Dark Light
Урлаг соёл | 2025-11-07

Б.ЗОЛЗАЯА: ЭНЭ ХОРИН ЖИЛИЙГ ДӨЧИН ЖИЛ ЮМ ШИГ САЙХАН АМЬДАРСАН

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Дуучин Ноён Бондгор буюу Ц.Амарбаяр агсны гэргий Б.Золзаяатай ярилцлаа.
 
-Сүүлийн өдрүүдэд буяны ажил үйлдэж 108 гутал тарааж байсан. Тухайн үед юу болсон бэ? 
 
-Миний хань “Ноён бондгор” нэрээр олон түмэнд уран бүтээлээ хүргэдэг байсан. Гэнэтийн үйл явдал болоод өнгөрсөнд хүмүүс итгэж өгөхгүй байсан. Өвдсөн, биеийн байдал хүнд байгаа тухай мэдээ яваагүй. Эмнэлэг дээр цагдаа ирээд “Өчигдөрхөн зүгээр байсан хүн өнгөрсөн гээд сайтуудаар мэдээ яваад байна. Юу болоод байна, үнэн юм уу” гээд шалгах гэж ирсэн. Хүмүүс илүүдэл жинтэй болохоор өвчтэй байсан юм байна эсвэл гэнэт зүрх нь хаагдчихсан юм байна гэж бодоод байгаа. Тийм зүйл болоогүй. Гэнэтийн хордлого авсан. Өглөө 10 цагийн үед хэд хэд бөөлжөөд түргэн дуудаж бөөлжилтийн эсрэг тариа хийлгэсэн. Эмчид үзүүлсэн гээд хүн тайвширчихдаг юм байна лээ. Тухайн үед шууд эмнэлэг явдаг байж гэж дараа нь харамссан. Орой 8 цагт эмнэлэгт очиход “Ямар орой ирсэн юм бэ? Хурц хэлбэрийн шингэн алдалтын шок болсон байна” гэсэн. Хүний биед байх ёстой шингэн маш их хэмжээгээр гадагшлах үед бөөрөнд цочрол өгдөг юм байна. Эрэгтэйчүүд ингэлээ, тэглээ гэж хэлдэггүй учраас эхнэрүүд, ээжүүд анхаарч байх хэрэгтэй. Олон өдөр гүйлгэсэн бол шууд эмнэлэгт үзүүлж яаг юунаас болоод байгааг нь мэдэх ёстой юм байна лээ. Хэнэггүйгээсээ болоод тоохгүй явж байгаад гэнэтийн зүйлд өртөх магадлал байдаг юм байна. Хэн ч хагацал үзэхийг хүсэхгүй шүү дээ. Жоохон ч гэсэн өвдвөл цаг хугацаа алдалгүй эмнэлэгт үзүүлж байгаарай гэдгийг хүмүүст захиж хэлмээр байна.
 
-Нөхөртэйгөө анх яаж танилцаж байсан бэ? Гэрлэх санал хэрхэн тавьж байв?
 
-Нөхөр минь манай ангийн охины үеэл ах нь байсан юм. 8-р анги төгссөн зун дэвтэр, номынхоо мөнгийг ч болов ольё гээд найзтайгаа хамт ажил хийе гэж ярилцсан. Манай найз “Манай эгч Солонгосоос углааш оруулж ирж зардаг юм. Хоёулаа тэнд ажиллах уу” гэсэн юм. Манай хадмынх гэсэн үг. Анх ажилд орох гэж очоод танилцаж байсан. Би санхүүгийн 2+2 хөтөлбөрийг төгссөн. Оюутан байхдаа өглөө 8 цагт гараад орой бараг 10 цагт гэртээ очдог байсан юм. Тэр үед манай нөхөр дөнгөж дуулж эхэлж байсан. Уран бүтээлийн ажил дандаа шөнө өрнөдөг болохоор уулзах боломж гардаггүй байлаа. Нэг өдөр тараад хүрээд ирээрэй гээд “Яах гэж байгаа юм” гэж асуутал хоёулаа гэрлэлтээ батлуулна гэсэн. Тэгээд л тэр өдрөө шууд хороо ороод гэрлэлтээ батлуулж байсан.
 
-Хүү нь хэр байгаа вэ?
 
-Эмнэлэг явдаг өдөр миний хүү ааваа гэж босож ирээд үүд рүү гүйчихсэн гэсэн. Хамгийн сүүлд гэрээсээ гарахдаа хүүгээ үнсээд баяртай гээд явсан. Ой долоон сартай хүүхэд ч гэсэн аав баяртай гээд явчихсан гээд байгаа. Хүүхэд байхгүй болчихсон гэдгийг нь мэдрээд байгаа ч хоол идэхдээ аавынхаа зураг руу заагаад хоолноосоо өгөөд байсан. Аягүй өрөвдмөөр хүүхэд тэгээд байхаар хэцүү байдаг юм байна лээ.
 
-Гэнэтийн болохоор таны сэтгэл зүйд хүнд туссан байх?
 
-Өнгөрчихнө гэж боддоггүй юм байна лээ. Эмчлэгдээд л гараад ирнэ. Гараад ирэхээр нь Солонгос аваад явна, шинжилгээ хийлгэнэ гэж бодож байсан. Байхгүй болчихлоо гэдгийг нь нүдээр хараад ойлгож байгаа ч эвлэрээд сэтгэл зүйгээ удирдах хэцүү байдаг юм байна лээ. Манай эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж үнэхээр муу юм. Илүүдэл жинтэй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. 120 кг-аас дээш жинтэй хүнийг томограф хардаг аппарат байдаггүй. Тэгээд л гадны орон руу явахаас өөр арга байхгүй. Нөгөө талдаа манай улс ингээд л гадагшаа мөнгөө урсгаад байна. Ядаж нэг томограф, MRI байх ёстой шүү дээ.
 
-Уран бүтээлийн хувьд та яаж дэмждэг байсан бэ?
 
-Миний хувьд бизнесийн сургууль төгссөн учраас уран бүтээлийг ажил учраас бизнесжүүлэх ёстой гэж боддог байсан. Манай нөхөр “Уран бүтээл гэдэг чинь бизнес биш. Олон дуу гаргах ч сонин биш. Жилдээ нэг дуу гаргасан ч олны хүртээл болох ёстой. Сар бүр шинэ дуу гаргалаа гээд сайн дуучин болно гэсэн үг биш” гэж хэлж байсан юм. Эхний 10 жилдээ би ойлгож байгаагүй юм. Уран бүтээл нь манай нөхрийн хувьд арилжааны хэрэгсэл байгаагүй. Хэзээ ч энэ дууг дуулчхаад олон халтуур хэсье гэж бодож байгаагүй. Жавхлан ахтайгаа дуу дуул гэж аав, ээж би хүртэл хэлдэг байсан. Тэр үед “Жавхлан ах бол мундаг уран бүтээлч. Би ахынхаа далбайн дор гарч ирсэн юм шиг амьдрахгүй. Би хувь уран бүтээлч. Ахтайгаа дуу дуулаад л ах нь гаргаад ирсэн гэдэг тийм өнцгөөс битгий хараасай гэж боддог учраас би хэзээ ч Жавхлан ахтайгаа дуу дуулахгүй. Учир нь би тэр хүний нэр нүүрийг ашиглаж олонд танигдмааргүй байна” гэдэг байсан. Миний хань 2 CD гаргасан. Одоо ингээд харахад түүний бүх дуу нь хит болсон байна. Саяхан бүх дуугаа хийгээд 3 дахь CD-гээ гаргахаар төлөвлөчихсөн байсан. Одоо хоногоо хураачхаад ямар ч гэсэн 3 дахь CD-ны ажлыг нь хийж дуусгана гэсэн бодолтой байгаа.
 
-Өөр дуусгаагүй үлдсэн ажил байгаа юу?
 
-49 хоног дотроо сайн хийж өгч чадах юм байвал хийж өгөх юм байна. Тэрнээс шалтгаалж дараа төрөлдөө сайн, сайхан байхад нь тодорхой хэмжээнд нөлөөлнө. Уйлж унжаад гэртээ суухаас илүү хүмүүст буян, тус хүргэе гэж бодсон. Гутлыг дээшээ харсан сав гээд бэлгэшээдэг болохоор 108 ээж, хүүхдүүдэд гутал бэлэглэе гээд лайв хийсэн юм. Би тийм их хүн цуглана гэж төсөөлөөгүй. Эхний өдрөө 600 гаруй, 8 хоногийн хугацаанд 1500 гаруй гутал үнэгүй тараасан. Энэ үйл ажиллагаагаа буруу тооцоолсон, их хүн ирнэ гэж бодоогүй байтал маш их хүн ирсэн. Гэхдээ зориод ирсэн хүмүүсийг хоосон гаргахыг хүсээгүй учраас гутлуудаа бүгдийг нь хямдруулсан. Энэ үйл ажиллагаагаа 16-ний өдрийг хүртэл үргэлжлүүлээд хийх гэж байгаа. Нүдэнд харагдаж, гарт баригдаж байгаа буян маш том буян байдаг гэсэн.
 
-Анзаарахад их хөгжилтэй хүн байсан юм шиг байсан?
 
-Болохгүй гэдэг үг үгийн санд нь байдаггүй өөдрөг, гэгээлэг хүн байсан. Дандаа бусдын төлөө гэдэг байсан болохоор маш олон хүрээлэлтэй болгосон. Өөрийнх нь амьдралын философи нь завгүй, мөнгөний төлөө байгаагүй нийгэмд ийм асуудал байна, ийм гоё зүйл хийе гэдэг байсан. Намайг өнгөрөхөд миний түүх үлдэнэ, тэрнээс биш миний ямар машин унаж байсан, хэдэн төгрөгтэй байсан, ямар мундаг компани босгох нь хэнд ч хамаагүй гэж ярьдаг байсан юм.
 
-Гэнэтийн зүйлийн дараа маш олон хүн сэтгэгдлээ бичиж, дурссан байсан. Таны сэтгэлийг ард түмэн маш их хуваалцаж байгаа байх?
 
-Танихгүй хүмүүс хүртэл уйлсан. Үнэхээр олонтой хүн байсан юм байна. Монгол даяараа олон хоног гашуудлаа. Одоог хүртэл манай дэлгүүр дээр ирж байгаа хүмүүс ном уншуулсан баримтаа аваад ирж байна, ном уншуулаарай гээд мөнгө өгч байна, зул бариарай гээд тосоо бариад ирж байна, гэртээ зул өргөсөн зургаа маш олон хүн явуулсан байсан. Миний сэтгэлийг хэцүү байгаа байх гээд цэцгийн баглаа бариад ирсэн. Монгол хүний сэтгэл сайхан, зовж яваа нэгэндээ үнэхээр их тусалдаг. Буян хийж байгаа хүмүүс ямар олон, сайхан юм бэ гээд маш их баярлаж байгаа.
 
-Ирээдүйд хүүдээ юу гэж захиж хэлнэ гэж бодож байна вэ? Ухаан ороод ирэхээрээ аав минь ямар хүн байсан юм бол гэж асуух байх?
 
-Хамгийн сүүлд хүүдээ, аавдаа зориулж дуу хийсэн юм. Аавдаа дуутайгаа очиж, хүүдээ уран бүтээлээ үлдээгээд явсан. Өөрөө захихдаа “Би хүүхдээ онц сур, мундаг, баян хүн бол гэж хэзээ ч хэлэхгүй. Миний хүү бусдад тустай хүн шиг хүн болоорой л гэж хэлнэ. Өөрийн дураар аз жаргалтай л амьдраарай” гэдэг байсан. Хадам ээж минь гавьяат бүжигчин, хадам аав минь бас бүжгийн багш гээд ер нь урлагийн авьяастай гэр бүл учраас миний хүү магадгүй бүжигчин, дуучин болох юм уу таашгүй. Хүмүүс битгий үлдээсэн бүх ажлыг нь хий зарим юмыг нь хүүд нь үлдээ гэж байсан. Аав нь ийм хүн байсан шүү гэж хэлэхээс илүү уран бүтээлээрээ ямар хүн байснаа илэрхийлээд явсан байх гэж бодож байгаа.
 
-Таньд өөр хэлмээр зүйл байгаа юу?
 
-Гурван том зовлон байдаг гэж хүмүүс ярьдаг. Өсөхийн цагт эцэг, эхээ алдах, идэр насандаа ханиа алдах, үр хүүхдээ алдах гээд энэ зовлон бол хамгийн том зовлон юм. Нэгэнт ирсэн зовлонг хүндрүүлж авалгүй, үр хүүхдээ бодож сэтгэл зүйгээ хурдан хугацаанд эмчилж буцаад хэвийн байдалдаа орох гэж хичээж байгаа. Би “49 хоног” гэж ном бичиж байгаа юм. Хүнд хэлж, уйлж чадахгүй зүйлээ бичихээр тайтгарал өгдөг. Хүнээ алдсан хүний сэтгэлийн зовлонг ганцхан би биш маш олон хүн туулж байгаа. Яаж хурдан сэтгэл зүйн хувьд эрүүл болох вэ гэдэг талаас бичсэн олон хүнд хэрэгтэй юм хийе гэж бодсон юм. Цаг хугацаа эмчилнэ гэдэг ч арай дээрдэхээс биш сэтгэл зүрхэнд минь үүрд хадгалагдаж үлдэнэ. 49 хоногийн дараа өөр төрлийг олдог гэж бурхны шашинд үздэг юм байна лээ. Энэ төрлөөсөө арай яваагүй байгаа дээр нь ханьдаа зориулсан ганц дуугаа дуулаад дуун суварга гэдэг шүү дээ тэгж явуулъя гэж бодоод байгаа. Хоногоо хураахаас өмнө дуугаа хийгээд сонсгох зорилготой байна.
 
-Сэтгэлийн дэм өгч буй ард түмэндээ хандаж хэлэх үг байна уу?
 
-Миний ханийн уран бүтээлийг сонсдог, дэмждэг, бүхий л үйл, ажил хийсэн халуун сэтгэлээ дэвсээд ирдэг монголчуудын минь сайхан сэтгэл маш агуу. Энэ хугацаанд намайг ганцаардуулаагүй зүйл бол олон түмний урмын үг. “Хүчтэй байгаарай, сайн хүн байсан шүү, эмгэнэл илэрхийлье” гэх мэт бүх сайхан үгс нь намайг босгож байсан. Нарт хорвоод амьдарч буй амьдралдаа дандаа нэг нэгэндээ тусалж, сайн сайхан үг хэлж, сайхан юм бодож, бие биеэ хайрлаж явах юм бол жаргалтай амьдаръя гэж ирсэн бидний хэрэг бүтнэ. Нэгэндээ тустай дэмтэй, эв эетэй сайхан амьдраарай. Дараа нь яагаад би тэгж хэлж байсан юм бол гэж харамсдаг юм байна лээ. Хажуудах хүнээ хайрлаарай, хэлж байгаа үгээ цэгнээрэй, илүү их хайрлаж сайн сайхан амьдраарай гэж хүсье даа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23