Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 20 настай хүү Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөрийн “тансаглал” олны анхаарлыг татлаа. Тэрээр өөрийн Mira гэх инстаграм хаяг дээрээ өөрийн авсан бэлэг сэлтээ оруулаад “тансаглаж байна даа, жаргаж байна даа, эрхэлж байна даа” хэмээн “флэксддэг”.
Татвар төлөгчид асуух эрхтэй. Тэр бол төрийн албан хаагчдын орлого, бизнесийн орчны ил тод байдалд хяналт тавьж байх үүрэгтэй Ерөнхий сайдын гэр бүлийн гишүүн. ЕС-ын 20 настай хүүгийн найз охин дэлхийн баячуудын зиндаанд амьдарч байгаа нь, тэрийгээ бүр гайхуулж байгаа нь хэр шударга вэ? 20 саяын үнэтэй сүйн бөгж, хоёр удаагийн гүйлгээгээр тус бүр 10 сая төгрөг авч тансаг брэндийн цүнх болгосон гэх. 294 мянган ам.доллараар үнэлэгдэх цөөн тоогоор үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн Мерседес бенз. Энэ бол дэлхийн хэмжээний баячуудын л хүртэх тансаглал.
Түүний аав Чинбаатарын Өгөөдэйбаатар хэвлэлд ярилцлага өгөх дөө “Монголын аав бүр охин үрээ хайрлаж, халамжилж, эрхлүүлдэг. Би ч мөн ялгаагүй. Охин минь төрсөн өдрөөрөө хоёр төрлийн цүнх авмаар байна гэсэн. Эхлээд 10 сая төгрөг шилжүүлсэн. “Хүрэхгүй байна” гэхээр нь дахиад 10 сая илгээсэн. Зүгээр л ийм л зүйл болсон. Харин автомашины тухайд, шинэ жилийн өмнө хүүхдэдээ нэг машин авч өгсөн. Тэрийгээ охин маань дараа нь зарж, солиод RX450h-BAS загварын машин авсан байсан” хэмээсэн. Тэгвэл Ч.Өгөөдэйбаатар ийм хэмжээний хөрөнгөөр охиноо нэг удаа баярлуулах хэмжээний хөрөнгөтэй хүн мөн үү? Гэх асуулт байна.
Түүний аав ярилцлага өгөх дөө өөрийн нэрийг Ц.Өгөөдэй гэж танилцуулсан ч жинхэнэ нэр нь Чинбаатарын Өгөөдэйбаатар болох нь нотлогдсон. Монгол Улсын Статистикийн мэдээллийн санд Өгөөдэйбаатар нэртэй ганцхан хүн бий. Түүний фейсбүүк хаяг Uguudeibaatar Chinbaatar бөгөөд ЕС болон Ж.Баярмаа гишүүний хоорондын асуудал дээр Л.Оюун-Эрдэнийг өмөөрч сэтгэгдэл үлдээсэн байдаг.
Үйл ажиллагаа нь зогссон компанитай Ч.Өгөөдэйбаатар охиноо 100 саяар “тансаглуулсан” уу?
Ч.Өгөөдэйбаатарын ярилцлагаас харвал тэрээр 1997 онд ОХУ-ын Свердловск хотын Уул уурхайн их сургуулийг механик зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгссөн цагаасаа хойш хувиараа бизнес эрхэлж ирсэн гэх энэ эрхэм өнөөдрийг хүртэл 27 жил бизнес хийсэн хэмээн өөрийгөө тодорхойлсон. Тэр хугацаанд АНУ-ын “Cybertech LLC” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч болсон гэж мэдээлдэг ч уг компанийн үйл ажиллагаа, олон нийтэд танигдсан байдал, бодит борлуулалтын талаарх мэдээлэл тун бүрхэг. Мөн АНУ-ын Виржиниа мужид “Hunnu Road” нэртэй компани үүсгэн байгуулсан ч тухайн компани нь үйл ажиллагаа зогссон байдлаар бүртгэлтэй байна. Үнэхээр ашиг орлого олж байсан болов уу?
Монгол дахь “Ай Эс Өү Өү” гэх компани нь ч мөн ямар ч тендер авч байгаагүй, ашиг орлогын талаар ил тод мэдээлэлгүй. Хуулийн этгээдийн лавлагаанаас харахад, "Ай Эс Өү Өү" ХХК нь 2007 онд байгуулагдсан. Худалдааны зуучлал чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. "Hunnu Road" компани нь 2023 оны 11 дүгээр сарын 6-нд үүсгэн байгуулагдсан. Гэхдээ 2024 оны 11 дүгээр сарын 30-ны дотор бүртгэлийн хураамжаа төлөх ёстой байсан ч бүртгэлийн хураамжаа төлөөгүй учраас 2025 оны хоёрдугаар сард статус нь идэвхгүй болж, автоматаар бүртгэл нь цуцлагджээ.
Ч.Өгөөдэйбаатар О.Тэмүүлэнтэй сарын өмнө танилцсан гэх... гэсэн ч өөр баримт байна
Ч.Өгөөдэйбаатар охиндоо тэрбумаар үнэлэгдэх машин авч өгдөг атлаа фейсбүүктээ “Хямд үнэтэй манаачийн байр худалдаж авна. АНУ руу явах хүн 15 ам.доллараар ачаа авч явна” гэх мэт зар оруулдаг. Тэрээр охиныхоо хэдэн зуун саяын үнэтэй тансаглалыг даахаар хэмжээнд үү? Худын талтайгаа нийлж, хамтдаа бэлэг авсан гэж болох ч, тэрбээр Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнтэй охиноо сүй тавьсныг ч мэдээгүй гэж ярилцлагадаа дурдсан. Түүнчлэн О.Тэмүүлэнтэй танилцаад сар ч болоогүй гэх. Тэгвэл танилцаад сар болоогүй хүргэн нь өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд Үндэсний дээд лигийн тоглолт үзэнгээ 3 саяын үнэтэй M Bank Arena-гийн Улаан өрөөнд хамтдаа зургаа даруулсан байх юм. Тэр үеэрээ хадам аав Ч.Өгөөдэйбаатарын спортын мастер цолыг угааж, баярын ширээ зассан харагдана.
Аав, охин хоёр хамтарсан төрийн бус байгууллагатай
Ч.Өгөөдэйбаатарын нэр дээр “Өвөр гүнт хөгжил” нэртэй өөр нэг төрийн бус байгууллага (НҮТББ) бүртгэлтэй байна. Байгаль хамгаалал, мод үржүүлэг, сургалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлтэй уг байгууллагыг 2021 онд байгуулсан. Удирдах зөвлөлийн даргаар Ерөнхий сайдын хүүгийн найз охин Ө.Өгөөмөр, гүйцэтгэх захирлаар аав нь Ч.Өгөөдэйбаатар ажилладаг.
Ерөнхий сайд аа, орлогоо нотол
Ямартай ч 100 саяын үнэтэй төрсөн өдрийн бэлэг, тэрбумын үнэтэй машин. Энэ бүхэн нь сошиалд нийтэд хүрсэн боловч түүний ард байгаа орлого, бизнес нь ил тод бус. Ард иргэд өдөр тутмын амьдралдаа хэмнэлт хийж байхад ийм тансаг хэрэглээний мөнгө яг хаанаас гараад ирэв?
Ч.Өгөөмөрийн ээж Н.Ариунаа эсвэл тийм боломжтой төрийн албан хаагч уу? Ч.Өгөөдэйбаатар “манай эхнэр өөрийнхөө цалингаар автомашин энэ тэр авч өгөх боломж байхгүй” хэмээн ярьсан. Энэ нь ч түүний АТГ-ын ХАСХОМ дахь хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээс харагдаж буй. Тэрээр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажлаасаа 2025 оны гуравдугаар сард чөлөөлөгдсөн. Түүний ажлаас чөлөөлөгдсөн маргаан шүүх дээр эцэслэн шийдэгдээгүй байна.
Ерөнхий сайдын бэр Ө.Өгөөмөрийн аав нь үйл ажиллагаа нь зогссон компанийн захирал, хуучин барааны ченж, ээж нь ажлаасаа чөлөөлөгдөөд удаагүй байгаа нь баримттайгаар нотлогдов.