Dark Light
Гадаад | 2026-11-10

ТУРКИЙН МЕТАЛЛУРГИЙН ҮЙЛДВЭРТ ДЭЛБЭРЭЛТ БОЛЖ, 17 ХҮН АМЬ ҮРЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Турк улс дахь HABAŞ гангийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 17 хүн амиа алджээ. Мөн 13 ажилчин гэмтэж бэртсэний хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа талаар Reuters агентлаг мэдээллээ.

Осол 11 дүгээр сарын 9-ний өдрийн дунд үед гарсан бөгөөд дэлбэрэлтийн дараа үйлдвэрийн талбайд томоохон хэмжээний гал түймэр дэгджээ.

Орон нутгийн эрх баригчдын урьдчилсан мэдээгээр тухайн үед үйлдвэрт засвар үйлчилгээний ажил хийгдэж байсан бөгөөд үйлдвэрлэлийг түр зогсоосон байжээ. Техникийн засварын үеэр гүүрэн кран нурж, түүний хүнд бүтэц нь цахилгаан нуман зуухны дээрээс унахдаа хийн хоолойг гэмтээсэн байна. Үүнээс үүдэн хүчтэй дэлбэрэлт болж, барилгын зарим хэсэг нуржээ. 

Измир мужийн захирагч Сүлейман Элбан хэлэхдээ, уг үйл явдал болох үед үйлдвэрлэлийн үйл ажиллагаа техникийн засвар үйлчилгээний улмаас зогссон байсан гэв. Тус үйлдвэрт ердийн үед 300 гаруй хүн ажилладаг хэдий ч, хэрэг гарсан үед үйлдвэрийн байранд 200 орчим хүн байжээ.

Аврагчид хүмүүсийг хайхын зэрэгцээ нуранги, хог хаягдлыг цэвэрлэв. Гал түймрийг хяналтад авч, гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган шүүхийн болон захиргааны мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж буйгаа мэдэгдлээ.

"Манай улсыг гүнээ эмзэглүүлсэн энэхүү эмгэнэлт явдлын шалтгаан, нөхцөл байдал, түүнчлэн хайхрамжгүй хандсан байж болзошгүй тохиолдлууд болон үүнд хариуцлага хүлээх этгээдүүдийг тогтоох болно" гэж Эрдоган мэдэгдэв.

Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд таван хүнийг саатуулжээ. Хууль сахиулах байгууллагынхан одоо ослын шалтгааныг тодруулах, мөн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчигдсөн эсэхийг тогтоохоор ажиллаж байна.

Ажлын байрны аюулгүй байдлыг хянах хараат бус байгууллага болох "Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын хяналтын бүлэг" (İSİG)-ийн мэдээлснээр, 2026 оны эхний есөн сарын хугацаанд Турк улсад нийт 1736 ажилтан амиа алдсаны 226 нь есдүгээр сард бүртгэгджээ.

HABAŞ бол Туркийн ган үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг юм. Тус үйлдвэр нь Измир мужийн Алиага аж үйлдвэрийн бүсэд байрладаг бөгөөд жилд ойролцоогоор 4.5 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08