БНХАУ-ын дарга Ши Жиньпин Лхагва гарагт Хятадын өмнөд бүсийн Шэньжэнь хотноо эхэлсэн Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) Гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний уулзалтын нээлтэд үг хэлэхдээ чөлөөт, нээлттэй худалдааг дэмжиж, протекционизмын эсрэг зогсохыг уриаллаа.
Вашингтоны зүгээс Nvidia зэрэг компанийн хиймэл оюун ухааны (AI) дэвшилтэт чипний Хятад руу гаргах экспортод нэмэлт хязгаарлалт тогтоосны дараахан БНХАУ-ын дарга ийнхүү мэдэгдэл хийж байгаа нь анхаарал татаж байна. Энэхүү хориг нь Бээжин, Вашингтоны худалдааны эмзэг тэнцвэрийг улам хүндрүүлж болзошгүй бөгөөд Хятадын тал хариу арга хэмжээ авахаа хэдийнээ мэдэгдээд байгаа юм.
Ши Жиньпин бизнесийн удирдагчдад хандан “Бид Дэлхийн худалдааны байгууллагыг төвөө болгосон дүрэмд суурилсан олон талт худалдааны тогтолцоог тууштай хамгаалж, чөлөөт, нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжин, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, хэвийн үйл ажиллагааг хангах ёстой” хэмээн онцоллоо. Тэрээр мөн дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улс гаалийн тарифаа бууруулж, зах зээлээ улам бүр нээлттэй болгохын зэрэгцээ бусад улс оронд үр өгөөжөө өгөх шинэ технологиудыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ гэдгийг тэмдэглэжээ.
Шэньжэнь дэх гурван их гүрний уулзалт
АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Пүрэв гарагт АНУ, Хятад, Оросын төрийн тэргүүн нарын чухал уулзалт болох гэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн шөнө Шэньжэньд газардсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Манила дахь уулзалтаа өндөрлүүлээд Лхагва гарагт мөн хүрэлцэн ирэх хуваарьтай байна.
Пүрэв гарагт Д.Трамп, Ши Жиньпин нар эхлээд ажлын үдийн зоог барьж, дараа нь В.Путинтэй нэгдэн гурван талт уулзалт хийнэ. Уулзалтаар Иран болон Украины дайн, худалдаа, хиймэл оюун ухаан, цөмийн зэвсгийн асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Хэдийгээр зарим ажиглагчид энэ уулзалтыг дэлхийн нөлөөллийн хүрээг хуваасан 1945 оны Ялтын бага хуралтай зүйрлэж, жижиг улс орнууд өөрсдийнх нь ашиг сонирхлыг үл тоомсорлосон тохиролцоо гарах вий хэмээн болгоомжилж байгаа ч Кремль үүнийг “улс төр судлаачдын тоглоом” хэмээн няцааж, харин Бээжин дэлхийн энх тайвныг дэмжих “түүхэн ач холбогдолтой” уулзалт болно хэмээн тодорхойлжээ.
ТАТАР МАЙДАР





Нийгэм



