Архангай аймгийн нутагт орших түүх, соёлын үнэт өвийг цувралаар танилцуулж буй энэ удаагийн дугаартаа бид Монголын түүхийн ховор, чухал дурсгалын нэг болох Тайхар чулууг онцолж байна.
Тайхар чулуу нь Архангай аймгийн Ихтамир сумын нутаг, Цэцэрлэг хотоос зүүн хойш 22 км зайд, Хойд Тамир голын эрэг дээр орших 18 метр өндөр боржин цохио юм. Уулзаж, мөргөж, сүсэглэн очдог энэ хад Монголчуудын олон мянганы түүхийг хадгалсан амьд гэрч хэмээн зүй ёсоор тооцогддог.
Энэхүү чулуу нь чулуун зэвсгийн үеэс буюу МЭӨ 6000–3000 оны хооронд үүссэн сийлбэр, дүрслэлүүдээс эхлэн Түрэг, Уйгар, Монгол бичиг, тод үсэг, Манж, Төвөд, Хятад, Согд, Кидан зэрэг 150 гаруй төрлийн бичээс хадгалагдаж үлдсэн дэлхийн хосгүй дурсгалын нэг юм. Эдгээр бичээсүүд дотроос хамгийн олон нь Монгол бичгээр бичигдсэн бөгөөд 70 гаруй тоотойгоороо онцлог.
Тайхар чулуун дээрхи Түрэг бичээс нь хар, улаан зосоор бичигдсэн бөгөөд эртний Түрэг үсгийн бичмэл хэлбэрийг хадгалсан байдгаараа судлаачдын сонирхлыг татдаг. Бичээсүүдэд ерөөл, магтаал, шүлэг, бэлгэдлийн утга бүхий агуулга давамгайлахын сацуу Куличур, Хуухай Даюу, Цогт Хунтайж зэрэг түүхэн хүмүүсийн нэрс мөнхрөн үлдсэн байдаг.
Судлаачдын тэмдэглэснээр, 17-р зууны үед нэгэн хүн “Тэнгэрийн заяагаар ургасан Тайгүрү дор очиж мөргөе” хэмээн сийлжээ. Энд “Тайгүрү” гэдэг нь нангиад хэлний “Тай” буюу “их”, энэтхэг гаралтай “гүрү” буюу “багш” гэсэн үгсийн нийлбэр бөгөөд “сахиусан багш” гэх утгатай аж. Энэ бичээсийг үндэслэн “Тайхар” нь анх “Тайгүрү” нэртэй байсан байж болзошгүй хэмээн үздэг байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор Тайхар чулууг “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д албан ёсоор бүртгэн авчээ. Энэ нь түүхэн дурсгалт газруудын үнэ цэнийг хадгалах, хойч үедээ өвлүүлэх үйлсэд чухал алхам болсон юм.
Эртний судар бичиг мэт Тайхар чулуу өнөөдөр ч бидний соёл, түүхийн салшгүй хэсэг болон оршсоор байна.