Dark Light
Нийгэм | 2026-11-18

АЛЯСКАД АН-ААС НЭР ДЭВШИГЧ МЭРИ ПЕЛТОЛА ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | AP/Lindsey Wasson / Lindsey Wasson

Ийнхүү тэрээр Аляска муж байгуулагдсанаас хойш Сенатад сонгогдсон тав дахь Ардчилсан намын гишүүн, мөн АНУ-ын Сенатад сонгогдсон анхны уугуул Юпик (Yup'ik) ястан эмэгтэйчүүдийн нэг болж түүхэнд бичигдлээ.

АНУ-ын Аляска мужид болсон Сенатын сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Мэри Пелтола хоёр удаа сонгогдон ажилласан Бүгд найрамдах намын сенатор Дэн Салливаныг ялснаар тус улсын завсрын сонгуулийн Сенатын сүүлийн суудлын эзэн тодорлоо.

Ерөнхийлөгч Дональд Трампын олон удаа үнэмлэхүй ялалт байгуулж байсан консерватив муж болох Аляскад Ардчилсан нам ийнхүү ялалт байгуулснаар Бүгд найрамдах намын эзэмшиж байсан есөн суудлыг булаан авч, Сенатад 56:44 харьцаатай үнэмлэхүй олонх болж чадлаа. Энэ нь 1958 оноос хойш Ардчилсан нам Сенатад хамгийн олон суудал нэмж авсан тохиолдол болж байна. Мөн тус нам Өмнөд Каролина, Техас, Канзас, Миссисипи зэрэг уламжлалт консерватив мужуудад ялалт байгуулаад байгаа юм.

Мэри Пелтола ялалтынхаа дараа хийсэн мэдэгдэлдээ сонгогчид “Вашингтон дахь өнөөгийн тогтолцоо Аляскад үйлчлэхгүй байна” гэдэг тодорхой дохиог өглөө хэмээн онцлов. Тэрээр “Би кампанит ажлынхаа үеэр хоосон загасны тавиураа хараад нулимс дуслуулж буй ахмадууд, боломжийн үнэтэй орон сууц хайж цөхөрсөн гэр бүлүүд, мөн гэрээ дулаацуулах уу эсвэл ширээн дээрээ хоол тавих уу гэдэг хүнд сонголтын өмнө тулгарсан алслагдсан бүсийн эцэг эхчүүдтэй уулзсан. Өнөөдөр бид эдгээр асуудлыг шийдвэрлэж, Аляскийг нэгдүгээрт тавих түүхэн алхмыг хийлээ” гэжээ.

“Ижил нэртэй нэр дэвшигч”-ийн маргаан ба шүүхийн нэхэмжлэл

Өмнө нь АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Аляскийн уугуул иргэдээс анх удаа сонгогдон ажиллаж байсан М.Пелтола 2024 оны сонгуульд ялагдсан ч 2026 оны Сенатын өрсөлдөөнд гол дүр болж эргэн ирлээ.

Гэвч сонгуулийн сурталчилгааны төгсгөлд түүний багийнхныг одоогийн сенатор Дэн С.Салливаны саналыг хуваах зорилгоор түүнтэй ижил нэртэй тэтгэвэрт гарсан багш Дэн Ж.Салливаныг нэр дэвшүүлэхэд тусалсан гэх дуулиан дэгдсэн юм. The New York Times сонины уг мэдээллийн дараа Ерөнхийлөгч Д.Трамп Пелтолагийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхийг уриалж, АНУ-ын Хууль зүйн яамнаас хэрэв одоогийн сенатор ялагдвал сонгуулийн дүнг баталгаажуулахыг хориглох нэхэмжлэл шүүхэд гаргасан ч холбооны шүүгч уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

М.Пелтола болон нэр дэвшигч Дэн Ж.Салливан нар хоёулаа ямар нэгэн хуйвалдаанд оролцоогүй гэдгээ эрс няцаасан юм. Санал хураалтын урьдчилсан дүнгээр М.Пелтола 50.1 хувийн (144,302) санал авч, Дэн С.Салливанаас (45.8 хувь буюу 131,844 санал) 12 мянга гаруй саналаар илүүрхсэн бөгөөд хоёр дахь Дэн Салливан ердөө 1.7 хувийн (4,760) санал авсан байна.

Амьжиргааны өртөг ба Аляскад гарсан түүхэн өөрчлөлт

Юпик угсааны М.Пелтола сонгуулийн сурталчилгааны үеэр алслагдсан бүс нутгийн иргэдэд хүндээр тусаж буй шатахуун, хүнсний өндөр үнэ болон амьжиргааны өртгийн асуудлыг гол болгон тавьсан нь сонгогчдын дэмжлэгийг татжээ. Ийнхүү тэрээр Аляска муж байгуулагдсанаас хойш Сенатад сонгогдсон тав дахь Ардчилсан намын гишүүн, мөн АНУ-ын Сенатад сонгогдсон анхны уугуул эмэгтэйчүүдийн нэг болж түүхэнд бичигдлээ. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 3-ны сонгуулиар Аляска мужийн захирагчаар 1998 оноос хойш анх удаа Ардчилсан намын нэр дэвшигч Жонатан Крейсс-Томпкинс сонгогдоод байгаа юм.

Мэри Пелтола (төрсөн овог нь Сэттлер) нь эхийн талаасаа Аляскийн уугуул Юпик (Yup'ik) ястан, эцгийн талаасаа герман гаралтай америк хүн юм. Түүний ээж Элизабет “ЛизЭнн” Пийсигак Уильямс нь баруун Аляскийн Юкон-Кускоквим голын бэлчир нутгийн уугуул Юпик омгийн хүн байв. Юпикчүүд нь эртнээс загас агнуур, ан гөрөө эрхэлж ирсэн Аляскийн уугуул ард түмэн (эскимос бүлэгт хамаардаг) бөгөөд Мэри Пелтолагийн Юпик нэрийг Акаллек (Akalleq) буюу “өнхрөгч” гэдэг. Харин Түүний аав Уорд Сэттлер нь АНУ-ын Небраска мужаас гаралтай, герман угсааны цагаан арьст америк хүн бөгөөд Аляскад багш болон нисгэгчээр ажиллахаар нүүж очсон ажээ. Харин Мэри яагаад финланд овог авсан бэ гэхээр “Пелтола” гэх финланд овгийг тэрээр талийгаач нөхөр Южин “Баззи” Пелтолагаас авчээ. Түүний нөхрийн өвөг дээдэс 100 гаруй жилийн өмнө Финландаас цаа буга маллахаар Аляскад очсон Сами угсааны хүмүүс байсан бөгөөд тухайн үед нутгийн Юпик гэр бүлүүд тэднийг ивээлдээ авч, хоорондоо ураг барилдсан түүхтэй аж. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08