Фото зургийг | © Hector RETAMAL / AFP
Олон улсын Франс Пресс (AFP) агентлагийн мэдээлснээр, Украины зүгээс ОХУ-ын газрын тосны байгууламжуудад цохилт өгсөний улмаас нийлүүлэлт тасалдаж, Монгол Улсад шатахууны ноцтой хомсдол үүсээд байна. Үүний улмаас иргэд шатахуун авахаар олон цагаар урт дараалалд зогсоход хүрчээ.
Монгол Улс нь шатахууныхаа 95 гаруй хувийг хойд хөрш ОХУ-аас импортолдог бөгөөд сүүлийн саруудад үүссэн нийлүүлэлтийн тасалдал нь улсын хязгаарлагдмал нөөцийг шавхаж, эрчим хүчний хараат бус байдлын асуудлыг хурцаар хөндөж байна. Хомсдолын улмаас тээвэр логистикийн зардал нэмэгдэж, зуны богино хугацаанд хөдөө орон нутгийг зорих иргэдийн төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлж байгааг AFP онцоллоо.

Засгийн газрын зүгээс шатахуун худалдан авалтад өдөр тутмын лимит тогтоох, нөөцлөхийг хориглох, авто машины дугаарын хязгаарлалт хийх зэрэг зохицуулалтуудыг авч хэрэгжүүлж байна. Гэвч энэхүү нормчлол нь иргэдийг туйлдуулж, бухимдал үүсгэж байгаагаас гадна хөдөө орон нутаг, тэр дундаа мал аж ахуй болон аялал жуулчлалын салбарт хүнд хүндрэл учруулж байна.

AFP агентлагт ярилцлага өгсөн тэтгэвэртээ гарсан цагдаагийн ажилтан Насанжаргал “Шатахууны дараалалд зогсох нь маш их гацаа үүсгэж, ерөнхийдөө туйлын хүнд нөхцөл байдлыг бий болгож байна” гэжээ.
Малчид, аялал жуулчлалын салбар хүнд цохилтод орлоо
Дундговь аймгийн Засаг дарга Самданнямын Мөнхчулуун AFP-д өгсөн тодруулгадаа орон нутгийн захиргааны “нэн тэргүүний зорилт” бол малчид болон жуулчдын хэрэгцээг хангах явдал гэдгийг дурдсан байна. Тэрээр “Говийн нөхцөлд малчид худгаас усаа гараар татдаггүй, голдуу мотор, помп ашигладаг. Тэдгээр моторыг ажиллуулахад бензин зайлшгүй шаардлагатай” хэмээн өнгөрсөн сард Монгол Улсад зохион байгуулагдсан цөлжилтийн эсрэг олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.
Монгол Улсын уудам газар нутаг, 3.6 сая харьцангуй цөөн хүн ам нь шаардлагатай дэд бүтцийг барихад төрийн нөөцийг хязгаарлаж байна гэж эрчим хүчний аюулгүй байдлын бие даасан шинжээч Алтаншагайн Тэлмэн AFP-д тайлбарлав.
Импортыг төрөлжүүлэх оролдлого ба үнийн өсөлт
- Гадаад хараат байдал хэвээр байна: Геополитикийн өөрчлөлттэй холбоотойгоор Монгол Улс Казахстантай хэлэлцээ хийж, сүүлийн үед Өмнөд Солонгос, БНХАУ-аас шатахуун импортолж эхэлснийг шинжээч тэмдэглэв. Гэвч импортыг төрөлжүүлэх нь улс төрийн зайлшгүй шаардлага мөн боловч энэ нь гадаад нийлүүлэгчдээс хараат байх эрчим хүчний суурь асуудлыг шийдэж чадахгүй байгааг тэрээр анхаарууллаа.
- Анхны тос боловсруулах үйлдвэр: Монгол Улс эрчим хүчний бие даасан байдлаа хангахын тулд дотоодын анхны газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж байгаа бөгөөд уг үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар зорьж байна. Энэ оны гуравдугаар сараас үүрэгт ажилдаа орсон Ерөнхий сайд Ням-Осорын Учрал газрын тосны салбарыг бүрэн хяналтад авч, хямралыг удирдахаа мэдэгдсэн билээ.
- Түлшний үнийн огцом өсөлт: Тээвэр логистикийн салбар дийзэл хөдөлгүүртэй ачааны машинаас шууд хамааралтай байгаа нь тээвэрлэгчдийг хүнд цохилтод оруулж байна. Ачааны машины жолооч Мянганбаярын Энхбаяр “Ердөө өнгөрсөн 15 хоногийн дотор дийзэл түлшний үнэ огцом өслөө. Өмнө нь литр нь 4,000-4,200 төгрөг (литр тутамд $1.11-$1.17) байсан бол одоо 4,600 давж, 4,700 төгрөг рүү дөхөж байна” гэсэн байна.
Шатахууны олдоц болон үнийн хэлбэлзэл нь жирийн жолооч нарт маш том дарамт болж байгаа тул иргэд сайн дураараа онлайн платформ үүсгэж, шатахууны үлдэгдэл, үнэ, хүлээгдлийн хугацааг цаг тухайд нь мэдээлж байна. Гэвч олон станцууд үүдээ бүрмөсөн барьж, зөвхөн онцгой байдлын болон шуурхай албаны машинуудад үйлчилж эхэлжээ.
ТАТАР МАЙДАР





Эдийн засаг





