Сүүлийн үед Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд, ялангуяа барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт Бангладеш улсаас ажиллах хүч олноор ирэх болсон. Тус улсын засгийн газраас гадаад улс орнууд руу ажиллах хүч илгээх бодлогоо идэвхжүүлж, өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн албан ёсоор Монгол руу ажилчид илгээж эхэлсэн нь үүнтэй холбоотой.
Тэгвэл бангладеш ажилчид эх орондоо хэр хэмжээний цалин авдаг нь анхаарал татаж байна. Олон долоо хоног үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын дараа Бангладешийн эрх баригчид оёдлын үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
Эсэргүүцлийн жагсаалын үеэр оёдлын салбарын ихэнх хэсэгт үйлдвэрлэл тасалдаж, цалингаа нэмүүлэхийг шаардсан олон мянган ажилчдыг цагдаа нар хүч хэрэглэн тарааж байв. Ажилчид болон ажил олгогчдын төлөөлөл 12 цаг орчим хэлэлцээр хийсний эцэст засгийн газраас томилсон цалин хөлсний зөвлөл шинэ жишгийг баталсан байна. Ингэснээр тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 12,500 такагаас 17,000 така (монгол мөнгөөр ойролцоогоор 492,000 төгрөг) болж өслөө.
Оёдлын үйлдвэрийн ажилчид инфляцын өсөлтийг харгалзан сарын доод цалинг одоогийн авч байгаа хэмжээнээс хоёр дахин илүү буюу 30,000 така (ойролцоогоор 870,000 төгрөг)-д хүргэхийг шаардаж байсан юм. Оёдлын салбар нь Бангладешийн нийт экспортын 80 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд дөрвөн сая орчим хүнийг ажлын байраар хангадаг. Эдгээрийн дийлэнх нь хөдөө орон нутгаас ирсэн эмэгтэйчүүд байдаг аж.
Харин манай улсад ирж ажиллаж буй бангладеш ажилчдын хувьд эх орондоо авдаг цалингаас хэд дахин өндөр цалин хөлс авч байна. Дотоодын ажил олгогчдын мэдээлснээр, манай улсад ажиллаж буй бангладеш туслах ажилчид сард дунджаар 450 ам.доллар буюу 1.5-1.6 сая төгрөг, харин мэргэжилтнүүд 500-700 ам.доллар буюу 1.7-2.4 сая төгрөгийн цалин авч байгаа нь тэднийг Монгол руу олноор ирж ажиллах гол хөшүүрэг болж байна.
ТАТАР МАЙДАР







Эдийн засаг


