Dark Light
Урлаг соёл | 2026-11-18

“ХЯТАД ХОЛЛИВУД”-Д ОДДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | AFP

Тайландын шүтэн бишрэгч Таммарави Лин 20 гаруй хоногийн турш бороо, нарыг үл ажран БНХАУ-ын зүүн бүсийн Хэндянь хотын нэгэн зочид буудлын гадаа олон улсын фэнүүдийн хамтаар зогсож, Хятадын жүжигчин Жан Линхэг гарч ирэхийг хүлээн гар утсаа чиглүүлжээ.

Өндөр нуруу, хүүхэд шиг царайгаараа алдартай Хятадын залуу од Жан Линхэ сүүлийн үед хит болсон “Pursuit of Jade” цувралаараа олон улсад нэр хүнд нь огцом өссөн нь Лин шиг гадаадын үзэгчдийн зүрх сэтгэлийг татаж буй Хятадын олон ангит киноны (C-drama) давлагааны нэг хэсэг юм.

Хятад олон ангит киноны энэхүү нэр хүнд нь “Хятадын Холливуд” гэгддэг Хэндянь хотод аялал жуулчлалын цоо шинэ салбарыг цэцэглүүлж, дуртай одоо харах гэж зорьж ирсэн гадаадын шүтэн бишрэгчдэд зориулсан бизнесүүд эрчимтэй хөгжиж байна. Жан Линхэгийн зурагт хуудсаар чимэглэсэн хаалтны ард фэнүүд нь хамгийн сайн өнцгөөс харахын тулд нэг өдрийн өмнөөс өнгө өнгийн сандал тавьж, байраа эзэлсэн байв.

Уг зочид буудал нь Хятадын эртний ордон, хуучин Хонконгийн гудамж, сүм хийдүүдийг дуурайлган барьсан Хэндяний асар том кино зураг авалтын цогцолборын дэргэд оршдог. Кино салбарын дотоод хүмүүс жүжигчдийн зураг авалтын хуваарь, байршлыг олон нийтийн сүлжээнд задруулж эсвэл зарснаар фэнүүд нь Жан Линхэгийн үс засалт, нүүр будалт хийлгэж буй зочид буудлын гадаа ийнхүү бөөгнөрөх болжээ.

Бангкокоос нисэж ирэх тийз болон Хэндянь дахь зочид буудлын өрөөнд нийт 5,000 орчим юань буюу “хэтэрхий их” мөнгө зарцуулснаа 46 настай чөлөөт орчуулагч Лин хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр жүжигчний зурагтай карт, тэмдгийг гартаа атгасаар “Хэрэв бид түүнд үнэхээр хайргүй байсан бол хэзээ ч ингэхгүй байсан. Удахгүй нар гарах байх, гэхдээ бид түүнийг хүлээсэн хэвээр байх болно” хэмээн AFP агентлагт ярьжээ.

Шүтэн бишрэгчдэд суурилсан аялал жуулчлал

Хэндянь дахь бизнес эрхлэгчид одод хөөцөлдсөн гадаадын шүтэн бишрэгчдэд тусгайлан зориулсан үйлчилгээ санал болгож эхэлжээ. Ийм төрлийн бизнес үүсгэн байгуулагч Ли-гийн хэлснээр түүний компани фэнүүдэд дуртай одоо харах маршрутыг гаргаж өгөх, хувийн унаагаар үйлчлэх, хуваарийн дагуу сэрээх дуудлага хийх зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Түүнчлэн тэрээр Жан Линхэгийн шинэ түүхэн киноны зураг авалтыг дээрээс харах боломжтой уул руу фэнүүдийг дагуулан гардаг аж. “Бид тэдэнд алсын тусгалтай хүнд дурантай камер өгч, өндрөөс зураг авах ямар байдгийг мэдрүүлдэг” хэмээн тэрээр тайлбарласан бөгөөд үйлчлүүлэгчид нь Өмнөд Солонгос, Сингапур, Малайз зэрэг орноос ирдэг байна.

1990-ээд оны сүүлчээс Өмнөд Солонгосын олон ангит кинонууд (K-drama) гадаадад ноёрхож ирсэн бол одоо Хятадын цувралууд тэднийг хурдацтай гүйцэж байгааг шинжээчид онцолж байна. Тухайлбал, Хятадын орчин үеийн хайр дурлалын “The Early Spring” цуврал наймдугаар сард Netflix-ийн англи хэл дээрх бус дэлхийн шилдэг цувралуудын жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн бол Жан Линхэгийн “Pursuit of Jade” түүхэн драма гуравдугаар сард нээлтээ хийсэн долоо хоногтоо зургаадугаар байрт оржээ. Дөрөвдүгээр сард уг цуврал Сингапурын Netflix-ийг долоо хоногийн турш тэргүүлэх үед тус улсын сайд нар хүртэл илтгэлдээ тус киноноос иш татаж, дуугаар нь TikTok бичлэг хийж байв.

Дараагийн “Солонгос давлагаа” болох уу?

Солонгосын соёлын давлагаа буюу “Халлю”-г тэргүүлж ирсэн К-драма одоогоор дэлхий дахинд илүү бат бөх байр суурьтай байгаа ч Хятадын олон ангит кинонууд олон улсын, ялангуяа Азийн үзэгчдэд эрчимтэй хүрч байгааг Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн судлаач Пан Ван тэмдэглэжээ.

Тэрээр “Хятадад кино үйлдвэрлэлийн асар том салбар, олон төрлийн жанр, үзэгчдийн өргөн хүрээ болон олон улсад түгээх төрийн дэмжлэг зэрэг өөрийн гэсэн давуу талууд бий. Гэхдээ Хятад дахь хатуу цензур нь өгүүлж болох түүхүүдийг хязгаарлах саад болж магадгүй” хэмээн дүгнэсэн байна.

Хубэй мужид суралцдаг Малайзын оюутан Аделис Ли жүжигчин Жан Линхэг 25 орчим удаа харсан ч дахин нэг удаа уулзахын тулд Хэндяньд дөрөв дэх удаагаа иржээ. Тэрээр энэ удаагийн аяллаараа 10 орчим хятад оддыг харж, хотын оддын эзэмшдэг зоогийн газруудаар үйлчлүүлсэн байна. Өмнө нь солонгос кинонд донтдог байсан тэрээр одоо К-драманы үйл явдлыг хэтэрхий таамаглах боломжтой, хоорондоо ижилхэн санагддаг болсон гэжээ. “Маш олон хүн солонгос киноноос уйдаж байгаагаа ярьж байна. Харин Хятадын олон ангит кинонууд төрөл жанрын хувьд илүү баялаг бөгөөд илүү шийдэмгий эмэгтэй гол дүрүүд, эсвэл Хятадын ардын аман зохиолд суурилсан уран зөгнөлт түүхүүдийг харуулдаг” хэмээн Ли ярьсан байна.

Зочид буудлын хаалга руу хоёр гар утсаа зэрэг чиглүүлэн эх орондоо буй хүмүүст шууд дамжуулалт хийж байсан Тайландын фэн Лин болон бусад шүтэн бишрэгчид Жан Линхэг хар савхин хүрэм өмсөж, үсээ уламжлалт хэв маягаар шуугаад гарч ирэх мөчид баярлан уухайлж, хүлээж байсан машин руугаа суутал нь “Бид чамайг санасан шүү, Жан Линхэ! Бид чамайг дэмжиж байна!” хэмээн хашхирцгаажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08