Словак Улсын Ерөнхий сайд Роберт Фицо болон түүний Оросыг баримтлагч Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн олон мянган иргэн Мягмар гарагт тус улс даяар гудамжинд гарч жагслаа. Зохион байгуулагчдын мэдээлснээр зөвхөн нийслэл Братислав хотод гэхэд 25,000 орчим хүн цугласан байна.
Сөрөг хүчний намууд болон төрийн бус байгууллагуудын зохион байгуулсан хамгийн том жагсаал 1989 оны “Хилэн хувьсгал”-ын гол түшиц газар болж байсан Братиславын СНП (SNP) талбайд болжээ. Мөн Кошице, Банска Бистрица зэрэг бусад томоохон хотуудад ч эсэргүүцлийн цуглаан өрнөсөн байна.
“Хилэн хувьсгал”-ын ой ба Украинд туслах шаардлага
Европын Холбоо болон НАТО-гийн гишүүн Словак Улсад болсон энэхүү жагсаал нь тухайн үеийн Чехословакт олон арван жил ноёрхсон коммунист дэглэмийг унагасан “Хилэн хувьсгал”-ын ойн өдөртэй давхцаж байгаагаараа онцлогтой. Жагсагчид 41 жил үргэлжилсэн дарангуйллыг түлхэн унагасан түүхэн үйл явдалд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ Украинд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхийг шаарджээ.
.jpg)
Шүүмжлэлийн гол бай нь Ерөнхий сайд Р.Фицо байсан бөгөөд жагсагчид “Фицо бидэнд хангалттай” хэмээн уухайлж, зарим нь түүнд хандсан хатуу шүүмжлэлтэй лоозон барьсан байв.
Европын хамгийн их Оросыг баримтлагч удирдагч
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарын Виктор Орбан эрх мэдлээ алдсанаас хойш Р.Фицо Европын хамгийн их Оросыг баримтлагч удирдагчаар тодроод байгаа юм. Тэрээр Украинд цэргийн тусламж үзүүлэхээс татгалзаж, Европын Холбооны хориг арга хэмжээг үл харгалзан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр харилцаатай хэвээр байна.
Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд дөрвөн удаа Ерөнхий сайдаар ажиллаж буй Р.Фицо 2023 онд засгийн эрхэнд эргэн ирснээсээ хойш гудамжны эсэргүүцлийн жагсаалтай тогтмол тулгарах болсон. Түүний Засгийн газар өнгөрсөн жил үндэсний хууль тогтоомжийг Европын Холбооны хуулиас дээгүүр тавих Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, Брюссельтэй зөрчилдсөнөөс гадна хэвлэл мэдээлэл, соёлын салбарт төрийн хяналтыг чангатгах, бэлгийн цөөнхийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авснаараа ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа билээ.
Жагсаалд оролцсон 74 настай эмч Игорь Вико AFP агентлагт өгсөн ярилцлагадаа “Бид Европын Холбоонд оросуудтай хэлэлцээр хийж буй сүүлчийн улс боллоо. Энэ бол гутамшиг. Бид зөвхөн Европт ч биш, дэлхийн хамгийн сүүлд хоцорч байгаа нь үнэхээр харамсалтай байна” хэмээн ярьжээ.
ТАТАР МАЙДАР




Гадаад



