Dark Light
Гадаад | 2026-11-18

УНГАРТ В.ОРБАНЫ ОЙРЫН ХҮРЭЭЛЛИЙНХНИЙГ ШАЛГАЖ, ДҮҮГ НЬ БАРИВЧИЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Reuters

Унгарын Ерөнхий сайдаар 16 жил ажилласан Виктор Орбаны ойрын хүрээллийнхний эсрэг авлигын эсрэг томоохон ажиллагаа өрнөж, ойд булсан их хэмжээний бэлэн мөнгө илрүүлсний зэрэгцээ түүний төрсөн дүүг баривчилсан талаар Reuters агентлаг мэдээллээ.

ОЙД БУЛСАН 19.5 САЯ АМ.ДОЛЛАР БА АВТОБУСНЫ ТЕНДЕР

Мөрдөн байцаагчид арваннэгдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд хийсэн нэгжлэгээр нийт 19.5 сая орчим ам.доллартай дүйхүйц бэлэн мөнгө хураан авчээ. Мөнгөний нэг хэсгийг ойд газарт булсан байсан бол үлдсэнийг нь агуулах, хөдөө аж ахуйн байгууламж, орон сууц болон сейфэнд нуусан байсныг илрүүлсэн байна.

Энэхүү тусгай ажиллагааг 2014–2018 онд Унгарын Үндэсний хөгжлийн сайдаар ажиллаж байсан Миклош Шестактай холбоотой эрүүгийн хэргийн хүрээнд явуулжээ. Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар төрийн өмчит компаниуд 600 гаруй хуучин автобусыг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдан авч, улсад 10 тэрбум форинтын хохирол учруулсан аж. Үүнээс гадна барилгын компаниудаас их хэмжээний авлига, хувь авсан хэргүүдийг шалгаж байна.

Уг хэрэгт Төрийн өмчийн удирдлагын газрын дарга асан Норберт Сивек болон Виктор Орбаны хүргэний бизнесийн түнш, тэрбумтан Даниэль Йеллинек нар мөн холбогджээ. Миклош Шестак өөрт нь тулгасан буруутгалыг няцааж байгаа бөгөөд хураагдсан бэлэн мөнгө хэнийх болохыг одоогоор эцэслэн тогтоогоогүй байна.

В.ОРБАНЫ ДҮҮГ БАРИВЧИЛЖ, ХУУЛЬ БУС ЦАГААЧЛАЛД БУРУУТГАВ

Мөнгө илрүүлэхээс хэдхэн хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 11-нд шүүхээс Ерөнхий сайд асаны бага дүү Арон Орбан болон түүний хамтран амьдрагчийг баривчлах шийдвэр гаргажээ. Тэднийг 2024 онд Вьетнамын 100 гаруй иргэнд шан харамж авч, Баруун Европ руу гаргах зорилгоор Унгарын виз хууль бусаар гаргуулж өгсөн буюу хууль бус цагаачлал зохион байгуулсан хэрэгт сэжиглэн шалгаж байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол тэдэнд 10 хүртэлх жилийн хорих ял оноох хуулийн заалттай. Харин Виктор Орбан дүүгээ мөрдөн шалгаж буйг “улс төрийн өш хонзон” хэмээн нэрлэжээ.

“ЦЭВЭРЛЭГЭЭ” (TISZTÍTÓTŰZ HADMŰVELET) АЖИЛЛАГАА БА УЛС ТӨРИЙН УНАЛТ

2026 оны дөрөвдүгээр сард болсон сонгуульд ялалт байгуулсан шинэ Ерөнхий сайд Петер Мадьяр “Цэвэрлэгээ” (Tisztítótűz hadművelet) нэртэй авлигын эсрэг өргөн хүрээтэй кампанит ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд Унгарын Төв банкны ерөнхийлөгч асан Дьёрдь Матолчи мөн баривчлагдаад байгаа юм.

Эдгээр эрүүгийн хэргүүдтэй зэрэгцэн В.Орбаны улс төрийн байр суурь эрс суларч байна. “Median” судалгааны төвийн санал асуулгаар есдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд түүний “Фидес” намын рейтинг 22 хувиас 16 хувь болж унасан бол эрх баригч “Тиса” намын дэмжлэг 55 хувьд хүрчээ. Ерөнхий сайд Петер Мадьяр арваннэгдүгээр сарын 16-нд хуучин эрх баригч эвслийн гишүүдийг УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзахыг уриалж, илрүүлсэн сая сая доллар бол “мөсөн уулын зөвхөн орой нь” хэмээн мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08