АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаныхаа дараа Fox News сувгийн хөтлөгч Шон Хэннитид өгсөн онцгой ярилцлагынхаа үеэр БНХАУ болон ОХУ-ын харилцаа, тэдгээрийн газар нутаг, хүн амын ашиг сонирхлын зөрчлийн талаар ширүүн байр суурь илэрхийллээ.
Тэрээр АНУ-ын өмнөх засаг захиргаа буюу Жо Байден, Барак Обама нарын алдаатай гадаад бодлогын улмаас Москва, Бээжин хоёр ойртоход хүрсэн хэмээн буруутгасан байна.
“ХЯТАДАД ОРОСЫН ГАЗАР НУТАГ ХЭРЭГТЭЙ”
Д.Трамп ярилцлагынхаа үеэр түүхийн өнцгөөс харахад Орос, Хятад хоёр хэзээ ч нэг тал болох ёсгүй байсныг онцлоод дараах байр суурийг илэрхийлжээ:
-
Өмнөх удирдагчдад өгсөн шүүмжлэл: “Байден — мөн Обама ч гэсэн — санаанд багтамгүй зүйл хийж, Хятад, Орос хоёрыг нэгтгэж орхисон. Би үүнийг зогсоосон байсан ч сонгууль гэх эмгэнэлт явдал болсон доо”.
-
Төрөлхийн зөрчилдөөн: “Хэрэв та түүхийг өчүүхэн төдий л судалсан хүн бол энэ хоёр улсыг ойртуулах нь хэзээ ч хийхийг хүсэхгүй цорын ганц зүйл гэдгийг мэднэ. Учир нь тэд үндсэндээ төрөлхийн дайснууд. Орост асар их газар нутаг бий, Хятадад асар олон хүн ам бий, тиймээс Хятадад Оросын газар нутаг хэрэгтэй”.
-
Цаашдын төлөв: “Цэвэр тэнэглэлээс болж тэднийг хооронд нь нэгтгэчихсэн. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэх эсэхийг би мэдэхгүй, учир нь тэдний дунд төрөлхийн үл ойлголцол, зөрчилдөөн бий” хэмээн тэрээр хэлсэн байна.
Түүнчлэн Д.Трамп В.Путинтэй хийсэн уулзалт “үнэхээр сайхан болсон” бөгөөд цаашид сайн үр дүнд хүрнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн ч хэлэлцээрийн нарийн ширийнийг урьдчилан задруулахаас татгалзжээ.
ТАТАР МАЙДАР







Гадаад


