Олон улсын агаарын чанарын хяналтын “IQAir” байгууллагын цаг тутам шинэчлэгддэг дэлхийн томоохон хотуудын жагсаалтаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна.
Яг одоогийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын индекс (AQI) 217-д хүрчээ. Энэхүү үзүүлэлт нь олон улсын стандартаар “Маш их бохирдолтой” (201–300 AQI) буюу нийт хүн амын эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх аюултай ангилалд багтаж байгаа юм.
Дэлхийн 120 гаруй томоохон хотыг хамарсан тус жагсаалтыг Энэтхэгийн Колката хот 223 индексээр тэргүүлж байгаа бол Улаанбаатарын дараа Энэтхэгийн Шинэ Дели (202), Бангладешийн Дака (186), Пакистаны Лахор (185) хотууд тус тус эхний тавд оржээ.
Мөн Төв Азийн бусад нийслэлүүд болох Киргизийн Бишкек (173 AQI) зургаадугаарт, Узбекистаны Ташкент (157 AQI) долдугаарт эрэмбэлэгдэж байгаа бол Кувейт (155), Бээжин (153), Кабул (152) хотууд эхний аравт бичигдсэн байна.
Агаарын бохирдол ийнхүү “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн үед иргэд, ялангуяа хүүхэд, өндөр настан, амьсгалын замын болон зүрх судасны архаг хууч өвчтэй хүмүүс гадаа удаан хугацаагаар явахаас зайлсхийж, зориулалтын шүүлтүүртэй амны хаалт зүүхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
ТАТАР МАЙДАР







Нийгэм


