Dark Light
Нийгэм | 2026-10-03

“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮДИЙН НАМРЫН НЭЭЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
“ТЭРБУМ МОД” ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮДИЙН НАМРЫН НЭЭЛТ БОЛЛОО
 
“Тэрбум мод” тарих үндэсний өдрүүдийн намрын нээлт өнөөдөр Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд боллоо.
 
Арга хэмжээнд 1,072 хүн оролцож, 3,000 гаруй мод тарилаа.
 
Мод тарих арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нээж хэлсэн үгэндээ, цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулахад ойжуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтойг онцоллоо. 
 
Тэрбээр “Өрх бүр хашаандаа 5 мод тарья” уриалгыг дэмжиж, иргэн бүрийг мод тарих, ургуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриалсан юм.
 
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж, ард иргэдийн идэвх, зүтгэл, оролцооны үр дүнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зорилгодоо хүрэхэд ойртож байгааг онцлов.
 
Энэ үеэр ойн мэргэжилтнүүд иргэдэд модыг зөв сонгох, тарих, услах, арчлах, хамгаалах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, заавар, мэдээлэл өгч, тарьсан модоо цаашид зөв арчилж, хамгаалах нь ургалтыг дэмждэг болохыг танилцууллаа.
 
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн мод тарихаас гадна тарьсан модоо ургуулж, арчилж, хамгаалан урт хугацаанд тогтвортой ногоон байгууламж бий болгох зорилготой юм.
 
Ийнхүү намрын мод тарих өдрүүдийн хүрээнд нийслэл, орон нутагт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулсан мод тарих, ойжуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлууд үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19