ОХУ-ын Ставрополь хотын «Юг-Арена» спорт цогцолборт анх удаа зохион байгуулагдсан спорт хутга шидэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 27 орны 150 гаруй шилдэг тамирчид цэц мэргээ сорин өрсөлдлөө.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Монгол Улсын 13 тамирчин өндөр сахилга бат, гоц мэргэн байдлаараа ялгарч, 1 алт, 5 мөнгө, 15 хүрэл, нийт 21 медаль хүртсэн бахдам амжилт гаргав. Монголын баг тамирчид багийн нэгдсэн дүнгээр хүчирхэг Узбекистан, Казахстаны шигшээ багуудыг ардаа орхин, зөвхөн тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын багийн дараа буюу дэлхийд 2-р байрт шалгарлаа.
Энэхүү ДАШТ-ий хамгийн тод амжилтыг үзүүлж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлсэн тамирчин бол Нийслэлийн Ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн 8-ын Ё ангийн сурагч Шигихутуг овогтой Хутула байв. Тэрээр 12–13 насны ангилалд дэлхийн шилдгүүдийг дараалан ялж, спорт хутга шидэлтийн ДЭЛХИЙН АВАРГА болж, алтан медаль хүртжээ.
Спорт хутга шидэлт нь олон улсад (Олон улсын холбоо нь 2022 онд байгуулагдсан) хурдацтай хөгжиж буй залуу спортын төрөл бөгөөд Монголын өсвөрийн тамирчид болон баг бүрэлдэхүүн ийнхүү дэлхийн дээд түвшинд өрсөлдөх чадвартайгаа батлан харууллаа. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан Ш.Хутула аваргад болон нийт баг тамирчид, дасгалжуулагчдад халуун баяр хүргэе!
ТАТАР МАЙДАР







Спорт


