Өмнөд Солонгосын "Kairos Makers" болон Монголын "Номадиа Пикчерс" (Nomadia Pictures) компанийн хамтран бүтээсэн, зөгнөлт, романтик жанрын “Зургаадугаар сарын цас” ("Snow in June" буюу 눈 내리는 여름, 너에게) уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тус киноны албан ёсны хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд Өмнөд Солонгосын кино театруудаар ирэх 11 дүгээр сарын 25-нд нээлтээ хийхээр товлогдсон байна.
Киноны үйл явдал
Киноны үйл явдал Ин-хо гэх солонгос эр Улаанбаатар хотын замын түгжрэл дунд Дархан хот руу яаралтай бизнесийн уулзалтад амжихын тулд яарч явахаас эхэлнэ. Тэрээр яг хөдлөх гэж буй галт тэргэнд амжин суумагц, түүний өөдөөс галт тэрэгний үйлчлэгч бүсгүй угтан авна. Тэр бүсгүй бол Ин-хогийн гурван жилийн өмнө автын ослоор харамсалтайгаар амиа алдсан анхны хайр Ану (Цэлмэг) байлаа. Хоёр амраг өөр өөр цаг хугацаанд амьдарч байгаагаа ухаарч, өнгөрсөн болон одоо үе огтолцсон Монголын уудам тал нутгаар нууцлаг бөгөөд гайхамшигт аялалд гарна.
Уран бүтээлийн баг ба гол дүрүүд
-
Найруулагч: Ким Хён Хёп (Kim Hyeong-hyeop)
-
Гол дүрүүдэд: Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Жон Жин-вүүн (Jeong Jin-woon) болон Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин Цэрэндуламын Цэлмэг нар тоглосон.
-
Төрөл: Романтик, Зөгнөлт, Мелодрам
Уг бүтээл нь Монгол, Солонгосын кино урлагийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж буй төсөл бөгөөд хоёр орны байгалийн үзэмж, жүжигчдийн чадварыг хослуулсан өвөрмөц шийдэлтэй болсноороо онцлогтой юм.
Найруулагч Ким Хён-хёп өмнө нь Жөн Жин-вүүнтэй хамтран "God's Band" (신의악단) кинон дээр ажиллаж байжээ. Тэрээр "Өмнөх киноны хасагдсан хэсэгт мелодрам (романтик) шугам байсан бөгөөд Жин-вүүнтэй хайрын тухай ярилцах маш сонирхолтой байсан тул дараа заавал романтик кино хамт хийнэ гэж бодсон" хэмээжээ. Улмаар найруулагч Монголд киноны байршил хайж явахдаа зохиолоо хөгжүүлж, Жин-вүүн рүү залгахад тэрээр шууд л зөвшөөрснөөр энэхүү төсөл эхэлсэн байна.
Кино багийнхан дүрүүдийн сэтгэл хөдлөлд нийцэх төгс байршлыг олохын тулд Монголын тал нутгаар хэдэн сарын турш хайгуул хийжээ. Зураг авалт өнгөрсөн зуны халуунд, хотоос 12 цаг гаруй зорчиж хүрэх алслагдсан газар, дэд бүтэцгүй хүнд нөхцөлд маш ширүүн өрнөсөн байна. Найруулагч Ким "Байгаль нь дэндүү үзэсгэлэнтэй байсан тул үзэгчид компьютер графикаар (CG) хийсэн гэж андуурах вий гэсэндээ дүрсийн өнгө будгийг бүр дарах хэрэг гарсан" хэмээн Монголын байгалийг бахархан ярьжээ.
Хэлний бэрхшээлийг давсан "эгч дүүс" шиг нөхөрлөл
Жөн Жин-вүүн (Ин-хогийн дүр): Энэ нь түүний жүжигчний карьер дахь анхны романтик гол дүр юм. Тэрээр "Анхны зохиол уншилт (script reading)-ыг их өвөрмөц хийсэн. Найруулагч, Цэлмэг бид гурав орчуулагчгүйгээр галт тэргэнд сууж аялангаа уншсан гээд тэрээр Ц.Цэлмэгтэй хэрхэн гар нийлж ажилласан талаараа "Бид зүгээр нэг хамтран тоглогчид биш, яг л дүү охин, дотны найзууд шиг тийм дотно болсон. Цэлмэг маань маш нээлттэй, найрсаг байсан болохоор зураг авалтыг маш тухтай, сайхан уур амьсгал дунд хийсэн" хэмээн магтжээ.
Цэрэндуламын Цэлмэг (Анугийн дүр): Монголын Улсын Драмын Эрдмийн Театрын (УДЭТ) жүжигчин тэрээр энэ бүтээлээр солонгос кинонд анх удаа хөл тавьж байна. Тэрээр "Багаасаа зурагтаар үзэж өссөн К-драмын жүжигчин, сонсож өссөн К-поп одоос маань суралцах зүйл их байсан тул анх уулзахдаа их сандарсан. Гэвч Жин-вүүн маш найрсаг байж, тусалсны ачаар зураг авалтад тухтай оролцсон" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Энэхүү кино нь хоёр орны соёлын гүүр болохоос гадна үзэгчдэд солонгос киноны уламжлалт, сонгодог романтик мэдрэмжийг Монголын зэрлэг онгон байгалийн өнгө төрхтэй хослуулан хүргэхээрээ ихээхэн хүлээлт үүсгээд байна.
ТАТАР МАЙДАР







Урлаг соёл




