Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хэрэгжилт, орон нутагт тулгамдаж буй асуудлаар аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийлээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт одоогоор 50 гаруй хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэдгийг тэрээр анхаарууллаа.
Аймаг, нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан бүрдүүлэх 15–20 мянган тонн махны нөөц одоогоор 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байгааг анхаарч, тогтоосон хугацаанд бүрэн бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад даалгав.
Мал эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой санхүүжилтийг орон нутгийн төсөвт бүрэн тусгаж, вакцинжуулалт, халдваргүйтгэлийг хугацаанд нь зохион байгуулах, “Шинэ цагийн малчин” аяны хүрээнд малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг бодит үр дүнтэй хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Түүнчлэн аймаг дамнасан отор нүүдлийн зохицуулалтыг шуурхай шийдвэрлэж, бэлчээр, ус ашиглалттай холбоотой маргаан, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сумдын удирдлагын шуурхай ажиллагааг хангах автомашины хэрэгцээг үе шаттай шийдвэрлэхийг үүрэг болгов.
Аймгууд 2027 оны орон нутгийн төсвийг батлахдаа өвөлжилтийн нөхцөл байдал, болзошгүй эрсдэл, иргэдийн амьдрал, аюулгүй байдалд нэн шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг тэргүүн ээлжид эрэмбэлэхийг Ерөнхий сайд Н.Учрал онцлон анхаарууллаа.
АДМИН







Нийгэм


