Халхын голын тулалдааны түүхэн ой санамжийг хадгалах, амь үрэгдсэн баатруудын нэрийг мөнхлөх зорилготой олон улсын эрэл хайгуулын багийн хээрийн судалгааны ажил амжилттай үргэлжилж байна. Эрэл хайгуулын эхний өдрүүдэд хэд хэдэн чухал олдворууд олдсон мэдэгдэхүйц үр дүнтэй байна.
Ажлын эхний шатанд эрлийн багийнхан нэг хэсгээс хоёр дайчны шарилыг илрүүлэн малтан гаргасан бол, өөр нэг бүсээс дахин дөрвөн дайчны шарил шинээр илрүүлжээ. Одоогоор хоёр дайчны шарилыг бүрэн гаргаж аваад байгаа бөгөөд эрлийн ажил тасралтгүй үргэлжилж байна. Түүнчлэн, өмнөх эрлийн багуудын илрүүлсэн есөн дайчны шарилыг татан гаргах ажлыг гүйцэтгэсэн аж.
Эрэл хайгуулын багийнхан тулалдаанд оролцсон дайчдын шарилаас гадна зэр зэвсэг, сум хэрэгсэл болон дайны үеийн бусад түүхэн эд зүйлсийг олж илрүүлж байна. Сонирхол татсан олдворуудын нэг нь тухайн үед тулалдаанд ашиглагдаж байсан танкийн гинжний хэсгүүд байв. Эдгээр нь чухам ямар загварын байлдааны машинд хамаарахыг мэргэжилтнүүд нарийвчлан тогтоох бөгөөд урьдчилсан таамгаар уг гинж нь Японы танкийнх байж болзошгүй хэмээн үзэж байна.
Олдвор бүр нь түүхэн ой санамжийг хадгалан хамгаалах, Халхын голын тулалдаанд оролцсон дайчдын мартагдсан нэрийг түүхэнд эргэн мөнхлөхөд чиглэсэн бас нэгэн чухал алхам юм.
Уг хээрийн судалгааг «Орос, Монгол: Мөр зэрэгцэн 105 жил» төслийн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн грантын сангаас олгосон дэмжлэгтэйгээр «Цаг үе, үе удмын холбоо» сан хэрэгжүүлж байгаа бөгөөд Оросын эрэл хайгуулын хөдөлгөөн дэмжин ажиллаж байна.
ТАТАР МАЙДАР





Нийгэм





