээр санагдсан. 
-Давж заалдах хүсэлт хэрэгт холбогдогчийн талаас гаргасан байна лээ?
-Давж заалдаж байгаа тухай мэдээлэл ирсэн. Давж заалдах гомдолтойгоо танилцаад шүүх хуралдаа бэлтгээд орно доо. Би өмнөх үйл баримт үргэлжлэх байх гэж хуульч хүнийхээ хувьд харж байна. Эндээс юу хэлэх гээд байна гэхээр хэн нэгний нөлөөнд автуулахгүй төр тэр хооронд хамгаалаад өгөөч ээ. Шүүхээс БГД-ийн Засаг даргад хүүхэд хамгааллын асуудлыг шийд гэж өгсөн. Нэг өдөр тэнд байх ёстой, энд байх ёстой гээд шийдчихдэг асуудал огт биш. Хаана хүүхэд байхад ээлтэй, ээнэгшиж болохоор байна гэдгийг ажлын хэсэг гараад, гэр орноор нь орж танилцаад, ярилцлага хийгээд, сургуультай нь танилцаад, багштай нь уулзаад, хүүхдийн ор дэр, хичээл номоо хийх өрөө тасалгаа, ямар хоол хүнс идэж ууж байна. Хэн яаж анхаарал хандуулж байна. Ахуйн зардлыг нь хэн яаж шийдэж байна. Санхүүгийн боломж ямар байна гээд таваас дээш хүнтэй баг ажиллаж байж, хүүхдийн байгууллага ажиллаж байж дүгнэлт гарна. Энэ хооронд нэг сар боллоо. Миний үйлчлүүлэгч хохирогчийн өндөр настай ээж, аав нь хүүхдүүдийг өөрсөд дээрээ авчих санаатай гэр хороололд байснаа ахуй нөхцөлөө сайжруулаад, сургууль руу нь дөхөөд хоёр өрөө байр түрээслээд үзүүлсэн байна лээ. Хүүхдүүдийн хувьд нөгөө талд байна гэсэн хүсэлтээ гаргасан байна лээ. Үүн дээр юу хэлэх гээд байна гэхээр бага насны хүүхэд хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгэндээ хариуцлага хүлээх субъект биш. Тухайн үед өнгөц байдлаар хэн илүү халамжилж байна, хэн илүү ахуйн асуудлыг нь шийдэж байна, хэн дуртай юмыг нь авч өгч байна, хэн илүү анхаарал хандуулаад байгаа юм шиг харагдаж байна түүнтэй хамт байя гэдэг. Гэтэл цаана нь ямар баталгаа байгаа вэ. Насанд хүртэл нь тэр хүүхдийг аав, ээж шиг нь асран халамжлаад явж чадах уу. Нийгэм, эдийн засгийн баталгаанаас гадна иргэний хариуцлагын асуудлыг хүүхэд хамгааллын багийнхан ажиллаж тогтоодог. Тийм учраас шүүх дээр хүртэл аав, ээжийнхээ хэнтэй нь байх вэ гэдэг саналыг наймаас доош насны хүүхдээс авдаггүй. Тэд чинь хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй гэдэг шинжлэх ухаанаар тогтоосон нас байдаг. Тэр хооронд төр хүүхдийг хайр халамждаа авах нь чухал.   

Сэтгэгдэл бичих
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30