Ажилдаа сайн чадварлаг бүсгүйчүүд олон. Байгууллага нь ч тэднийг ажиллуулах сонирхолтой. Нас залуу дээрээ хүүхэд гаргах, бүр ойрхон хэдэн хүүхэдтэй болчихмоор байдаг. Яг дадлага туршлагатай болоод карьер хөөх нас хүрээд ирнэ. Гэтэл үр хүүхэдтэй болох нас нь давхцаад ирдэг. Ер нь хаа газар эмэгтэй хүнд ажил хэрэгч байх нөхцөл боломж тааруу.
Нөгөө талаасаа “Агаар, орчны бохирдол, хүүхдэд ээлгүй орчин, хоол хүнсний аюулгүй байдал баталгаагүй энэ үед хүүхэдтэй болоод ч юугаа хийх үү” гэж бодох нь олонтой. Дийлэнхдээ хотын ажил хэрэгч бүсгүйчүүд ингэж бодно. Үүнийгээ дагаад хүнтэй суух нь ховор. Манай улсын хүн амын төрөлт огцом буурч байгаа. 24 онд гэхэд л 6-7 мянгаар 23 оноосоо буурсан харагдсан.
Уг нь Монголын үрс олон байх, хүн амаа нэмэгдүүлэх бодлогыг бид баримталдаг. Төрөлт буураад ирэхээр улс орнууд эдийн засаг, нөхөн үржихүй хүндэрдэг. Насжилт уртсаж байна. Шулуухан хэлэхэд ахмадууд, тэтгэврийнхний хүн амд эзлэх хувь нэмэгдэх нь сайны дохио биш. Дэлхий дахины жишээнүүд баталж байна.
Залуус хүүхэдтэй болно гэхээс халширч байна
Хүүхэд гарга гэдэг ч, хүүхдээ өсгөх систем нь хаана байна. Хүн амаа өсгөе гэдэг ердөө уриа төдий яваад байна. Өнөөдөр залуусын дийлэнх нь хүүхэдтэй болох бодлоос халширч байна. Хүүхдээ тэжээнэ, өсгөнө, хөгжүүлнэ гэдэг эцэг эхийн үүрэг. Энэ үүрэг нь ажил амьдралаа золиослохын нэр болчхоод байна. Тэгэхээр хүүхэдтэй эцэг эхчүүдэд ээлтэй орчныг хэрхэн бүрдүүлэх ёстой вэ.
Зүгээр энгийн жишээ ярилцъя. Хоёр хүүхэдтэй энгийн нэгэн гэр бүл. Өглөөний 7 цагт нэгийг нь сургууль, нөгөөг нь 9 цагт цэцэрлэгт өгнө. Ажил 8-9 цагийн үед эхэлдэг. Машин, автобус алинаар ч явсан ажил даа хоцорно. Ид түгжрэлийн цаг. Орой 5 цагт хүүхдүүд тарна. Эцэг эхийн ажил наанадаж 6, 7 гэж бууна. Эцэг эхийн нэг нь зайлшгүй ажлаа цалгардуулах хэрэгтэй болчхож байгаа юм. Хүүхдээ хэдээс авах уу, яах уу, ийх үү гэх бодол толгойд нь эргэлдэж байгаа хүмүүс яаж өсөж дэвших вэ.
Монголд угаас нэг хүний цалингаар айл гэр өндийнө гэдэг үлгэрт гардаг болсон. Өнөөгийн үнийн хөөргөдлөөс харахад өрхийн орлого 5-10 сая төгрөг байж гэмээнэ хүн шиг амьдарна. Нээх сүрхий зуслангийн байшин, гадаад дотоодын аялал, хадгаламжтай болохгүй ч хоёр идэхгүй хоосон хонохгүй өрхийн хэрэглээ нэг ийм. Тэгэхээр хөгжье, дэвшье, айл шиг айл болъё гэвэл хоёулаа л ажил хийхээс өөр сонголтгүй. 5-10 саяын цалин өнөө үед үнэхээр ховор шүү дээ.
Жолооны курс шиг бараг эцэг эх болгох курс нээчихмээр...
Ингээд хүүхэд харахаар хөдөөнөөс өвөө, эмээ нар нь ирнэ. Зарим нь бүр хоёр, гурван ч айлын хүүхэд зөөж байх шиг. Ерөөсөө гавьяаны амралтдаа гараад амарч байх ёстой хүмүүс, уг нь. Үр хүүхдээ бодохоос яах уу. Та сургууль, цэцэрлэгийн үүдийг нэг тандаад хараад үзээрэй. Хэдэн тэтгэврийн хөгшид буу халчихсан сууж байна. За энэ бол Монголын дундаж давхаргын айлын жирийн бодит амьдрал. Мэдээж хүүхдийг нь зөөгөөд, тойглоод өгөх аав ээжгүй өрх бий. Хэн нэг нь гэртээ сууж таарна. Ер нь сонголтгүй ээжүүддээ. Энэ бол аргагүй байдал.
Монголын үрс олон байх нь чухал ч тэд бол ирээдүй. Тэгэхээр чанартай хүүхдүүд өсгөж хүмүүжүүлэх ёстой. Бүр болохгүй бол ядах нь ээ хүний сайн үрсийг өсгөх ёстой. Өнөө үеийн нийгмийн хэрэгцээ шаардлага нь хүүхдээ бор хоолонд оруулаад л ажил даа явах. Хүүхэд хөлд ороод, ганц хоёр авиа хэлдэг болоод ирэхлээрээ цэцэрлэгт явна. Нэгэнт эцэг, эх нь хүүхдэдээ цаг зав гаргах боломжгүй. Хүүхдийн хүмүүжлийн асуудал СӨБ дээр ирдэг. Яг эндээс алдаа эхэлдэг.
Ер нь манайхан үр хүүхэдтэйгээ ойр мэт үндэстэн. Мэт гэсэн нь зүгээр тийм дүр эсгэдэг гэх утгаар. Аавуудаас асууя. Хүүхдэдээ хэр цаг гаргадаг вэ. Морь унах, усанд сэлэхээс өгсүүлээд анхан шатны зүйлийг нь зааж өгч чаддаг уу. Мэргэжил хоббиг нь хөгжүүлэхэд цаг гаргаж, хамтдаа хичээж үзсэн үү. Ихэнх нь үзээгүй. Маргашгүй үнэн. Хүүхдээ сонсож, хүндлэх, бие хүн гэдгээр нь харьцах энэ соёл Монголд байхгүй. Ерөөсөө босоо шугам. Аав, ээжийн хий гэснийг хий. Нөгөө талаасаа эцэг эхчүүдийн өөрсдийн мэдлэг, чадвар дутаж байна. Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ гэдэг чинь ерөөсөө мэргэжил. Жолооны курс шиг бараг эцэг эх болгох курс нээчихмээр. Бяцхан үрсийн боловсрол амар биш ээ. Гэхдээ хүн байтугай амьтан болгонд тохиолддог асуудал. Ан ав хийх, нисэж сургах гээд бараг амьтад биднээс илүү дээр эцэг эх болчхож. Дан ганц цэцэрлэгийн багшид хүүхдээ даатгаад суух даа та юу боддог вэ. Энийг эцэг эх бүрээс асуумаар санагддаг юм.
Хүүхэдтэй болоход ээлтэй орчныг бүрдүүлье.. эндээс л эхэлнэ шүү дээ
Асуудлыг харах нь ээ, хүүхэд асардаг газар нь ажил, гэрээс зайтай болчихоор их дэмий. Тайлбар шаардлагагүй байх. Тэгэхээр Улсын болоод хувийн томоохон байгууллагууд хажуудаа цэцэрлэгтэй, өдөр өнжүүлэхтэй болчихвол. Ийм байгууллагуудад төрөөс татаас, урамшуулал, дэмжлэг өгдөг байх зохицуулалтыг нь л хийгээд өгчихөд болчих асуудал. Эцэг эхчүүд ажлынхаа завсар зайгаар хүүхдүүдтэйгээ уулзчихна. Тэр сурган хүмүүжүүлэх ажлаа давхар хийчихнэ. Мөн амар даа.
Миний бас нэг ойлгохгүй асуудал байна. Сургууль, цэцэрлэгийг өвөл нь амраагаад зун нь хичээллүүлж яагаад болдоггүй вэ. Өвөл гурван сар, зун нэг сар амрахад яг болохоор. Яг ханиад томууны үеэр бараг цэцэрлэг сургууль даа явахгүй шахуу. Эмчийн актын араас хөглөрч байна. Хүүхдүүдийн уушги хэцүүдлээ. Тэгээд хүсээд байдаг зугаалга эдрээ зун хүүхдийнхээ сарын амралтад багтаагаад хийчхэж болж байна. Наадмын дараахан сар амраад ороод ирдэг ийм зохицуулалт байвал.
За ер нь бол гол санаа нь залууст хүүхэдтэй болох, хүүхдээ мундаг сайн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг нь бадраагаад өгөөч ээ. Хүүхэд гэдэг төрүүлээд болчихдог зүйл биш ээ. Наад хүүхдийн мөнгө гэдэг чинь яг буруу жишиг рүү дагуулаад байгаа. Хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг бүхэл бүтэн амьдралын хэв маяг монголд үүсчихлээ. Ер нь ирээдүйн Монгол хүүхдүүд өндөр сайхан нуруутай, чийрэг эрүүл биетэй, өндөр боловсрол, зөв ёс суртахуунтай болох ёстой. Дэлхийд өрсөлдөх хүүхдүүд ингэж л бэлтгэгдэнэ. Тэд бол Монголын ирээдүй. Эднийгээ асарч тойглож, жаахан ч гэсэн анхаармаар байна. Бид нар яах вэ болно.