Dark Light
Нийгэм | 2022-01-28

Халамжийг багасгаж, иргэдийг бие даан амьдрахад нь дэмжинэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийгмийн халамжийн хуулийн шинэчлэлийн талаар ХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлого, төлөвлөлт, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт хариуцсан ахлах шинжээч Д.Гэрэлтуяатай ярилцлаа.

Энэ оноос халамжийн тогтолцоог шинэчилнэ гэж байгаа. Ямар байдлаар, хэрхэн шинэчилж байна вэ?

Манай улсын хувьд нийгмийн халамжийн хууль эрх зүйн орчин бүрдэж тогтвортой бүтэц, тогтолцоо бий болсон ч халамжийн үйлчилгээний нэр, төрөл олон, хамрах хүрээ их, улсын төсвийн санхүүжилт жил бүр өсч байгаа гэх зэрэг тулгамдаж байгаа асуудал их байна. Одоо нийгмийн халамжид нийт зарцуулж байгаа хөрөнгийн 30 гаруй хувь нь амьжиргаа багатай зорилтот хэсэгт очиж байна. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлгийн нэг хүнд очиж байгаа тэтгэмж, тусламжийн хэмжээ амьжиргааг нь хангах хэмжээнд хүрдэггүй.

Түүнчлэн халамжийн хөтөлбөрүүдийн 90-ээд хувь нь бэлэн мөнгөнд суурилсан. Харин хүнээ чадавхжуулж, хөдөлмөрт бэлдэхэд чиглэсэн үйлчилгээ бага. Тиймээс хуулийн шинэчлэлээр бэлэн мөнгөний хөтөлбөрийг багасгаж, халамж хүртэж буй иргэдийг чадавхжуулж, бие даан амьдралаа аваад явахад нь дэмжих үйлчилгээнүүд шаардлагатай байна.

Тиймээс энэ бүхнийг шинэчлэхийн тулд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод нийцүүлэн нийгмийн халамжийн олон хөтөлбөр, арга хэмжээг зорилтот буюу эмзэг бүлгийн өрх, иргэнд чиглүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах замаар халамж хүртэгчийг ажилтай, орлоготой болгох халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд манай яамнаас Нийгмийн халамжийн багц хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг шинэчлэн боловсруулж, Засгийн газар УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.

Хуулийн шинэчлэлээр нийгмийн халамж болон хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг ялгаж, салгаж хууль эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа. Түүнчлэн халамжийн хөтөлбөрүүдийг хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсролын нөхцөл шалгууртай болгох, давхардлыг арилгах, олон нэр төрлийг багцалж иргэнд хүрээмжтэй чирэгдэлгүй болгох, бэлэн мөнгөний үйлчилгээ давамгайлж байгааг багасаж, зорилтот өрх, иргэнийг чадавхижуулах, бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх, зан үйл хандлагыг өөрчлөх, амьжиргааг дээшлүүлэх урт хугацааны цогц үйлчилгээ бий болгохоор хуулийн төсөлд тусгаад байна.

Нийт 12 багцын 72 төрлийн халамж байдаг. Үүнээс хуулийн шинэчлэлийн хүрээнд хасагдаж буй халамж бий юу?

Ер нь бол яг тусдаа бие даасан 72 төрлийн халамж биш юм. Энэ нь хүн амын бүлгээр, нэр төрлөөр ангилахад 70 гаруй болж байгаа бөгөөд эдгээрт хүн амын өсөлтийг дэмжих хөтөлбөрүүд буюу Алдарт эхийн одонтой эхчүүдэд олгодог мөнгөн тусламж, жирэмсний тэтгэмж, 0-3 насны хүүхэд асарч байгаа эцэг, эхэд олгох тэтгэмж хөтөлбөр зэрэг амьжиргаа харгалзахгүй олгодог хөтөлбөрүүд багтаж нийгмийн халамжийн сангаас санхүүжүүжиж явдаг.

Хуулийн шинэчлэлийн хүрээнд халамжийн хөтөлбөрүүдийн нэр төрлийг нэгтгэх багцлах, оновчтой болгох, мэргэжлийн байгууллагад шилжүүлэх зэргээр ялгаж салгаж одоогийн нэр төрлийг 40 гаруй болж багасгаж байгаа.

Шинэчлэлийн хүрээнд халамжийн шалгуур болон ялангуяа хүнсний талоны шалгуурт өөрчлөлт орсон уу?

Халамжийн хөтөлбөрүүдийн шалгуур, нөхцөлд өөрчлөлт орохоор хуулийн төсөлд туссан. Харин хүнсий эрхийн бичгийн хувьд энэ оны долдугаар сард шинэчлэгдсэн журмаар тухайн өрхийн мэдээллийг холбогдох төрийн байгууллагын мэдээллийн сантай тулгалт хийж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл 200-аас дээш малтай өрх, хоёроос дээш орон сууцны байшин, хоёроос дээш бие даасан тохилог сууц, хоёроос дээш авто машинтай өрхийг хамруулах эсэхийг нягталж шалгаж, хэрэв өөрчлөлт орсон нь тогтоогдвол тус үйлчилгээнээс хасахаар зохицуулсан. Ингэснээр нийт 240 гаруй мянган хүн хүнсний талон авдаг байсан бол 50 гаруй мянган хүн хасагдсан.

Хүнсний талоныг хамаатан садандаа өгдөг гэх асуудал яригддаг. Үүн дээр хэрхэн ажиллаж байна вэ?

Хүнсний эрхийн бичиг хөтөлбөр нь нийгмийн халамжийн бусад хөтөлбөрүүдээс амьжиргааны түвшинтэй уялдуулж хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай хэсэгт үзүүлж гол хөтөлбөр. Хамрагдах өрх, иргэнийг өрхийн амьжиргааны түвшний судалгааны үр дүнд тулгуурлан тодорхойлдог учраас хамаатан садандаа өгдөг гэсэн ойлголт байхгүй юм.

Харин судалгааны аргачлалын алдаанаас шалтгаалж шаардлагагүй өрхийг хамрагдаж орж ирэх асуудал гарч байсныг  орон нутгийн халамжийн байгууллага, амьжиргаа дэмжих зөвлөл хянаж шалгаад тухай бүрд нь хөтөлбөрөөс хасч ажилладаг. 

Халамжаар амьдардаг иргэдийн тоо хэд вэ?

Нийгмийн халамжийн сангийн тайлан жил бүр гаргадаг. Халамжийн арга хэмжээнд зарцуулж байгаа нийт зардлаас нийтлэг мөнгөн тэтгэмж, тусламж авч байгаа хүний тоо, түүнд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ ихэнх хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө, цалинтай ээж, насны хишиг, одонтэй эхийн тэтгэмж зэрэг амьжиргааны түвшин харгалзахгүй нийтлэг хэлбэрээр олгож байгаа хөтөлбөрүүд нийт зардлын 60 хувийг эзэлж байна. Үлдсэн хувь нь халамжийн зорилтот хэсэгт чиглэсэн хөтөлбөрт зарцуулагдаж байна. Халамжийн чиглэлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээнд 800 мянга орчим иргэн хамрагдаж байна. Иргэд, олон нийтийн дунд халамж хавтгайрсан гэсэн яриа байдаг ч хавтгайрсан гэдэг ойлголтыг нэлээн ул суурьтай ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Ирэх онд халамжийн зардал хэд байх вэ?

2019 онд хүүхдийн мөнгө ороод дээрх багц хөтөлбөр, арга хэмжээнд нийт давхардсан тоогоор 2.4 сая иргэн хамрагдаж нийгмийн халамжийн сангаас 671 тэрбум төгрөг зарцуулсан. 2020 болон 2021 онд цар тахлын нэмэгдэл ороод нийгмийн халамжийн сангаас гарах зардал 1.4 их наяд төгрөг болж нэмэгдсэн. Үүний дийлэнх нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зардал юм. Ирэх онд хүүхдийн мөнгөний төсвийг Ирээдүй өв сангийн төсвийн тухай хуулиар зохицуулахаар УИХ-аас баталсан учир Нийгмийн халамжийн сангийн зардал буурч, 490 гаруй тэрбум төгрөг болж батлагдсан.

Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10